вторник, 27 мая 2014 г.

Шинэ сум

             Шинэ сумын төвийн талаар багагүй хэлэлцүүлэг нийгэмд байгаа бололтой. Энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцах гэсэн юм. 

              Гэр гэдэг чинь нүүж явахад тохирох сууц болохоос хотын захад гэр хороолол гэж шоовдорлогдож дөрвөн тал хашаанд байх сууц биш шүү дээ. Хотод суурин соёлд тохирсон сууц хэрэгтэй болохоос гэр тохиромжтой биш. Сумын төвд ч ялгаагүй суурьшмал соёлд тохирсон сууц хэрэгтэй, тэгэхдээ бүр зүгээр ч нэг "оромж" биш харин хүний хэрэгцээг хангасан тохилог сууц хэрэгтэй байна. Хүмүүс хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нь нийцсэн газар орныг л хайж аймгийн төв, аймгийн төвөөс хотын зах бараадаж чадвал ганц байртай болохыг л хүсч байна.

             Сумандаа бид тохилог сайхан байртай, соёлтой үйлчилгээтэй, мэдээлэлд ойрхон аж төрж амьдармаар байна. Сум сайхан бол хотод байх шалтгаан үнэндээ алга. гайгүй боломжтой гэсэн хотын хүмүүс нь бүгдээрээ хотоос зайдуухан л амьдарч байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр хот ч бас хүний хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгаа бололтой, үнэндээ тийм ч байгаа. яагаад гэж үү? ус, хөрс, агаарын бохирдол, өглөө гараад түгжрэнэ, гэрээсээ сайхан эрч хүчтэй гарсан хүн чинь хамаг байдаг эд эсээ замын түгжрэлээс болоод үхүүлнэ. ажил дээр ирээд энэ тэндээс түгжирч ирсэн бөөн стрестэй хүмүүс.

         Шинэ сум төслөөр босгож байгаа бүтээн байгуулалт үнэхээр сайхан санагдаж байгаагаас гадна нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж би ойлгож байгаа учир хувьдаа дэмжиж байгаа.  Хамгийн гол нь дэд бүтцээ хөгжүүлээд өгчихвөл төрж өссөн сумандаа сайхан амьдармаар байна. Эх орноо эзэнтэй байлгамаар байна л.



