Цөлжилт гэж юу вэ?
Харин Монгол улсын 2012 онд батлагдсан “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай”
хуулийн 4.1.3.“цөлжилт”
гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөгөөр
хөрс доройтох үйл явц” гэж тодорхойлсон. Мөн “хөрсний
доройтол” гэж хөрсний үржил шим муудах, элэгдэл, эвдрэлд орох, бохирдох,
бэлчээр талхлагдаж анхны шинж чанараа алдах гэж тодорхойлсон байна.[2]
Монгол дахь цөлжилт, цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйл, тулгамдсан асуудал:
Дэлхийн
уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн
дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг
дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд 1 удаа, нутгийн 50 хувиас илүү
хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиодог бөгөөд тал хээр, говийн
бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхтой харьцуулахад өнөөдөр 3-4 дахин өссөн хандлагатай байна.[3]
2010
оны цөлжилтийн нэгдсэн зургаас харвал Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8
хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд
үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн
хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Эдгээрээс нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд
багтах газарт Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Увс аймгийн Өмнөговь, Завхан аймгийн
Сантмаргац, Говь-Алтай аймгийн Халиун, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт,
Төв аймгийн Баяндэлгэр, Хэнтий аймгийн Дархан, Баянхутаг, Дорнод аймгийн Матад,
Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар,
Түвшинширээ, Дорноговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд, Өмнөговь аймгийн Ханбогд,
Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан,
Өндөршил, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумдын ихэнх нутаг хамрагдаж байна.[4]
Цөлжилтийн үйл явц нь орон
зай, цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөх янз бүрийн хүчин зүйлээр
тодорхойлогддог. Энд хүн амын өсөлт, нийгэм-эдийн засгийн, улс төрийн, олон
улсын худалдааны зэрэг дам хүчин зүйлс болон газар ашиглалтын хэлбэр, уур амьсгалын
өөрчлөлт зэрэг шууд хүчин зүйлс багтана. Орчин үед цөлжилтийн асуудал нь байгалийн
хязгаарлагдмал нөөцийг зохисгүй
ашиглахаас үүдэлтэй гэж хэлж болно. Харин үүссэн нөхцөл байдал уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөгөөр улам даамжирах хандлагатай болдог.
Цөлжилтийн нэгдсэн зурагт
тооцсон үзүүлэлтүүдээс уг үйл явцад давамгайлан нөлөөлөх хүчин зүйлийн зургийг
зохиож үнэлэхэд, газар нутгийн хэмжээнд цөлжилт илрээгүй буюу хүчин зүйлийн
нөлөөгүй 10.4 %, хүний хүчин зүйл давамгайлсан 1.9 %, байгалийн бүлэг хүчин
зүйл нөлөөлсөн 16.0 % уур амьсгалын нөлөө 13.8 %, салхины элэгдэл давамгайлсан
20.8 %, усны элэгдэл эвдрэл давамгайлсан 0.1 %, хүний нөлөө ба уур амьсгал
хавсарсан 13.1 %, салхи ба хүний нөлөө хавсарсан 23.9 хувийг эзэлж байна.
