понедельник, 23 декабря 2013 г.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүх, сонгуулийн систем

            Монгол улсын хувьд 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулийг баталж төрийн эрх барих дээд байгууллагыг ардчилсан сонгуулийн зарчмаар байгуулах, иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан билээ. Энэ нь 1992 оны Үндсэн хуульд дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд:
-          3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
-          16.1.9. Шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
            Үндсэн хуульд зааснаар тэрхүү төлөөллийн байгууллага нь Улсын Их Хурал бөгөөд УИХ нь 76 гишүүнтэй байна. УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн 21.2-д заасны дагуу Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Мөн Үндсэн хуулийн 21.4-д Улсын их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан.
            Улсын их хурлын сонгуулийн тухай хууль анх 1992.04.04-нд батлагдаж, 1992.04.10-нд Улсын Бага Хурлын 18 дугаар тогтоолоор УИХ-ын дэргэд сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн Ерөнхий Хороог 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.[1] Ингэж иргэдийн сонгох, сонгогдох эрх хууль зүйн хувьд баталгаажснаар өдгөөг хүртэл УИХ-ын 6 сонгууль, Ерөнхийлөгчийн 6 сонгууль явагдаад байгаа билээ.
1992 оны УИХ-ын сонгууль:
            1992.06.28-нд УИХ-ын анх удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 10 намаас болон бие даагч 293 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 95.6 хувь нь сонгуульд оролцсон байна.[2] Нэр дэвшигчдийн 275 нь улс төрийн нам, эвслээс, 18 нь бие даан нэр дэвшигч байсан байна.[3] Энэхүү сонгууль нь олон мандаттай мажоритар системээр явагдаж тойрог бүрд 2-4 гишүүн сонгогдохоор явагдсан. Сонгуулийн дүнд МАХН 76 суудлын 71-ийг авчээ. Эрх барих дээд байгууллагыг сонгож байгуулахад нөлөөлдөг нэг чухал асуудал бол сонгуулийн систем бөгөөд энэ нь сонгуулийн үр дүнд багагүй нөлөөлдөг байна.
            Анхны сонгуулиар УИХ-ын гишүүдийг мажоритар системээр сонгосон билээ. Сонгуулийн мажоритар систем нь хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Олон мандаттай тойрогтой тохиолдолд нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, мандатын тоогоор суудал хуваарилна. Мажоритар сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд хоёр намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг. Мажоритар систем нь дараах онцлогтой байна.[4]
Мажоритар системийн давуу тал:
-          Аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялж дангаараа Засгийн газар байгуулах магадлалтай ба хүчтэй сөрөг хүчин бий болдог.
-          Газарзүйн төлөөлөл илэрхий учраас парламентын гишүүн, сонгогчид нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нөхцөл бүрэлддэг.
-          Хувь хүн болон улс төрийн намын фактор хоёулаа чухал үүрэгтэй байдаг тулд хүчтэй бие даан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулах боломжтой.
-          Улс төрийн нам, нэр дэвшигчтэй хариуцлага тооцох буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуулиар хариуцлага тооцож, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх бүрэн боломжтой.
Мажоритар системийн сул тал нь:
-          Олонхийн зарчим нь суурь сайтай, томоохон улс төрийн намуудад давуу байдал олгодог ба тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн, жижиг намуудад халгаатай.
-          Сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай.
-          Дов жалганы үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг.
-          Олонхийн саналыг цуглуулахад чиглэсэн популист амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэх шаардлагатай болдог.
            Мажоритар  системийн давуу ба сул талыг харгалзаж үзвэл 1992 оны сонгуульд МАХН суурь сайтай, нэр дэвшигчид нь илүү танигдсан байсан учраас олонхи болж чадсан гэж үзэж болохоор байна.
1996 оны УИХ-ын сонгууль:
            1996.06.30-нд УИХ-ын хоёр дахь удаагийн сонгууль явагдаж абсолют мажоритар системээр 76 тойрогт 5 нам, МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо”, МАСН-МАН-ын “Ардчилсан төр”  эвслээс болон бие даагч нараас бүрдсэн 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.15 хувь сонгуульд оролцсон байна.[5] Сонгуулийн 76 тойрогт МАХН-аас 25, МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслээс 50, МУНН-аас 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Сонгуулийн дүнгээс үзэхэд: сонгогдсон гишүүдийн 48 буюу 63.1 хувь нь сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан байна.[6]
            Ингэж  өнгөрсөн сонгуульд олонхи болсон нам мөрийн хөтөлбөрөө сонгогчдын саналд хүртэл хийж чадаагүй бол сонгогчид хариуцлага тооцож сөрөг хүчинд санал өгч “Ардчилсан холбоо” эвсэл олонхи болсон нь мажоритар системийн нэг онцлог юм.
