четверг, 14 апреля 2011 г.

нийтийн сонголтын онол

Нийтийн сонголтын онол:

1963 онд Жеймс Буханан (James Buchanan), болон Гордан Туллок (Gordan Tullock) нарын эрдэмтэд төр нийгмийн харилцаан дахь эдийн засгийн харилцааг тодорхойлхыг оролдсон. Уг онолын гол зорилго нь нийгмийн амьдралд иргэдийн хүсэл сонирхлыг илэрхийлдэг нийтийн сонголтын мөн чанарыг тодорхойлсон. Энэхүү онол нь аливаа бүлгийн гишүүд өөртөө хамгийн ашигтай болон бүлэгтээ хамгийн ашигтай зүйлийн алийг нь хийх вэ? гэдэг талаар сонголт хийх асуудлыг хөндөж үздэг. Бүлгийн гишүүд ийм сонголт хийх шаардлага тулгарахад өөрийн эрх ашгийг зайлшгүй чухалчилдаг байна. Тиймээс хүмүүс үйл ажиллагаандаа байнга хувийн эрх ашгаараа удирдлага болгодог. Эл үндэслэл бол нийтийн сонголтын онолын гол үзэл санаа юм. Уг онол “нийтийн сонголтын” гэж нэрлэгддэг боловч хүмүүсийн сонголт бол дандаа хувийнх байдаг байна.

Нийтийн сонголтын онолын сэтгэгчид улс төрд оролцогчдын үйл ажиллагааны гол сэдэв нь хувийн сонирхол байдаг гэж үздэг. Уг онолыг үндэслэгчдийн нэг Жеймс Буханан (James Buchanan) нийтийн сонголт гэдэг бол “хайр сэтгэлгүй улс төр” гэсэн байдаг нь тэдний үзэл санааны товч тодорхой илэрхийлэл юм.[1] 1965 онд уг онолын санааг улам нарийвчлан судалсан байна. Уг онолд улс төрийн амлалтаар жолоодуулан нэр дэвшигчид, зах зээлд амиа бодон ажиллаж байгаа жирийн бизнесмений хооронд ялгаа байдаггүй гэж үзсэн. Хэрэв ялгаа байдаг бол хувийн сэдлээ бусдаас нууж чадаж байгаа эсэхээр ялгагдана. Улс төрчид амин хувиа бодож улс төрд ордог бөгөөд тэд хоорондоо хуйвалдаж хуулийг өөртөө үйлчлүүлэх замаар өөрсдийн эрх мэдлийг, ашиг орлогыг яг л зах зээлийн арилжаа наймаа эрхэлдэг худалдаачид шиг нэмэгдүүлж байдаг. Иймээс нийтийн сонголтын онолчид улс төрчдийг эдийн засгийн сонирхолтой гэж үздэг. Ийм улс төрчид хэзээ ч олон нийтийн хүчийг олж харж чаддаггүй тул таны асуудлыг бид шийдэж чадна гэж хэлдэг. Ингэснээрээ тэд иргэн хүний өөрийнхөө төлөө зүтгэх эрхийг нь хариуцлагын хамт булаан авдаг гэж үзжээ.

Яг үүнтэй адил бюрократ хүн буюу төрийн албан хаагчид карераа өсгөх сонирхолтой бөгөөд энэхүү хүсэл нь хэн нэгнийг захиран тушаах хүсэл сонирхлоор илэрнэ. Дарга байхын сайхан нь мэдээллийг өмчилж, өөрийгөө чухал хүн болгон харагдуулж, эрх мэдлээ нэмэгдүүлэх хүсэл сонирхлоор илэрдэг. Мэдээллийн хаалттай байдал нь төрийн бюрократ тогтолцоог хямруулж эхэлдэг. Үүний хариуд дарга нар хяналтаа чангалж, хяналт хэдхэн эрх мэдэлтний гарт төвлөрөх нь гажуудлын үрийг тарьдаг байна. Хэдийгээр захиргааны албан хаагчид нийтийн эрх ашгийн төлөө төрийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх ёстой, хэрэгжүүлж байгаа гэж үздэг боловч хэрэг дээрээ тэд өөрийн сонирхолтой, ашиг хонжоо эрэгчид бөгөөд цалин, ажлын нөхцөл байдал, эрх мэдэл, нэр хүнд, халамж, тэтгэмж албан тушаал ахих гэх мэт зүйлийг зорилгоо болгодог ажээ.

Ийнхүү нийтийн сонголтын онол нь төрийн захиргаанд ажиллагчдын үйл ажиллагааны гол сэдэл нь хувийн сонирхол байдаг гэдгийг үндэслэдэг байна. Ийм хувийн сонирхлыг чухалчилдаг хүмүүс эзэн-агентын харилцаанд ордог бөгөөд үүний үр дүнд хамтын ажиллагаа нь хамгийн оновчтой биш, үр дүн нь ч бас хамгийн их байж чаддаггүй байна. Төрийн захиргааны үйл ажиллагаа нь барагцаалбал ийм бүдүүвчийн дагуу явагддаг аж. Тийм болохоор төрийн захиргааг шинэчлэх, үйл ажиллагааны үр дүнг сайжруулахын тулд хувь хүмүүсийн сонголтын дээрх онцлогийг харгалзан эзэн-агентын харилцааг боловсронгуй болгож эзэн (хууль тогтоогч)-ий гаргасан бодлогыг агент (захиргаа) хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэх тийм зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим болон үр дүнг тодорхойлох аргыг олох ёстой ажээ.



[1] А.Цанжид “Төрийн захиргаа”.УБ.,2009. х266

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?