Эрх чөлөөний тухай

          2014 оны 4 сарын 03-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр Берлиний Чөлөөт Их сургуулийн доктор Sebastian Lalla-н лекц, ярилцлагад суув. Лекцийн сэдэв нь Английн философич Жон Стюарт Миллийн "On Liberty" буюу "Эрх чөлөөт чанар" эсвэл "Эрх чөлөөт байдал" гэж орчуулагдах номын тухай байв.
          Милл 1859 онд хэвлэгдсэн энэхүү бүтээлээрээ "хувь хүний бие даасан, чөлөөт байдлын тухай, түүнд саад болох аюул, заналхийллийн тухай, тэр аюулаас сэргийлэх, түүнчлэн төрөөс, удирдагчдаас цаашлаад өөрсдөөс нь хэрхэн хамгаалах вэ?" гэдэгт хариулт өгөхийг зорьжээ. Тодруулбал, нийгэмд удирдагч хэсэг болон удирдуулагч хэсэг хүмүүс байна. Хувь хүний чөлөөт байдлын хамгийн том дайсан бол төр юм. Тиймээс ч хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөөг хамгаалахын тулд, аюулгүй байлгахын тулд төрийг хэн удирдах ёстой талаарх маргаан өнгөрсөн зуунуудын турш дэгдэж байжээ.
          Платон төрийг философичид удирдах ёстой гэж үзэж байсан бол Аристотель нийгмийн шалгарсан хэсэг болох аристократууд удирдах ёстой гэж үзэж байв. Гэвч тэдгээр философичид болон аристократуудын дунд ч хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөөнд халдах нэгэн байдаг ажээ. Тэгэхээр ард түмэн эрх чөлөөгүй, дарлагдаж байгаагаагийн шалтгаан нь удирдагч хүмүүст байна гэж үзээд тэднийг хувьсгал болон бусад замаар түлхэн унагааж арай ухаантай, арай дөнгүүр гэсэн нэгнийг удирдагчаар тавих болов. Гэвч асуудал өөрчлөгдсөнгүй, өөрөөр хэлбэл хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөө зөрчигдсөөр байжээ. Макиавелли энэ бүхний шалтгаан нь удирдаж байгаа тэдгээр хүмүүст биш харин төрийн удирдлагын тогтолцоо, механизмд байна гэж үзсэн байна. Улмаар түүхийн явцад засаглалын олон хэлбэрүүд бий болж, ард түмэн бүгд найрамдах засаглал тогтоож эрх мэдлийг "ард түмэн" авчээ. Гэсэн хэдий ч хувь хүний чөлөөт байдлыг, цөөнхийн эрх ашгийг эрх мэдлийг гартаа авсан олонхи нь үл тоомсорлож, хувь хүний чөлөөт байдалд халдах болсон байна.  Тэгвэл одоо хувь хүний чөлөөт байдлыг ард түмнээс яаж хамгаалах вэ? Хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөө зөрчигдөж байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?
          Миллийн энэхүү бүтээлдээ дэвшүүлсэн гол санаа бол хувь хүний чөлөөт байдал зөрчигдөж байгаагийн шалтгаан нь удирдагчдад, төрийн удирдлагын тогтолцоо, механизмд ч биш харин "эрх мэдэл"-д өөрт нь оршиж байна гэдгийг гаргаж тавьснаараа онцлог юм. Эцэст нь гэж хэлэхэд, хэрэв та эрх чөлөөний талаар илүү ихийг ойлгож, мэдэхийг хүсч байгаа бол, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, эрх чөлөөтэй иргэн болохыг зорьж байгаа бол энэхүү номыг уншаарай гэж танд зөвлөх байна.

       Ардчилал бол хамгийн сайн засаглалын хэлбэр биш ч бид үүнээс илүү хувилбарыг хараахан олоогүй байгаа билээ./Черчилль/ Тэгвэл бид ардчилалыг засч сайжруулах хэрэгтэй юу? Хүний нийгмийг төгс болгох гэсэн оролдлого бүр хувь хүн боолчлогдсоноор дуусдаг гэж /Фридрик А.Хаек// үг байдаг. Тэгвэл бид эрх, эрх чөлөө зөрчигдсөн өнөөдрийн нийгмийг хүлцэн тэвчиж, энэ байдалтай эвлэрсэн хэвээр байх уу? эсвэл илүү төгс болгохоор оролдсоор л байх ёстой юу? Хүмүүс илүү сайхан ирээдүйд хүрнэ гэдэгт эргэлзэх үедээ таатай биш ч гэсэн өнгөрснөөс дөнгүүр гэж бодсон энэ цаг үедээ сэтгэл ханачихдаг юм уу? Та үнэхээр эрх чөлөөтэй байна уу? Өнөөдрийн нийгэм таны хүссэн нийгэм мөн үү? Та энэ нийгмийг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ? Түүнийгээ яг одоо эхлүүл.