2000 оны УИХ-ын сонгууль:
            2000.07.02-нд УИХ-ын гурав дахь сонгууль мөн мажоритар  системээр явагдаж 602 хүн нэр дэвшиснээс 575 нь улс төрийн 13 нам, 3 эвсэлээс, 27 нь бие даан нэр дэвшигчид оролцов. УИХ-ын 1996 оны сонгуультай харьцуулахад сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоо хоёр дахин илүү байсан.[7] Сонгуульд нийт сонгогчдын 82.43 хувь оролцож санал өгсөн ба УИХ-ын гишүүнээр МАХН-аас 72, “ИЗ-НН” эвслээс 1, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ээс 1, Эх орон-МАШСН-аас 1, бие даагч 1 хүн тус тус сонгогдсон байна.[8]
            2000 оны сонгуулиар сонгуулийн системээ өөрчлөх тухай нэлээд яригдаж байсан боловч Ардчилсан холбоо эвсэл өөрчлөлтөөс татгалзсан бөгөөд улмаар МАХН сонгогчдын 50,4 хувийн санал авсан мөртөө УИХ-ын суудлын 72-ийг авсан байна. Эндээс мажоритар системд сонгогчдын санал ихээхэн гээгддэг болохыг харж болно. Сонгогчдын санал гээгддэг асуудал нь сонгуулийн мажоритар системийн  хамгийн том сул тал юм.
2004 оны УИХ-ын сонгууль:
            2004.06.27-нд УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж, мөн бие даагч нэр дэвшигчид өрсөлдөж, нийт сонгогчдын 81.94 хувь нь саналаа өгсөн байна.[9] Сонгуулийн дүнд УИХ-н гишүүнээр МАХН-аас 36, “Эх орон-Ардчилал” эвслээс 34, ББН-аас 1, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогджээ.[10]
            Энэ удаагийн сонгуулийн үеэр мажоритар сонгуулийн системийн бас нэг том дутагдал улам тодорхой болсон нь “Сонгуулийн ерөнхий хорооноос удаа дараа урьдчилан сануулсаар байхад энэ удаагийн сонгуулийн явцад зарим нэр дэвшигч Сонгуулийн хуулийг үл хүндэтгэн, сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдсон, хүмүүсийг бөөнөөр нь шилжүүлэн санал өгүүлэх, архидуулах, эмх замбараагүй байдал бий болгох санаархал гарсан явдалд гүнээ харамсаж байна”[11]  гэж мэдэгдсэнээс харагдаж байна.
2008 оны УИХ-ын сонгууль:
            2008.06.29-нд УИХ-ын сонгуулийн тав дахь удаагийн сонгууль явагдаж энэ удаа сонгуулийн тогтолцоог өөрчилж 1992 оны сонгуулийн системийн загварыг дахин авсан боловч сонгогч мандатын тоогоор биш өөрийн хүслээр хэдэн ч нэр дэвшигч дээр санал өгөх эрхтэй болсон байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдохоор 26 тойрогт 356 хүний нэр саналын хуудсанд бичигдсэний 311 нь улс төрийн нам, эвслээс, 45 нь бие даан нэр дэвшигч байснаас 66 нь эмэгтэй нэр дэвшигчид байв. Нийт сонгогчийн 76.46 хувь нь саналаа өгч МАХН-аас 39, Ардчилсан намаас 25, ИЗН-аас 1, бие даан нэр дэвшсэн 1 хүн тус тус сонгогдсон байна.[12]
Нэг сонгогч олон нэр дэвшигчид саналаа өгөх эрхтэй болсноор нийт саналын тоо хэд байх ёстойг тогтоох аргагүй болж эндээс “0” нэмэх гэдэг булхай өргөн ашиглагдсан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь 100 санал авсан байхад ард нь тэг нэмээд мянга болгож болох ба үүнийг магадлах арга үгүй юм.[13] Сонгуулийн үр дүнд үл итгэсэн иргэдийн жагсаал эцэстээ үймээн болж монгол улс түүхэндээ анх удаа онц байдал зарлаж хүний амь эрсэдсэн билээ. Үүнээс гадна энэ системээр болж буй сонгуульд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөн намын хүнээ унагах сонирхол буй болдог гажиг бас ажиглагдсан билээ.
