четверг, 14 апреля 2011 г.

агентын онол

Агентын онол:

Энэхүү онол нь өөр хоорондоо тодорхой нөөцийг солилцож буй хоёр субъектын харилцааны тухай асуудлыг хөнддөг. Тэдгээрийн нэг нь эзэн, итгэмжлэгч нөгөө нь түүний төлөөлөгч, агент юм. Эзэн тодорхой хэмжээний нөөцтэй боловч сонирхолоо хэрэгжүүлэхэд нь зайлшгүй хэрэгцээтэй бусад нөөц түүнд байхгүй. Тухайлбал, эзэн мөнгөтэй боловч тэрхүү мөнгийг ашиглаад үйлдвэрлэл явуулах чадваргүй байж болно. Тиймээс эзэнд өөрт нь байхгүй нөөцтэй, өөрийнхөө болон эзний нөөцийг ашиглаад эзний сонирхлыг хангах үйл ажиллагаа явуулах агент хэрэгтэй болдог. Гэхдээ эзэн-агентын харилцаанд оролцогч хоёр субъект хоёулаа өөр өөрийн сонирхолтой, түүнийгээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Эзэн өөрт байгаа нөөц, түүнийг ашиглах эрхийг эрхийг агентад шилжүүлэн өгдөг. Гэвч тэр агент нь тэдгээрийг зөв ашиглаж байна уу?, үнэхээр эзний сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд чармайж байна уу? гэх мэт асуудлын талаар бүрэн мэдэхгүй. Харин агент бол өөрөө бүрэн ойлгож байдаг. Тийм ч учраас эзэн агент хоёрын хооронд тэгш бус хэмтэй мэдээллийн урсгал байна гэж үздэг. Ийм байдлаас үүдэн агент хуурах, худлаа ярих, хулгайлах мэтийн өөртөө ашиг олох үйлдэл хийж болно. Үүнийг ёс зүйн аюул (moral hazard) гэж нэрлэдэг. Нөгөө талаар эзэн агент нь хийх ёстой ажлыг бүрэн хийх чадвартай эсэхийг мэдэх бололцоогүй байдаг. Ийм нөхцөл байдлыг эсрэг сонголт (adverse selection) гэж нэрлэдэг.














Эзэн өөрөө хийж чадахгүй зүйлээ агентаар хийлгэх сонирхолтой, агент ажил хийснийхээ төлөө мөнгө, алдар хүнд гэх мэт өөртөө ашигтай зүйлийг олж авах эрмэлзэлтэй. Тиймээс эзэн агент хоёр заавал харилцаанд орох шаардлагатай болдог. Гэвч хоёр тал хоёулаа өөр өөрийн эрх ашгийг хамгийн их байлгахын төлөө ажиллах ба агент хууран мэхлэх оролдлого хийдэг учраас хамтын ажиллагааны үр дүн нь байж болох хамгийн дээд хэмжээнд хүрч чаддаггүй байна. Нөгөө талаас эзэн ч шилжүүлэх ёстой нөөцөө бүрэн шилжүүлэхгүй байх тал гарч болно. Иймээс хоёр тал эрх ашгаа хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны гэрээ хяналтын механизм зэргийг хэрэглэх болдог. Эзний зүгээс агентад эзний сонирхлыг хэрэгжүүлэх сэдэл төрүүлэх үйлдэл хийх хэрэгтэй болдог.

Энэхүү онолыг бизнест хэрэглэх юм бол эзэн нь бизнесмен, агент нь түүний компанид ажиллаж буй хүмүүс юм. Түүнчлэн төрийн тогтолцоонд авч үзэх юм бол эзэн нь хууль тогтоох байгууллага, агент нь гүйцэтгэх байгууллага, эзэн нь яамны сайд агент нь түүний харъяа байгууллагууд юмуу албан хаагчид байх жишээтэй юм. Захиргааны шинэчлэлийн онолын сэтгэгчид чухамхүү төрийн байгууллагыг ийм байдлаар төсөөлөн эзэн-агентын харилцааг оновчтой болгох замаар хамтын ажиллагааны үр дүнг хамгийн их байлгах аргын талаар санал дэвшүүлсэн онол, номлолыг гаргаж байгаа юм.

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?