Монголын "цахим ертөнц" дахь экспертүүд миний бодлоор


            Экспертүүдийн дүн шинжилгээ харуулсан мэдээлэл алгаа. Өнөөдөр улс орны эдийн засаг, улс төр, эрх зүй, олон улсын салбарт юу болоод байгаа, цаашдаа асуудал яаж өрнөх талаар бие даасан, шинжлэх ухааны анализ, шинжилгээ, дүгнэлт монголын "цахим ертөнцөд" ус агаар шиг хэрэгтэй байгаа ч тэр нь харамсалтай нь алга. Би юу хүсч байна вэ? гэхээр цахим ертөнцөд гадны экспертүүдийн хийдэг ажил манайханд дутагдаад байх шиг байна. Экспертүүдийн ажлыг сэтгүүлч, нэр зүүсэн "хэтэрхий мэргэн жараахай"-нууд хийгээд байх шиг. 
               Шинжлэх ухаан талаас нь хандсан, асуудалд анализ хийж, шүүмжлэлт дүгнэлт, санаа оноог дэвшүүлсэн цөөн хэдхэн л мэдээллийн сайт монголд байна. Ганхуяг гэж нэг хөгшин байна, уулзаж үзээгүй ч блогийг нь харж байхад жаахан адайр зантай, гэхдээ түүний бичсэн нийтлэл, өгүүлэл миний сонирхлыг үнэхээр их татдаг. Мөн  нээлттэй нийгэм форумын сайт л байх шив дээ. баабар.мн ердөө л нэг мэдээлэл, хааяа нэг монголын мундаг эрдэмтэн, багш нарын сайхан ярилцлага гарах юм.. 
              Интертайнмент мэдээг үзсэн, уншигчдийн тоо боловсрол, хүмүүжил, шинжлэх ухааны мэдээг үзэж сонирхсон хандалттай харьцуулахад хол илүү байгаа юм. Арай нэг дөнгүүр хандалттай нь спортын мэдээллийн хэдэн сайт. Сүүлийн үед "зарын сайт"-уудын хандалт багаггүй байгаа нь "ажилгүйдэл" монголд өсөөд байгааг л харуулж байгаа хэрэг. Үүнийг мэдээллийн сайт, блогуудын хандалтыг харуулсан статистик баримтаас харж болно.  Монгол дахь шинжлэх ухаан масст хүрэх нь бага, түүнийг нь ч масс сонирхох нь бага юм даа.
         Экспертүүдийн нийтлэл, өгүүлэл, эрдмийн ажил гадуур зөндөө байдаг л даа. гэхдээ би гэртээ суугаад нетээс харчихдаг баймаар байна. Автобусанд чихэлдэж, богинохон амьдралаа "нервтсэн улсуудын дунд" түгжрэлд өнгөрөөмөөргүй байна. Хүсэл мөрөөдөл минь шөнө унтуулахгүй зовоогоод, хийх ажил мундахгүй их байхад хоногийн 24 цаг хангалтгүй байна.  Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын үйл явц, фактын талаар экспертүүдийн дүн шинжилгээ, санаа оноог хурдхан харчдаг баймаар байна л. Эсвэл экспертүүдийн хийсэн дүн шинжилгээ нь тодорхой хүрээнд л хэрэглэгдээд байна уу? Миний бодлоор шинжлэх ухаан, эрдэмтэд, экспертүүд ард түмэнд үйлчилдэг, ард түмэнд хүртээмжтэй байдаг, тийм байх ёстой, тийм байж энэ улс орон чинь замаасаа хазайлгүй зорьсондоо хүрэх юм шиг ээ.

Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн зохицуулалт, тулгамдаж буй асуудал



Парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан эрх бүхий хуулийн байгууллагаас хянан шалгахаас үүдэн Парламентын гишүүний халдашгүй байдлын нэг хэсэг болох бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт бий болох бөгөөд энэхүү асуудлыг улс орнууд өөр өөрийн улс төр, нийгэм, эрх зүйн болон соёлын байдлаас хамааран ялгаатай байдлаар зохицуулсан байдаг.
Манай улсын хувьд Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааж УИХ-д гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг өгсөн боловч, нарийвчлан зохицуулсан УИХ-ын тухай хуульд зөвхөн “гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэцхээр хязгаарласан нь Парламентын гишүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжийг хязгаарлаж, гэмт хэрэг үйлдсэн бол ял зайлшгүй хүлээх байдлаас бултах боломж олгож байгаа нь энэхүү зохицуулалтыг илүү нарийвчлан судалж, бусад орны Үндсэн хуулийн зохицуулалттай харьцуулж, боловсронгуй болгох ямар боломж байгааг судлах шаардлагатай байгааг харуулж байна.

Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт:
Парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах нөхцөлд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт бий болох бөгөөд энэ нь Парламентын гишүүний хуулиар хамгаалагдсан халдашгүй байдалтай салшгүй холбоотой ойлголт юм. Учир нь Парламентын гишүүний халдашгүй байдлын баталгааг илэрхийлэх хоёр ойлголт байдаг. Эдгээр ойлголт нь нэр томъёоны хувьд: иммунитет болон индемнитет гэсэн хоёр үгээр илэрхийлэгддэг. Индемнитет нь парламентын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохоос бусад тохиолдолд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй бөгөөд энэхүү хамгаалалт нь бүрэн эрхийн хугацаа дууссан ч хүчинтэй байдаг. Харин иммунитет нь парламентын гишүүнийг гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсанаас бусад тохиолдолд албадан баривчлах, саатуулах, цагдан хорихгүй байх зэрэг ойлголтыг илэрхийлдэг. Энэхүү халдашгүй байдлыг манай улсын хувьд Үндсэн хуулийн 29.2 болон УИХ-н тухай хуулийн 6.9.1-д зааж өгсөн байна.

Монгол улсын Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн зохицуулалт, тулгамдсан асуудал:
Монгол улсын хувьд Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хуулийн 29.3.-д “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.[1][1]” гэж заасан байна. Эндээс үзвэл гишүүний гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж, эрх бүхий хуулийн байгууллагаас шалгахаар бол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах эсэхийг УИХ шийдэхээр зааж өгсөн байна. Хэрэв УИХ-аас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэвэл тухайн гишүүнийг хэрэгт холбогдуулан шалгах боломжгүй болно.

Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг анх 2006 оны 01 сарын 06-ны өдөр баталсан УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 9 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан байсан боловч Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 02 тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн хэмээн хүчингүй болгосон. Гэвч 2013 оны 01 сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж дараах байдлаар томъёолсон байна.. Тодруулбал, УИХ-н тухай хуулийн 6.9. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.[2][2]

Энэхүү заалтын агуулгаас үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал нь зөвхөн тухайн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л хэлэлцэгдэх ёстой болж байна. Гэвч УИХ-ын гишүүдийн үйлдэж болох гэмт хэрэгүүд  нь ихэвчлэн авлига, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт хэргүүд байх бөгөөд эдгээр гэмт хэрэг нь үйлдэл, газар дээрээ нотлох баримттайгаар баривчлахад хүндрэлтэй хэргүүд юм.
Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоохын тулд хуульд заасан ажиллагааг явуулах шаардлагатай болдог. Гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтад үндэслэн тухайн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дүнд хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал гарч ирдэг байтал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр энэ ажиллагаа явагдах боломжгүй болж байна.[3] Учир нь УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуульчилсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь УИХ-ын шийдвэрлэх асуудал учир гэмт хэрэг үйлдсэн гишүүдэд хариуцлага хүлээлгэх нь хүндрэлтэй болж байгаа юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ-ын тухай хуульд дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд:
6.10. Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 6.9.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.
6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.12. Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.13. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
6.14. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана.

Үндсэн хуульд зааснаар ээлжит бус чуулганыг нийт гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар /25 гишүүн шаардсанаар/, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулна.[4] Түүнчлэн Үндсэн хуулийн 27-р зүйлийн 6-д зааснаар гишүүдийн олонхи буюу 39 гишүүн хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн буюу 21 гишүүний саналаар асуудлыг шийднэ. Энэ нь манай улсын парламентыг улс төрийн хоёрхон нам бүрдүүлж байгаа дараах нөхцөлд парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь боломжгүй болох нь харагдаж байна. 2000-2012 оны Парламентын гишүүдийг намын харъяаллаар нь авч үзвэл:[5]
v  2000-2004 оны Парламент: МАХН нам 72 гишүүн, Ардчилсан холбоо эвсэл-1, МЗН-НН-1, Бие даагч-1 гишүүн.
v  2004-2008 оны Парламент: Эх орон-Ардчилсан эвсэл-37, МАХН-35, БНН-1, Бие даагч-3
v  2008-2012 оны Парламент: МАХН-46, АН-27, ИЗН-1, НН-1, Бие даагч-1
v  2012-2016 оны Парламент: МАН-26, АН-34, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл-11, ИЗНН-2, Бие даагч-3 гишүүн байна.