2012 оны УИХ-ын сонгууль:
2012.06.28-нд УИХ-ын ээлжит сонгууль явагдсан бөгөөд энэхүү сонгууль нь 2011 онд шинээр батлагдсан сонгуулийн тухай хууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу явагдсан билээ. Сонгуулийн автоматжуулсан систем гэдгийг хуульд сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн санг бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогц ойлголт гэж тодорхойлсон байна.[14]
            2011 онд батлагдсан сонгуулийн тухай хуулиар сонгуулийн холимог тогтолцоогоор буюу 26 тойргоос 48 гишүүнийг мажоритар системээр, 28 гишүүнийг намын жагсаалтаар пропорциональ системээр сонгохоор болсон билээ. Энэ сонгуульд хэрэглэсэн пропорциональ систем нь дараах онцлогтой байдаг. Үүнд:
Аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ноогдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойргийн нийт сонгогчдын 50 хувийн саналыг авсан нам нийт мандатын 50 хувь буюу 5 мандат авах ёстой. Пропорциональ сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд олон намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг. Пропорциональ системийн онцлогийг авч үзвэл:[15]
Пропорциональ системийн давуу тал:
-          Дийлэнх сонгогчдын санал УИХ-д тусгалаа олдог буюу санал гээгдэх явдал бага.
-          Төр засгийн бодлого парламентад төлөөлөлтэй намуудын бодлогын нийлбэрээс урган гарч, өргөн цар хүрээг хамардаг.
-          Босго давсан жижиг намууд авсан саналынхаа хэмжээгээр парламентад төлөөлөлтэй болдог.
-          Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг.
Пропорциональ системийн сул тал:
-          Аль нэг нам олонхийн суудал авах магадлал багасдаг тул эвслийн Засгийн газар байгуулагдаж, жижиг намуудын шахалтанд орох магадлалтай.
-          Том намууд цаг ямагт тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг ба сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг тул улс төрийн намуудад хариуцлага тооцох боломж хомс.
-          Улс төрийн намуудын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрдөг ба бие даан нэр дэвшигчдэд халгаатай.
-          Парламентын гишүүн, сонгогч хоорондын уялдаа холбоо үлэмж багасдаг.

2012 оны УИХ-ын сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцсон бөгөөд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлснээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч 26 байсан байна. Сонгуулийн дүнд УИХ-ын гишүүнээр МАН-аас 25, АН-аас  31, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвсэл”-ээс 11, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдсон билээ. [16] Энэ удаагийн сонгууль нь сонгуулийн шинэ системээр, автоматжуулсан хэлбэрээр явуулсан нь их онцлогтой байсан.
Манай улс 1992 оноос хойш 6 удаа сонгууль явуулахдаа сонгуулийн мажоритар систем, холимог системийг авч хэрэгжүүлж үзсэн байна. Сонгуулийн систем нь улс төрийн намын тогтолцоог тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг бөгөөд олон намын тогтолцоотой байх уу?, эсвэл хоёр намын тогтолцоотой байх уу? гэдэг нь үндсэндээ сонгуулийн системээс шууд хамаардаг тухай онол /Дювержегийн хууль/ байдаг. Сонгуулийн мажоритар систем нь хоёр намын тогтолцоог бий болгож ялагч бүхнийг авах зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл ялагч нам нь бүгдийг авна, ялагдсан нь юу ч үгүй хоцорно. Тэгвэл сонгуулийн пропорциональ системийг хэрэглэснээр парламентад олон намын төлөөлөл бий болж, төр ганцхан намын эрх ашгийг илэрхийлэгч болохгүй, олон намын ашиг сонирхол илрэн гарч өрсөлдөн, зөвшилд хүрэх баталгааг бүрдүүлнэ. Үүнээс гадна парламентад нийгмийн улс төрийн ашиг сонирхол тэнцүү тусч, намууд хоорондоо зөвшилцөн гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах нэг нөхцөл болно. Товчоор хэлбэл засгийн газрыг парламент дахь зөвшилцлийн үндсэн дээр сонгодог. Энэ системийг хэрэглэснээр гарах сөрөг үр дагавар бас байгаа боловч тэдгээрийг дараах байдлаар даван туулах боломжтой.
