понедельник, 18 апреля 2011 г.

захиргааын шинэчлэлийн үндсэн загварууд


Захиргааны шинэчлэлийн үндсэн загварууд:
1980-аад оны эхээр төрийн менежментийг өөрчлөх шинэтгэл дэлхий дахинаа өрнөж эхэллээ. Их Британи, Шинэ Зеланд, АНУ, Швед улсаас эхтэй шинэтгэл Монголыг хүртэл хамарсан. Шинэтгэлийн давалгаа даяарчлагдаж эхэлсэн нь аль ч улсын төр нэгэн зовлонтой байсантай холбоотой. Ард түмний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд төрийн байгууллага төсөв мөнгөө нэмсээр байлаа. Шат дамжлага ихсэж бичиг цаасандаа дарагдсан төрийн байгууллага татвар төлөгчдийн төлөө биш харин өөрсдийн төлөө ажилладаг нүсэр аппарат болон хувирав. Төрд эрх мэдэл төвлөрөх тусам улам данхайн томорч хүнд суртлын шат дамжлага нэмэгдсэнээр асуудал шийдвэрлэх чадвар нь суларсаар. Нийгэмд үүсээд байгаа хямрал өөрсдийнх нь тогтолцооны гажуудлаас үүдэлтэйг үл ухааран асуудлыг шийдэрлэхийн тулд шинэ бүтэц байгуулж орон тоогоо нэмсээр суудаг нь тэдний төрөлхийн гэмээр зан байлаа. Төр хичнээн оролдоод ч хямралаас гарч чадсангүй. Энэ бүхнийг өөрчлөх арга нь захиргааны шинэчлэлийг тууштай хийх явдал байлаа.
Төрийн захиргааны шинэтгэлийн нэр, хэлбэр, хэрэгжүүлэх арга зам улс орон бүхэнд ялгаатай ч дараах үндсэн зорилгыг агуулж байдаг.[1] Тухайлбал:
Бодлогоо тодорхойлох. Төр цомхон чадварлаг байхын тулд юуг хийх ба хийхгүй байх, юунд оролцох ба эс оролцохоо тодорхойлох хэрэгтэй. Үүний тод жишээ болж Шинэ Зеландад төрийн байгууллага үйлчилгээ хүргэгчээс татгалзаж харин төрийн бодлого боловсруулах ажлыг голлох боллоо.
Бүтээмжийг нэмэгдүүлэх. Төрд төлөх татвараа бууруулахыг иргэд үргэлж хүсдэг хэрнээ төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийг шаардаж байдаг. Тиймээс “сайн” төр байхын тулд бага нөөцөөр хамгийн үр ашиг, өндөр бүтээмжтэй ажиллах арга замыг эрэлхийлэх болсон.
Зах зээлийн механизмд шилжих. Төрийн байгууллагын бюрократ хөшүүн механизмыг зах зээлийн зохицуулалттай хөшүүргээр сольж эхэлсэн. Олон улс оронд төрийн өмчийн хувьчлал явагдлаа. Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг төрийн бус ба бизнесийн байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх болов. Энэхүү шинэтгэлийн агуулга нь төрийг цомхон, чадварлаг болгож “тушаах ба хянах” бюрократ тогтолцоог зах зээлийн өрсөлдөөний механизмаар халж бага зардлаар чанартай ажил үйлчилгээг ард олондоо хүргэхэд чиглэж байна.
Үйлчилгээний чанарыг сайжруулах. Үйлчилгээний бодлогыг төрийн түшээд шийдэж бюрократ машины шат бүхнээр дамжуулан хүргэх биш харин үйлчлүүлэгчид өөрсдөө тодорхойлж, олон нийтийн хүчинд тулгуурлан ажил үйлчилгээ явуулах боллоо. Зах зээлийн сонголт өрсөлдөөнийг хөхүүлдэг. Төрийн байгууллага үйлчлүүлэгчийн өмнө үйлчилгээний олон хувилбарыг санал болгож сонголтыг бий болгохыг оролдож байна.
Төвлөрлийг сааруулах. Төрийн төв байгууллагаас орон нутгийн удирдлагад болон анхан шатны байгууллагад, даргаас ажилтан нарт эрх мэдлийг шилжүүлэхийг чухалчлав. Түүнчлэн төрийн эрх мэдлийг тухайн нутаг орны хамт олонд буюу олон нийтийн нөхөрлөлд (Community) шилжүүлэх тухай асуудал юм.

Тайлагнах. (Accountability) Тайлагнах гэдэг нь төр амласнаа амжилттай биелүүлж чадаж байгаагаа татвар төлөгчиддөө эргэн тайлагнахыг хэлнэ. Дээрээс доош хуульд жолоодуулсан тогтолцоог дороос дээш үр дүнгээр жолоодуулсан эргэн тайлагнах механизмд шилжүүлж байна. Үйл ажиллагааны үр дүнг үйл явц ба орцоос илүү гарц ба нийгмийн үр нөлөөгөөр үнэлэх боллоо.
Дээрх зорилгод хүрэх төрийн захиргааны шинэчлэлийн урсгал нь үндсэн хоёр загварт хуваагдаж байна.[2]
1. Вестминстрийн загвар буюу төрийг үндсээр нь өөрчлөх оролдлого (УСШУ)
2. Инкрементал шинэтгэлийн загвар нь тогтолцооны суурь өөрчлөлт биш харин захиргааны өөрчлөлт хийхэд голлодог
Вестминстрийн загварыг Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын орнуудад, инкрементал загварыг АНУ-д голлон бий болгосон ажээ. 1970-аад оны сүүлээр дэлхийн аж үйлдвэр хөгжсөн орнууд төсвийн алдагдалд орж, иргэдийн зүгээс төрд итгэх итгэл буурч ихээхэн шүүмжлэх болсон. Иймээс тухайн орнуудын эрх баригчид захиргааны төвлөрсөн том системүүд үр дүн муутай болж байгааг хүлээн зөвшөөрч төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй хүргэх аргыг эрэлхийлэх болжээ.




[1] Ч.Сосормаа “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу”.УБ.,2008
[2] А.Цанжид Төрийн захиргаа.УБ., 2009

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?