Түүнчлэн 2000 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдол байхгүй байна. 

Энэ бүхнээс дүгнэвэл, дараах шалтгаануудын улмаас Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг илүү нарийвчлан боловсронгуй болгон зохицуулах шаардлага тулгарч байна. Үүнд:
-          Үндсэн хуулийн 29-3-р зүйл болон түүнийг нарийвчлан зохицуулсан УИХ-ын тухай хуулийн заалтууд нь Парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хууль зүйн хангалттай үндэслэл болж чадахгүй байна.
-          2013 онд өөрчлөн найруулсан хэдий боловч УИХ-н тухай хууийн 6-р зүйлийн 9 дэх хэсэг нь агуулгын хувьд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байна.
-          Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг авч үзвэл УИХ-ын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа нь Парламентын гишүүн болж эрүүгийн хариуцлагаас нуугдах боломж мэт ойлгогдож байгааг залруулах шаардлагатай байна.
-          УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүнийг албадан саатуулах, баривчлах, үзлэг, нэгжлэг хийх зэргээр мөрдөн байцаах шаардлага бий болсон үед тухайн гишүүний эрхийг түдгэлзүүлэх боломжгүй болгосон нь хэргийн үнэн мөнийг тогтооход бэрхшээл учруулж байна.



[3][1] Монгол улсын үндсэн хууль. 29.3-р зүйл
[4][2] Монгол улсын Их хурлын тухай хууль. 6 дугаар зүйл
[5][3] Үндсэн хуулийн Цэцийн 2012 оны 02 сарын 15-ны 02 дугаар тогтоол
[6][4] Монгол Улсын Үндсэн хуулийн 27.3-р зүйл
[7][5] open.parliament.mn/question/list.htm










Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйл болон Гэмт хэргийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл дэх Торгох ялын харьцуулалт