1.Парламентад хэт олон жижиг намууд бий болох боломжтой бөгөөд түүнийг босго тогтоон барьж болно. Манай улсын хувьд парламентад сонгогдох босго хувийг 5 хувь гэж тогтоосон.
2.Энэ системийн үед олон нам сонгогддог учраас ихэнхдээ эвслийн засгийн газар бүрддэг бөгөөд засгийн газрын тогтвортой байдлыг хангах асуудал гарч ирдэг. Хэрэв ийм нөхцөл үүсвэл Германы жишгээр засгийн газрыг огцруулахдаа дараагийн засгийн газрыг нэгэн зэрэг шийдвэрлэдэг механизмыг оруулснаар энэ асуудлыг шийдэж болохоор байна[17].

            Монгол улсын хувьд 1992 оноос хойш УИХ-ын сонгуулийг 6 удаа явуулсан бөгөөд эхний 5-ыг нь мажоритар системээр, 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорциональ системийн холимог системээр явуулсан байна. Улс орнууд өөрийн орны нийгэм, улс төрийн онцлогт нийцсэн сонгуулийн системийг бий болгохоор зорьж байгаа бөгөөд сүүлийн үед дэлхийн ихэнх орнууд пропорициональ системийг илүү сонгох болсон билээ. Үүнийг дагаад манай улсын хувьд ч ялгаагүй өөрийн орны онцлогт тохирсон сонгуулийн системтэй болохыг зорьж сонгуулийн системийн хэд хэдэн хувилбарыг авч хэрэгжүүлсний эцэст холимог системийг сонгож аваад байгаа билээ. Сонгуулийн холимог тогтолцоо нь олонхийн систем болон хувь тэнцүүлэх системийн давуу талуудыг нэгтгэх гэсэн оролдлогод тулгаардладаг. Сонгуулийн холимог систем нь өмнө хэрэглэж байсан мажоритар системтэй харьцуулахад өөрийн давуу болон сул талтай хэдий ч сул талыг нь даван туулах боломжтой болох нь харагдаж байна.




[2] Мөн тэнд
[3] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[4] Гангабааатар Д. Үндсэн хуулийн эрх зүйн удиртгал.УБ.,2012
[6] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[7] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[8] Мөн тэнд
[10] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[11] Монгол УИХ-ын 2004 оны сонгуулийн анхдугаар чуулганы хуралдаанд СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн тавьсан илтгэл.
[12] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[13] Нийтлэлч Баабар. Монгол сонгуулийн түүх нийтлэл.2012.03.22
[14] Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль.4.1.1
[15] Гангабаатар Д.Үндсэн хуулийн эрх зүйн удиртгал.УБ.,2012
[16] Сонгуулийн ерөнхий хороо. Монгол улсын их хурлын сонгуулиудын дүн. УБ.,2013
[17] Машбат О.“Бонноос Вестминстерийн зүг”. УБ.,2007

среда, 18 декабря 2013 г.

Онц байдлын тухай

Онц байдал гэж юу вэ? 
/Онц байдлын тухай хууль-1995.11.14/
2008 оны 7 сарын 1
З дугаар зүйл.Онц байдал Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон үед онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор энэ хуульд заасны дагуу иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж, тэдэнд нэмэгдэл үүрэг хариуцуулан төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар тогтоосон эрх зүйн онцгой дэглэмийг онц байдал гэнэ.
Үндсэн хуулийн 25.2
2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
                        1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг,  гэнэтийн бусад аюул тохиолдсон;
                        2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
Онц байдлыг хэн зарлах вэ?
УИХ – Ерөнхийлөгч, ЗГ, УИХ-1/4 санаачилгаар хэлэлцэж хуралд оролцсон нийт гишүүдийн 2/3-с доошгүйн саналаар шийдвэр гаргана. 
Ерөнхийлөгч –ҮХ25.2 Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана. /УИХ 7 хоногийн дотор шийдвэрлэнэ./
Онц байдал зарлах шийдвэр, зарлигт юуг тусгах вэ?
