понедельник, 23 декабря 2013 г.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүх, сонгуулийн систем

            Монгол улсын хувьд 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулийг баталж төрийн эрх барих дээд байгууллагыг ардчилсан сонгуулийн зарчмаар байгуулах, иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан билээ. Энэ нь 1992 оны Үндсэн хуульд дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд:
-          3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
-          16.1.9. Шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
            Үндсэн хуульд зааснаар тэрхүү төлөөллийн байгууллага нь Улсын Их Хурал бөгөөд УИХ нь 76 гишүүнтэй байна. УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн 21.2-д заасны дагуу Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Мөн Үндсэн хуулийн 21.4-д Улсын их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан.
            Улсын их хурлын сонгуулийн тухай хууль анх 1992.04.04-нд батлагдаж, 1992.04.10-нд Улсын Бага Хурлын 18 дугаар тогтоолоор УИХ-ын дэргэд сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн Ерөнхий Хороог 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.[1] Ингэж иргэдийн сонгох, сонгогдох эрх хууль зүйн хувьд баталгаажснаар өдгөөг хүртэл УИХ-ын 6 сонгууль, Ерөнхийлөгчийн 6 сонгууль явагдаад байгаа билээ.
1992 оны УИХ-ын сонгууль:
            1992.06.28-нд УИХ-ын анх удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 10 намаас болон бие даагч 293 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 95.6 хувь нь сонгуульд оролцсон байна.[2] Нэр дэвшигчдийн 275 нь улс төрийн нам, эвслээс, 18 нь бие даан нэр дэвшигч байсан байна.[3] Энэхүү сонгууль нь олон мандаттай мажоритар системээр явагдаж тойрог бүрд 2-4 гишүүн сонгогдохоор явагдсан. Сонгуулийн дүнд МАХН 76 суудлын 71-ийг авчээ. Эрх барих дээд байгууллагыг сонгож байгуулахад нөлөөлдөг нэг чухал асуудал бол сонгуулийн систем бөгөөд энэ нь сонгуулийн үр дүнд багагүй нөлөөлдөг байна.
            Анхны сонгуулиар УИХ-ын гишүүдийг мажоритар системээр сонгосон билээ. Сонгуулийн мажоритар систем нь хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Олон мандаттай тойрогтой тохиолдолд нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, мандатын тоогоор суудал хуваарилна. Мажоритар сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд хоёр намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг. Мажоритар систем нь дараах онцлогтой байна.[4]
Мажоритар системийн давуу тал:
-          Аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялж дангаараа Засгийн газар байгуулах магадлалтай ба хүчтэй сөрөг хүчин бий болдог.
-          Газарзүйн төлөөлөл илэрхий учраас парламентын гишүүн, сонгогчид нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нөхцөл бүрэлддэг.
-          Хувь хүн болон улс төрийн намын фактор хоёулаа чухал үүрэгтэй байдаг тулд хүчтэй бие даан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулах боломжтой.
-          Улс төрийн нам, нэр дэвшигчтэй хариуцлага тооцох буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуулиар хариуцлага тооцож, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх бүрэн боломжтой.
Мажоритар системийн сул тал нь:
-          Олонхийн зарчим нь суурь сайтай, томоохон улс төрийн намуудад давуу байдал олгодог ба тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн, жижиг намуудад халгаатай.
-          Сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай.
-          Дов жалганы үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг.
-          Олонхийн саналыг цуглуулахад чиглэсэн популист амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэх шаардлагатай болдог.
            Мажоритар  системийн давуу ба сул талыг харгалзаж үзвэл 1992 оны сонгуульд МАХН суурь сайтай, нэр дэвшигчид нь илүү танигдсан байсан учраас олонхи болж чадсан гэж үзэж болохоор байна.