Торгох ялын тухай эрүүгийн эрх зүйн онолын ойлголт:
Торгох ял нь эд хөрөнгийн шинжтэй ял бөгөөд  гол төлөв шийтгүүлэгчийн эд хөрөнгийн эрх ашгийг хөнддөг.  Торгох ялын үндсэн агуулга нь нэг талаас хэрэг үйлдсэн этгээдэд хорих мэтийн хүнд ялыг хэрэглэхгүйгээр эрүүгийн хариуцлагын гарцаагүй зарчмыг хэрэгжүүлэх, нөгөө талаас гэмт этгээдэд материаллаг хохирол учруулж цээрлүүлж хашраахад оршино. Торгох ял нь дараах үндсэн шинжтэй. Үүнд:
-          Торгох ялыг нэг удаа оногдуулах
-          Ялтны материаллаг эрх ашиг, сонирхолыг хөндөхөөс бус өөр ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй.
-          Эл ялыг тэнсэн хянан харгалзаж болохгүй. [1]
Торгох ял бол зөвхөн монгол улсын тухайд биш дэлхийн нийтийн хэмжээнд эрүүгийн хариуцлагын нэг үндсэн ял болох хүлээн зөвшөөрсөн түгээмэл хэрэглэгддэг ял юм. Түүнээс гадна торгуулсан этгээд  нийгмээс тусгаарлагддаггүй тул бие махбодийн болон сэтгэл санааны хувьд нийгэм хамт олны дотор байж хүмүүжих онцлогтой. Уг ял нь үндсэн ялын болон нэмэгдэл ялыг чанартай хэрэглэж буюу сонгох хэлбэрээр хуульчлагдсан байдаг. Герман, Дани, Итали, Парагвай, Польш, зэрэг оронд шунахай сэдэлт бүхий зарим хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулсан зэрэгцээ торгох ялыг нэмэгдэл ял болгон хэрэглэдэг. Харин Орос, Белги, Казакстан, Малдав, Акербайджан, Гүрж, Украйнд уг ялыг нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэх боломжтой ба үүнийг тэдгээр орны эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээнд заасан журмаар зохицуулдаг ажээ.[2] Харин манай улсын хувьд ЭХ-ийн 46.2-д зааснаар торгох ялыг үндсэн ялын чанартай хэрэглэдэг билээ.
Торгох ялыг мөнгөн тэмдэгтээр тооцож гаргуулна. Монгол улсын тухайд Дундад зууны  үеийн хуулиудад торгуулийг биет зүйлийн хэлбэрээр өөрөөр хэлбэл малаар тооцон гаргуулдаг байсныг есөөр торгох ял гэж нэрлэж байсан. Энэ нь тэр үед  иргэний гүйлгээнд түгээмэл солилцооны үүрэг гүйцэтгэх үндэсний мөнгөн тэмдэгт байгаагүйтэй холбоотой. Орчин үед ч гэсэн мөнгөн тэмдэгтээр тооцоолон оногдуулсан торгох ялыг мөнгөгүй гэдэг шалтгаанаар сайн дураараа биелүүлэхээс татгалзвал  шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэх нөхцөлд мөн бусад эд хөрөнгийг авч борлуулах ялын гүйцэтгэлийг хангахыг үгүйсгэхгүй.[3]
Торгох ялын тодорхойлолтыг харьцуулах нь:
Эрүүгийн хуулийн 47.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд шүүхээс мөнгөн төлөөс оногдуулахыг торгох ял гэнэ” гэж тодорхойлсон бол Гэмт хэргийн тухай хуулийн 5.3.1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүхээс мөнгөн шийтгэл оногдуулахыг торгох ял гэнэ. Торгох ялын хэмжээ нь нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж тодорхойлсон. ЭХ дахь “мөнгөн төлөөс” болон ГХтХ дахь “мөнгөн шийтгэл” гэдэг нь агуулгийн хувьд адилхан торгох ялын тухай ойлголтыг тодорхойлж байна гэж ойлгож байна.
Түүнчлэн ГХтХ-аар гэмт хэрэг үйлдсэн хувь хүнээс гадна хуулийн этгээдэд торгох ял оногдуулж байгаагаараа онцлог юм. ГХтХ-ийн 8.2-д хуулийн этгээдэд торгох ялыг оногдуулахаар зааж, 8.3-д хуулийн этгээдэд оногдуулах торгох ялын хэмжээг 10000 тооцооны нэгжээс 6666000 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байхаар заасан.
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь онолын маргаантай асуудал бөгөөд зарим судлаачид “хуулийн этгээд бол өөрийн бие даасан санаа, үйлдэл байхгүй зөвхөн хувь хүний үйлдлээр түүний үйл ажиллагаа явагдаж байдаг тул түүнд хариуцлага хүлээлгэх нь буруу мөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын гол төрөл болох хорих, цаазаар авах, ял ноогдуулах боломжгүй учраас хуулийн этгээд бол эрүүгийн хариуцлага хүлээх субъект биш” гэж үздэг. Тэгвэл бусад судлаачид “Хуулийн этгээд бол нийгэмд бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулж байдаг хүчтэй нэгдэл юм. Иймд энэхүү хүчтэй нэгдлийг хүчтэй хариуцлагын тогтолцоогоор барьж байх шаардлагатай, тэр нь эрүүгийн хариуцлага юм.” гэж үздэг ажээ.[4]
Манай улсын хувьд хуулийн этгээдийн  зүгээс олон төрлийн гэмт хэргүүд гарсаар байгаа хэдий ч эрүүгийн хариуцлагаас гадна үлдэж байсан явдал нь ГХтХ батлагдсанаар алга болно гэж ойлгож байна. Тухайлбал, барилгын компаниудын хариуцлаггүй байдлаас болж олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор байгаа хэдий ч тухайн компанид үр нөлөөтэй эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байгаагаас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр, дахин гэмт хэрэг үйлдэх явдал нэг биш удаа гарсан. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаад хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлага бий болж байна.