7.Онц байдал зарлах тухай санаачлагчийн төсөл,Улсын Их Хурлын шийдвэр,эсхүл Ерөнхийлөгчийн зарлигт дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/онц байдал зарлах үндэслэл болсон онцгой нөхцөл;
2/онц байдлын зорилго;
З/онц байдал хамрах нутаг дэвсгэр;
4/онц байдал үргэлжлэх хугацаа /эхлэх,дуусах он, сар, өдөр,цаг /;
5/онц байдлын үед эдд заасан онцгой арга хэмжээний алийг нь хэрэгжүүлэх болон хэрэгжүүлэх арга хэмжээ тус бүрийн, түүний дотор иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах хүрээ заагийг бий болсон нөхцөлд нийцүүлэн тогтоох;
6/энэ зүйлийн энэ хэсэгт заасан болон энэ хуулийн холбогдох бусад заалт,түүнчлэн онц байдал зарласантай холбогдуулан авах арга хэмжээг шууд хариуцаж хэрэгжүүлэх төрийн байгууллага, албан тушаалтан, тэдгээрийн энэ талаар эдлэх онцгой бүрэн эрхийг энэ хуульд нийцүүлэн нэг бүрчлэн тогтоох;
7/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр,эсхүл Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болох он, сар, өдөр, цаг.
Онц байдал үргэлжлэх хугацаа
6-р зүйл. 1.Онц байдал үргэлжлэх хугацааг Улсын Их Хурал тогтооно.
2.Онц байдал зарлахад хүргэсэн нөхцөл бүрэн арилаагүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлын үргэлжлэх хугацааг сунгаж болно.
З.Онц байдал тогтооход хүргэсэн онцгой нөхцөл бүрэн арилсан тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлыг хугацаанаас нь өмнө цуцална.
1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/цаашид "Зөвлөл" гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.
2.Улсын Их Хурал Зөвлөлийн тэргүүний санал болгосноор онц байдал үргэлжлэх хугацаагаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж болно.
Онц байдлын үе дэх шүүхийн үйл ажиллагаа
14 дүгээр зүйл.Онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт шүүн таслах ажиллагааг зөвхөн Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ. Бүх шатны шүүх шүүн таслах ажиллагааг онц байдал зарлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу явуулна.
15 дугаар зүйл.Онц байдал үргэлжлэх хугацаанд цаазаар авах ял гүйцэтгэхгүй байх Онц байдал үргэлжлэх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ цаазаар авах ял шийтгэгдсэн хүний ялыг онц байдал үргэлжлэх хугацаанд болон онц байдал дуусгавар болсон, онц байдлыг цуцалснаас хойшхи ЗО хоногт гүйцэтгэж болохгүй.
 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Онц байдлын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээ 16 дугаар зүйл.Онцгой арга хэмжээ 1.Эдд заасан үндэслэлээр онц байдал тогтоосон бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:
1.1/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах онцгой журам тогтоох;
1.5/тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх;
2.7/онц байдлын хугацаанд ажилчин, албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажилд шилжүүлэн ажиллуулах, нөхөх олговортойгоор илүү цагаар ажиллуулах;
3.4/олшруулах болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох;
Онц байдлын үед үл хөндөгдөх иргэний эрх, эрх чөлөө
ҮХ-н 19.2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
18 дугаар зүйл. Онц байдлын үед үл хөндөгдөх иргэний эрх, эрх чөлөө Э, 16 дугаар зүйлд заасны дагуу тогтоох хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг үл хөндөнө.
19 дүгээр зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт эдд заасны дагуу тогтоосон онц байдал үргэлжлэх хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй.
2О дугаар зүйл.Иргэдийн сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөний хязгаарлалт 1.Улсын нийт нутаг дэвсгэрт онц байдал тогтоосон бол онц байдал дуусгавар болох, эсхүл түүнийг цуцлах хүртэл аливаа сонгууль, ард нийтийн санал асуулга явуулж болохгүй.
  ДОЛДУГААР БҮЛЭГ Бусад зүйл 24 дүгээр зүйл.Онц байдал дуусгавар болсон, цуцлагдсанаас үүсэх үр дагавар Онц байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн бүх актыг онц байдал дуусгавар болсон, түүнийг цуцалсан үеэс эхлэн хүчингүй болгоно.