1996 оны УИХ-ын сонгууль:
            1996.06.30-нд УИХ-ын хоёр дахь удаагийн сонгууль явагдаж абсолют мажоритар системээр 76 тойрогт 5 нам, МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо”, МАСН-МАН-ын “Ардчилсан төр”  эвслээс болон бие даагч нараас бүрдсэн 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.15 хувь сонгуульд оролцсон байна.[5] Сонгуулийн 76 тойрогт МАХН-аас 25, МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслээс 50, МУНН-аас 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Сонгуулийн дүнгээс үзэхэд: сонгогдсон гишүүдийн 48 буюу 63.1 хувь нь сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан байна.[6]
            Ингэж  өнгөрсөн сонгуульд олонхи болсон нам мөрийн хөтөлбөрөө сонгогчдын саналд хүртэл хийж чадаагүй бол сонгогчид хариуцлага тооцож сөрөг хүчинд санал өгч “Ардчилсан холбоо” эвсэл олонхи болсон нь мажоритар системийн нэг онцлог юм.
2000 оны УИХ-ын сонгууль:
            2000.07.02-нд УИХ-ын гурав дахь сонгууль мөн мажоритар  системээр явагдаж 602 хүн нэр дэвшиснээс 575 нь улс төрийн 13 нам, 3 эвсэлээс, 27 нь бие даан нэр дэвшигчид оролцов. УИХ-ын 1996 оны сонгуультай харьцуулахад сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоо хоёр дахин илүү байсан.[7] Сонгуульд нийт сонгогчдын 82.43 хувь оролцож санал өгсөн ба УИХ-ын гишүүнээр МАХН-аас 72, “ИЗ-НН” эвслээс 1, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ээс 1, Эх орон-МАШСН-аас 1, бие даагч 1 хүн тус тус сонгогдсон байна.[8]
            2000 оны сонгуулиар сонгуулийн системээ өөрчлөх тухай нэлээд яригдаж байсан боловч Ардчилсан холбоо эвсэл өөрчлөлтөөс татгалзсан бөгөөд улмаар МАХН сонгогчдын 50,4 хувийн санал авсан мөртөө УИХ-ын суудлын 72-ийг авсан байна. Эндээс мажоритар системд сонгогчдын санал ихээхэн гээгддэг болохыг харж болно. Сонгогчдын санал гээгддэг асуудал нь сонгуулийн мажоритар системийн  хамгийн том сул тал юм.
2004 оны УИХ-ын сонгууль:
            2004.06.27-нд УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж, мөн бие даагч нэр дэвшигчид өрсөлдөж, нийт сонгогчдын 81.94 хувь нь саналаа өгсөн байна.[9] Сонгуулийн дүнд УИХ-н гишүүнээр МАХН-аас 36, “Эх орон-Ардчилал” эвслээс 34, ББН-аас 1, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогджээ.[10]
            Энэ удаагийн сонгуулийн үеэр мажоритар сонгуулийн системийн бас нэг том дутагдал улам тодорхой болсон нь “Сонгуулийн ерөнхий хорооноос удаа дараа урьдчилан сануулсаар байхад энэ удаагийн сонгуулийн явцад зарим нэр дэвшигч Сонгуулийн хуулийг үл хүндэтгэн, сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдсон, хүмүүсийг бөөнөөр нь шилжүүлэн санал өгүүлэх, архидуулах, эмх замбараагүй байдал бий болгох санаархал гарсан явдалд гүнээ харамсаж байна”[11]  гэж мэдэгдсэнээс харагдаж байна.