Торгох ялын хэмжээг харьцуулах нь:
Эрүүгийн хуулийн 47.2-д “Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно” гэж заасан байна.
Эрүүгийн хууль дахь торгох ялын хэмжээ нь гэмт хэрэг үйлдэх үеийн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарна. Одоогийн байдлаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 192000 төгрөг байгаа бөгөөд ЭХ-д заасан торгох ялыг мөнгөн дүнд шилжүүлбэл 960000-аас 96000000 төгрөг байгаа юм.
Торгох ялыг оногдуулахдаа дараах нөхцөлийг харгалзана:
-          Ялтны үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөнийг харгалзах
Ж: 145.1 “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл баривчлах ял шийтгэнэ” гэж заасан бол энэ гэмт хэргийн арай хүндрүүлсэн хэлбэр болох 145.2-д “Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял”  гэж заасан байгаа нь торгох ялын хэмжээг нэмэгдүүлсэн нь харагдаж байна. Түүнчлэн үүнтэй адилаар гэмт хэргийн хүнд хөнгөнөөс хамааран торгох ялыг ялгамжтай оногдуулсан зүйл заалтууд ЭХ-д олон байгаа юм. Тодруулбал: 144.1 144.2; 115.1, 115.2, 115.3; болон 104.1, 104.2 гэх мэт.
-          Ялтны эд хөрөнгийн байдал (ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж)
-          Хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал
ЭХ-ийн 54 дүгээр зүйлд заасан Ял оногдуулах нийтлэг зарчим, 55-р зүйл дэх Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 56-р зүйл дэх Ял хүндрүүлэх нөхцөл байдлыг торгох ял оногдуулахдаа харгалзан үзнэ.
Тэгвэл Гэмт хэргийн тухай хуульд Торгох ялын хэмжээг “Торгох ялын хэмжээ нь нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж заасан. Энэ нь мөнгөн дүнгээр авч үзвэл 140000-90000000 төгрөг байгаа юм.
ГХтХ-д торгох ялыг  тогтоохдоо дараах нөхцөлийг харгалзана. Үүнд:
-          Ялтны үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөн
ГХтХ-д гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилаагүй ч илүү их хохирол учруулсан гэмт хэрэгт илүү их хэмжээний торгох ял оногдуулахаар заасан байна. Жишээлбэл: 17.4 Хөрөнгө завших
1.      Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол 100-24000 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
2.      Энэ гэмт хэргийг:
2.1.Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн
2.2.Хүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулсан
2.3.Их хэмжээний хохирол учруулсан бол 10000-40000 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.      Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 24000-60000 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
-          Ялтны эд хөрөнгийн байдал
-          Хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал
ГХтХ-ийн 6.5-д Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д Ял хүндрүүлэх нөхцөл байдлыг зааж өгсөн бөгөөд торгох ял оногдуулахдаа харгалзан үзнэ.
Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэх:
ЭБШХ-ийн 332.3-д  “Шийтгүүлсэн этгээд торгуулийг богино хугацаанд төлөх бололцоогүй байвал 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах буюу мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлж болно” хэмээн процессийн хуулиар зааж өгсөн байхад ГХтХ-ийн 5.3.2-д “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан, түүнчлэн ЭХ-тай харьцуулахад  торгох ялыг хэсэгчлэн биелүүлэх хугацааг харьцангуй урт буюу 5 жилээр тогтоож өгсөн нь ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болох нь харагдаж байна.
Торгох ялаар сольж болохгүй тохиолдол:
            Торгох ялыг бусад ялаар сольж болохгүй тохиолдол нь ялыг эдлүүлэх шударга ёсны илрэл бөгөөд хүмүүсийн аж амьдралд эдийн засгийн эрхийн ялгаа гардаг нийгмийн нөхцөлд бүрнээ зохицсон заалт юм. Өөрөөр хэлбэл ял нь мөнгөөр арилждаг таваар биш гэмт этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх төрийн албадлага юм.[5]
ЭХ-ийн 47.4-д “Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялыг торгох ялаар солихыг хориглоно” гэж заасан нь хөрөнгөтэй хүмүүсийг ял завшихаас сэргийлсэн, ял зайлшгүй байх зармыг баталгаажуулсан эрх зүйн үндэслэл болсон байна.
Харин ГХтХ-д бусад ялыг торгох ялаар солихыг хориглосон заалт байхгүй байна.
Торгох ялыг биелүүлээгүй бол бусад ялаар солих тухай:
ЭХ-ийн 47.3-д “Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг баривчлах, 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно” гэж заасан.
 Түүнчлэн 2008 оны 2 сарын 1-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр торгох ялаас ноцтой зайлсхийвэл “баривчлах ялаар солих” гэсэн заалтыг хассан байна.[6]
Эрүүгийн хууль дахь торгох ялыг хорих ялаар солих хууль зүйн үндэслэл нь “торгох ялаас ноцтой зайлсхийсэн” явдал юм. Торгох ялаас ноцтой зайлсхийх гэдгийг ШШГтХ-ийн 93-р зүйлд “эд хөрөнгө, хөдөлмөрийн хөлс, цалин орлогоо нуух, бусдад хууль бусаар шилжүүлэх, үрэгдүүлэх, шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр байнга оршин суух газраа өөрчлөх зэргээр торгох ялыг хэрэгжүүлэхгүйн тулд хийж буй ялтны санаатай үйлдэл юм” гэж тодорхойлсон.
Харин ГХтХ-д 5.3.3-д “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан. Эндээс торгох ялыг хорих ялаар солих хууль зүйн үндэслэл нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй байх явдал болох бөгөөд биелүүлээгүй гэдэгт ШШГтХ-ийн 93-д заасан “торгох ялаас ноцтой зайлсхийх” тухай ойлголтийг багтааж ойлгож болох юм.

