вторник, 27 мая 2014 г.

Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн зохицуулалт, тулгамдаж буй асуудал



Парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан эрх бүхий хуулийн байгууллагаас хянан шалгахаас үүдэн Парламентын гишүүний халдашгүй байдлын нэг хэсэг болох бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт бий болох бөгөөд энэхүү асуудлыг улс орнууд өөр өөрийн улс төр, нийгэм, эрх зүйн болон соёлын байдлаас хамааран ялгаатай байдлаар зохицуулсан байдаг.
Манай улсын хувьд Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааж УИХ-д гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг өгсөн боловч, нарийвчлан зохицуулсан УИХ-ын тухай хуульд зөвхөн “гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэцхээр хязгаарласан нь Парламентын гишүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжийг хязгаарлаж, гэмт хэрэг үйлдсэн бол ял зайлшгүй хүлээх байдлаас бултах боломж олгож байгаа нь энэхүү зохицуулалтыг илүү нарийвчлан судалж, бусад орны Үндсэн хуулийн зохицуулалттай харьцуулж, боловсронгуй болгох ямар боломж байгааг судлах шаардлагатай байгааг харуулж байна.

Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт:
Парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах нөхцөлд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ойлголт бий болох бөгөөд энэ нь Парламентын гишүүний хуулиар хамгаалагдсан халдашгүй байдалтай салшгүй холбоотой ойлголт юм. Учир нь Парламентын гишүүний халдашгүй байдлын баталгааг илэрхийлэх хоёр ойлголт байдаг. Эдгээр ойлголт нь нэр томъёоны хувьд: иммунитет болон индемнитет гэсэн хоёр үгээр илэрхийлэгддэг. Индемнитет нь парламентын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохоос бусад тохиолдолд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй бөгөөд энэхүү хамгаалалт нь бүрэн эрхийн хугацаа дууссан ч хүчинтэй байдаг. Харин иммунитет нь парламентын гишүүнийг гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсанаас бусад тохиолдолд албадан баривчлах, саатуулах, цагдан хорихгүй байх зэрэг ойлголтыг илэрхийлдэг. Энэхүү халдашгүй байдлыг манай улсын хувьд Үндсэн хуулийн 29.2 болон УИХ-н тухай хуулийн 6.9.1-д зааж өгсөн байна.

Монгол улсын Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн зохицуулалт, тулгамдсан асуудал:
Монгол улсын хувьд Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Үндсэн хуулийн 29.3.-д “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.[1][1]” гэж заасан байна. Эндээс үзвэл гишүүний гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж, эрх бүхий хуулийн байгууллагаас шалгахаар бол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах эсэхийг УИХ шийдэхээр зааж өгсөн байна. Хэрэв УИХ-аас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэвэл тухайн гишүүнийг хэрэгт холбогдуулан шалгах боломжгүй болно.

Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг анх 2006 оны 01 сарын 06-ны өдөр баталсан УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 9 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан байсан боловч Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 02 тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн хэмээн хүчингүй болгосон. Гэвч 2013 оны 01 сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж дараах байдлаар томъёолсон байна.. Тодруулбал, УИХ-н тухай хуулийн 6.9. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.[2][2]

Энэхүү заалтын агуулгаас үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал нь зөвхөн тухайн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л хэлэлцэгдэх ёстой болж байна. Гэвч УИХ-ын гишүүдийн үйлдэж болох гэмт хэрэгүүд  нь ихэвчлэн авлига, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт хэргүүд байх бөгөөд эдгээр гэмт хэрэг нь үйлдэл, газар дээрээ нотлох баримттайгаар баривчлахад хүндрэлтэй хэргүүд юм.
Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоохын тулд хуульд заасан ажиллагааг явуулах шаардлагатай болдог. Гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтад үндэслэн тухайн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дүнд хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал гарч ирдэг байтал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр энэ ажиллагаа явагдах боломжгүй болж байна.[3] Учир нь УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуульчилсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь УИХ-ын шийдвэрлэх асуудал учир гэмт хэрэг үйлдсэн гишүүдэд хариуцлага хүлээлгэх нь хүндрэлтэй болж байгаа юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ-ын тухай хуульд дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд:
6.10. Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 6.9.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.
6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.12. Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.13. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
6.14. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана.

Үндсэн хуульд зааснаар ээлжит бус чуулганыг нийт гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар /25 гишүүн шаардсанаар/, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулна.[4] Түүнчлэн Үндсэн хуулийн 27-р зүйлийн 6-д зааснаар гишүүдийн олонхи буюу 39 гишүүн хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн буюу 21 гишүүний саналаар асуудлыг шийднэ. Энэ нь манай улсын парламентыг улс төрийн хоёрхон нам бүрдүүлж байгаа дараах нөхцөлд парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь боломжгүй болох нь харагдаж байна. 2000-2012 оны Парламентын гишүүдийг намын харъяаллаар нь авч үзвэл:[5]
v  2000-2004 оны Парламент: МАХН нам 72 гишүүн, Ардчилсан холбоо эвсэл-1, МЗН-НН-1, Бие даагч-1 гишүүн.
v  2004-2008 оны Парламент: Эх орон-Ардчилсан эвсэл-37, МАХН-35, БНН-1, Бие даагч-3
v  2008-2012 оны Парламент: МАХН-46, АН-27, ИЗН-1, НН-1, Бие даагч-1
v  2012-2016 оны Парламент: МАН-26, АН-34, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл-11, ИЗНН-2, Бие даагч-3 гишүүн байна.

Түүнчлэн 2000 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдол байхгүй байна. 

Энэ бүхнээс дүгнэвэл, дараах шалтгаануудын улмаас Парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг илүү нарийвчлан боловсронгуй болгон зохицуулах шаардлага тулгарч байна. Үүнд:
-          Үндсэн хуулийн 29-3-р зүйл болон түүнийг нарийвчлан зохицуулсан УИХ-ын тухай хуулийн заалтууд нь Парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хууль зүйн хангалттай үндэслэл болж чадахгүй байна.
-          2013 онд өөрчлөн найруулсан хэдий боловч УИХ-н тухай хууийн 6-р зүйлийн 9 дэх хэсэг нь агуулгын хувьд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байна.
-          Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг авч үзвэл УИХ-ын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа нь Парламентын гишүүн болж эрүүгийн хариуцлагаас нуугдах боломж мэт ойлгогдож байгааг залруулах шаардлагатай байна.
-          УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүнийг албадан саатуулах, баривчлах, үзлэг, нэгжлэг хийх зэргээр мөрдөн байцаах шаардлага бий болсон үед тухайн гишүүний эрхийг түдгэлзүүлэх боломжгүй болгосон нь хэргийн үнэн мөнийг тогтооход бэрхшээл учруулж байна.



[3][1] Монгол улсын үндсэн хууль. 29.3-р зүйл
[4][2] Монгол улсын Их хурлын тухай хууль. 6 дугаар зүйл
[5][3] Үндсэн хуулийн Цэцийн 2012 оны 02 сарын 15-ны 02 дугаар тогтоол
[6][4] Монгол Улсын Үндсэн хуулийн 27.3-р зүйл
[7][5] open.parliament.mn/question/list.htm










Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?