2008 оны УИХ-ын сонгууль:
            2008.06.29-нд УИХ-ын сонгуулийн тав дахь удаагийн сонгууль явагдаж энэ удаа сонгуулийн тогтолцоог өөрчилж 1992 оны сонгуулийн системийн загварыг дахин авсан боловч сонгогч мандатын тоогоор биш өөрийн хүслээр хэдэн ч нэр дэвшигч дээр санал өгөх эрхтэй болсон байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдохоор 26 тойрогт 356 хүний нэр саналын хуудсанд бичигдсэний 311 нь улс төрийн нам, эвслээс, 45 нь бие даан нэр дэвшигч байснаас 66 нь эмэгтэй нэр дэвшигчид байв. Нийт сонгогчийн 76.46 хувь нь саналаа өгч МАХН-аас 39, Ардчилсан намаас 25, ИЗН-аас 1, бие даан нэр дэвшсэн 1 хүн тус тус сонгогдсон байна.[12]
Нэг сонгогч олон нэр дэвшигчид саналаа өгөх эрхтэй болсноор нийт саналын тоо хэд байх ёстойг тогтоох аргагүй болж эндээс “0” нэмэх гэдэг булхай өргөн ашиглагдсан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь 100 санал авсан байхад ард нь тэг нэмээд мянга болгож болох ба үүнийг магадлах арга үгүй юм.[13] Сонгуулийн үр дүнд үл итгэсэн иргэдийн жагсаал эцэстээ үймээн болж монгол улс түүхэндээ анх удаа онц байдал зарлаж хүний амь эрсэдсэн билээ. Үүнээс гадна энэ системээр болж буй сонгуульд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөн намын хүнээ унагах сонирхол буй болдог гажиг бас ажиглагдсан билээ.
2012 оны УИХ-ын сонгууль:
2012.06.28-нд УИХ-ын ээлжит сонгууль явагдсан бөгөөд энэхүү сонгууль нь 2011 онд шинээр батлагдсан сонгуулийн тухай хууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу явагдсан билээ. Сонгуулийн автоматжуулсан систем гэдгийг хуульд сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн санг бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогц ойлголт гэж тодорхойлсон байна.[14]
            2011 онд батлагдсан сонгуулийн тухай хуулиар сонгуулийн холимог тогтолцоогоор буюу 26 тойргоос 48 гишүүнийг мажоритар системээр, 28 гишүүнийг намын жагсаалтаар пропорциональ системээр сонгохоор болсон билээ. Энэ сонгуульд хэрэглэсэн пропорциональ систем нь дараах онцлогтой байдаг. Үүнд:
Аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ноогдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойргийн нийт сонгогчдын 50 хувийн саналыг авсан нам нийт мандатын 50 хувь буюу 5 мандат авах ёстой. Пропорциональ сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд олон намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг. Пропорциональ системийн онцлогийг авч үзвэл:[15]
Пропорциональ системийн давуу тал:
-          Дийлэнх сонгогчдын санал УИХ-д тусгалаа олдог буюу санал гээгдэх явдал бага.
-          Төр засгийн бодлого парламентад төлөөлөлтэй намуудын бодлогын нийлбэрээс урган гарч, өргөн цар хүрээг хамардаг.
-          Босго давсан жижиг намууд авсан саналынхаа хэмжээгээр парламентад төлөөлөлтэй болдог.
-          Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг.
Пропорциональ системийн сул тал:
-          Аль нэг нам олонхийн суудал авах магадлал багасдаг тул эвслийн Засгийн газар байгуулагдаж, жижиг намуудын шахалтанд орох магадлалтай.
-          Том намууд цаг ямагт тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг ба сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг тул улс төрийн намуудад хариуцлага тооцох боломж хомс.
-          Улс төрийн намуудын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрдөг ба бие даан нэр дэвшигчдэд халгаатай.
-          Парламентын гишүүн, сонгогч хоорондын уялдаа холбоо үлэмж багасдаг.

2012 оны УИХ-ын сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцсон бөгөөд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлснээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч 26 байсан байна. Сонгуулийн дүнд УИХ-ын гишүүнээр МАН-аас 25, АН-аас  31, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвсэл”-ээс 11, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдсон билээ. [16] Энэ удаагийн сонгууль нь сонгуулийн шинэ системээр, автоматжуулсан хэлбэрээр явуулсан нь их онцлогтой байсан.