Дүгнэлт
Эрүүгийн хууль болон Гэмт хэргийн тухай хууль дахь торгох ялын зохицуулалтыг харьцуулан үзэхэд дараах дүгнэлтийг хийж болохоор байна.
Төсөөтэй тал:
-          Торгох ялыг үндсэн ялын чанартай хэрэглэхээр заасан.
-          Торгох ялыг оногдуулахад харгалзах нөхцөлүүд нь адилхан
-          Торгох ялыг биелүүлээгүй бол адилхан хорих ялаар солих тухай заасан.
Ялгаатай тал:
-          ГХтХ-ийн торгох ялын хэмжээ нь  “тооцооны нэгж” буюу “доллар”-оор эсвэл “тухайн өдрийн доллартай харьцах төгрөгийн ханш”-аар тооцогдхоор байгаа нь ЭХ-д байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад илүү “савалгаатай” байх магадлалтай юм.
-          ГХтХ-д торгох ялыг 5 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж болохоор заасан нь ЭХ-тай харьцуулахад ялтын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн.
-          Торгох ялыг биелүүлээгүй бол ЭХ-д 3 хүртэл жилээр хорихоор заасан бол ГХтХ-д төлөөгүй үлдсэн ялын 15 тооцооны нэгжийг 1 өдрөөр тооцон хорих ялаар солихоор заасан бөгөөд торгох ялын дээд хэмжээ нь 40000 тооцооны нэгж гэж тооцвол ялтан 7 жил хүртэл хугацаагаар хоригдох болж байгаа нь ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна.
-          Эрүүгийн хуульд биш харин процессийн хууль болох ЭБШХуульд зохицуулсан зарим зүйл заалт /332.3/-ыг Гэмт хэргийн тухай хуулийн 5.3.2-д шууд зааж өгсөн.





[1] С.Нарангэрэл. Монгол улсын эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги. 1999 он.
[2] Д.Баярсайхан. Харьцуулсан эрүүгийн эрх зүй. УБ.,2012 он.
[3] Г.Совд. Эрүүгийн хуулийн тайлбар.УБ.,2002 он.
[4] Хууль Зүйн Сургууль “Дэлхийн Эрүүгийн загвар хууль ба Орчин үе”.УБ.,2013. 50-р тал
[5] Г.Совд “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар.УБ.,2005 64-р тал
[6]Ханнс-Зайделийн сан “Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль”.УБ.,2010