Үүнийг нэгтгэж харвал цөлжилт илрээгүй буюу хүчин зүйлийн нөлөөгүй 10.4 %,
хүний хүчин зүйл давамгайлсан буюу хавсарсан 39 %, байгалийн хүчин зүйл
давамгайлсан буюу хавсарсан 50.6 % болж байна. Энэ нь цөлжилт хүчтэй, нэн
хүчтэй илэрсэн тухайн газар нутагт байгалийн хүчин зүйл 56 %, хүний үйл
ажиллагааны нөлөө 44 хувийг эзэлж байна гэсэн үг юм.[5]
Нутаг дэвсгэрийн хувьд говийн
бүс нутагт байгалийн хүчин зүйлс, зүүн бүсэд хүний нөлөө болон байгалийн хүчин
зүйлс хавсарсан, хангайн бүсэд хүний нөлөө давамгайлсан, Монгол Алтай, Их
нууруудын хотгорт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө илүү нөлөөтэй байна.[6]
Эндээс үзвэл монгол орны газар нутаг цөлжиж байгаа
нь ирээдүйд хүн, амьтан амьдрах боломжгүй болж байгаа бөгөөд цөлжилтөд хүний
оролцоотой хүчин зүйлс багаггүй байгаа нь цөлжилтөөс сэргийлэх талаар эрх зүйн
зохицуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Цөлжилтөөс
сэргийлэх арга, эрх зүйн зохицуулалт:
Монгол улсын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт
“Цөлжилттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах гэж цөлжих эрсдэлтэй газар
нутгийг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, элсний нүүдлийг зогсоох, уул
уурхайн нөхөн сэргээлт хийх, тариалангийн талбайн хөрс хамгаалах, усалгааны
систем, ойн зурвас байгуулах, бэлчээрийн даацыг тохируулах болон цөлжиж байгаа
газар нутгийг нөхөн сэргээх, мод, бут тарих, ургамалжуулах, усан сан байгуулах,
гангийн нөлөөг бууруулах зэрэг үйл ажиллагааг” ойлгоно хэмээн тусгасан байна.[7]
Манай улсын хувьд цөлжилтийг бууруулах, цөлжилтөөс
сэргийлж, хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллаж ирсэн байна.
Үүнд:
-
Монгол улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх
конвенцэд нэгдэн орж, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр боловсруулан
хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2010
онд ЗГ-ын 90-р тогтоолоор “Цөлжилттэй
тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчилсэн.
-
2012 оны
12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 168 дугаар тогтоолоор Хөрс
хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны ажлын албыг байгуулсан.
-
Манай улс 2008 оноос эхлэн “Дэлхийн
цөлжилттэй тэмцэх болон гангийн эсрэг өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн харьяанд
ажиллах Цөлжилтийг судлах суурин судалгааны төв байгуулах ажлыг Булган аймгийн
Рашаант сумын нутаг Элсэн тасархайд БОНХЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн
“Цөлжилтийг сааруулах” төсөл, НҮБ, Голландын Засгийн газрын санхүүжилтээр
хэрэгжиж буй “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент” төсөлийн дэмжлэг санхүүжилтээр цөлжилтийн эсрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Цөлжилтийн эсрэг олон үйл ажиллагааг авч
хэрэгжүүлж байгаа боловч цөлжилт буурахгүй байгаа нь цөлжилтийн эсрэг арга
хэмжээг илүү эрчимжүүлж, боловсронгуй болгох, үүний дотор эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байна. Энэ
үүднээс Монгол улсын Засгийн газраас 2010 онд баталсан Цөлжилттэй тэмцэх
үндэсний хөтөлбөрийн эрхэм зорилгод “хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох”[8]
хэмээн тусгаж 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийг
батлан гаргасан байна.
Цөлжилтийн сэргийлэх тухай хууль гаргасан хэдий ч
цөлжилтөд нөлөөлдөг бусад хүчин зүйлс болох уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй,
газар тариалан зэрэг бусад байгаль орчны хуулиудад цөлжилтөөс сэргийлэх,
хамгаалах тухай зүйл заалтуудыг улам боловсронгуй болгож, нэмж оруулах,
цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг чанд мөрдүүлэх шаардлагатай байна.
[1] Байгаль
орчин, ногоон хөгжлийн яам: Цөлжилтийн мэдээллийн сан www.eic.mn
[4] Байгаль
орчин, ногоон хөгжлийн яам: Цөлжилтийн мэдээллийн сан www.eic.mn
[7] Монгол Улсын Засгийн газрын 2010
оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр
хавсралт: Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр: 1.2-д
[8] Монгол Улсын Засгийн газрын 2010
оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр
хавсралт: Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр: 7.2.-д
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?