Манай улс 1992 оноос хойш 6 удаа сонгууль явуулахдаа сонгуулийн мажоритар систем, холимог системийг авч хэрэгжүүлж үзсэн байна. Сонгуулийн систем нь улс төрийн намын тогтолцоог тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг бөгөөд олон намын тогтолцоотой байх уу?, эсвэл хоёр намын тогтолцоотой байх уу? гэдэг нь үндсэндээ сонгуулийн системээс шууд хамаардаг тухай онол /Дювержегийн хууль/ байдаг. Сонгуулийн мажоритар систем нь хоёр намын тогтолцоог бий болгож ялагч бүхнийг авах зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл ялагч нам нь бүгдийг авна, ялагдсан нь юу ч үгүй хоцорно. Тэгвэл сонгуулийн пропорциональ системийг хэрэглэснээр парламентад олон намын төлөөлөл бий болж, төр ганцхан намын эрх ашгийг илэрхийлэгч болохгүй, олон намын ашиг сонирхол илрэн гарч өрсөлдөн, зөвшилд хүрэх баталгааг бүрдүүлнэ. Үүнээс гадна парламентад нийгмийн улс төрийн ашиг сонирхол тэнцүү тусч, намууд хоорондоо зөвшилцөн гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах нэг нөхцөл болно. Товчоор хэлбэл засгийн газрыг парламент дахь зөвшилцлийн үндсэн дээр сонгодог. Энэ системийг хэрэглэснээр гарах сөрөг үр дагавар бас байгаа боловч тэдгээрийг дараах байдлаар даван туулах боломжтой.
1.Парламентад хэт олон жижиг намууд бий болох боломжтой бөгөөд түүнийг босго тогтоон барьж болно. Манай улсын хувьд парламентад сонгогдох босго хувийг 5 хувь гэж тогтоосон.
2.Энэ системийн үед олон нам сонгогддог учраас ихэнхдээ эвслийн засгийн газар бүрддэг бөгөөд засгийн газрын тогтвортой байдлыг хангах асуудал гарч ирдэг. Хэрэв ийм нөхцөл үүсвэл Германы жишгээр засгийн газрыг огцруулахдаа дараагийн засгийн газрыг нэгэн зэрэг шийдвэрлэдэг механизмыг оруулснаар энэ асуудлыг шийдэж болохоор байна[17].

            Монгол улсын хувьд 1992 оноос хойш УИХ-ын сонгуулийг 6 удаа явуулсан бөгөөд эхний 5-ыг нь мажоритар системээр, 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорциональ системийн холимог системээр явуулсан байна. Улс орнууд өөрийн орны нийгэм, улс төрийн онцлогт нийцсэн сонгуулийн системийг бий болгохоор зорьж байгаа бөгөөд сүүлийн үед дэлхийн ихэнх орнууд пропорициональ системийг илүү сонгох болсон билээ. Үүнийг дагаад манай улсын хувьд ч ялгаагүй өөрийн орны онцлогт тохирсон сонгуулийн системтэй болохыг зорьж сонгуулийн системийн хэд хэдэн хувилбарыг авч хэрэгжүүлсний эцэст холимог системийг сонгож аваад байгаа билээ. Сонгуулийн холимог тогтолцоо нь олонхийн систем болон хувь тэнцүүлэх системийн давуу талуудыг нэгтгэх гэсэн оролдлогод тулгаардладаг. Сонгуулийн холимог систем нь өмнө хэрэглэж байсан мажоритар системтэй харьцуулахад өөрийн давуу болон сул талтай хэдий ч сул талыг нь даван туулах боломжтой болох нь харагдаж байна.




[2] Мөн тэнд
[3] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[4] Гангабааатар Д. Үндсэн хуулийн эрх зүйн удиртгал.УБ.,2012
[6] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[7] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[8] Мөн тэнд
[10] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[11] Монгол УИХ-ын 2004 оны сонгуулийн анхдугаар чуулганы хуралдаанд СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн тавьсан илтгэл.
[12] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[13] Нийтлэлч Баабар. Монгол сонгуулийн түүх нийтлэл.2012.03.22
[14] Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль.4.1.1
[15] Гангабаатар Д.Үндсэн хуулийн эрх зүйн удиртгал.УБ.,2012
[16] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[17] Машбат О.“Бонноос Вестминстерийн зүг”. УБ.,2007

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?