25 дугаар зүйл.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн онц байдлын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Онц байдлын тухай хууль тогтоомжийг Монгол Улсын иргэний нэгэн адил дагаж мөрдөнө.

12 хүснэгтийн хууль болон Гайн сурах бичгийг цаг хугацаа, бүтэц болон агуулгын хувьд харьцуулах нь

12 хүснэгтийн хууль болон Гайн сурах бичгийг цаг хугацаа, бүтэц болон агуулгын хувьд харьцуулах нь:
Цаг хугацааны хувьд харьцуулах нь:
12 хүснэгтийн хууль:
            12 хүснэгтийн хууль нь Ромын анхны бичмэл хууль бөгөөд мэө 451-450 онд гарсан гэж үздэг. Энэ  нь цаг хугацааны хувьд:
-          Ромын эрх зүйн хөгжлийн үе шатаар авч үзвэл, Сонгодог эрх зүйн өмнөх үеийн эрх зүй буюу Ромын эртний эрх зүй (м.э.ө VI-III зууны дунд үе)-д хамаарч байна.[1]
-          Ромын төрийн үүслийн үечлэлийн үүднээс авч үзвэл, Ромын Бүгд Найрамдах Засаг бүрэлдэн тогтож, бэхжсэн (м.э.ө VI-IV зуун) үе[2]
            Дээрх үе нь патриц болон плебей нарын улс төрийн тэмцэл явагдаж байсан үе бөгөөд тэдгээрийн тэмцлийн үр дүнд энэхүү хууль нь бий болсон гэж үздэг. Ромын эртний 300 омгийн гишүүдийг патриц гэж нэрлэх бөгөөд улс төр, эдийн засгийн болон хувийн бүрэн эрх чөлөөтэй иргэд байсан. Харин гаднаас нүүдэллэн суурьшсан, улсын шинэ харъяат иргэд Ромын хүй нэгдэлд хамаарагддаггүй тул ард түмний бүрэлдэхүүн хэсэг гэж үздэггүй, “харь иргэд” буюу плебей хэмээн нэрлэгдэж, хязгаарлагдмал эрхтэй байжээ. Плебей нар эдийн засгийн болон хувийн эрх чөлөөтэй байсан боловч ардын хуралд оролцох, сонгох сонгогдох улс төрийн эрхгүй байв.[3] Тухайн үед плебейчүүд худалдаа, аж үйлдвэрийн баялгийн ихэнхи хувийг эзэмшиж байсан бөгөөд газар нь патриц, плебейчүүдийн хооронд тэгш хуваагдсан тул тэдний хооронд байнгын тэмцэл явагдаж байсан тэрхүү цаг хугацаанд энэ хууль гарсан байна.
Гайн сурах бичиг
            Гайн сурах бичиг нь м.э 161 оны үед гарсан гэж үздэг. Ромын хуульч Гайн намтар болон бүтэн нэрийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй боловч м.э 130-180 оны үед үйл ажиллагаа явуулж байсан гэж үздэг байна.[4] Энэхүү хууль нь цаг хугацааны хувьд:
-          Ромын эрх зүйн хөгжлийн үе шатаар авч үзвэл, Сонгодог эрх зүйн (м.э.ө III зууны дунд үеэс м.э III зууны сүүлч хүртэлх үе)[5] үед,
-          Ромын төрийн үүслийн үечлэлээр авч үзвэл, Хаант засгийн үе (м.э.ө 27 оноос м.э 476 он) үед хамаарах бөгөөд, тодруулбал сонгуулийн Хаант Засгийн үе (м.э 27 оноос м.э 284 он)-д хамаарч байна.[6]
Энэ үед Ромын нутаг дэвсгэр өргөжин тэлэхийн хэрээр ромын иргэдийн тоо ч нэмэгдэж байсан хэдий ч нийгмийн ялгарал улам гүнзгийрч байсан.Төрийн удирдлага принцепсын гарт шилжиж, эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч эхэлсэн байна. Энэ үеийн эрх зүй нь үндсэн иргэдийн төдийгүй харь иргэдийн эрхийг хамгаалж, үйлчлэх хүрээ нь тэлж, агуулга нь өргөн хүрээтэй болсон байна.
Энэхүү хоёр хууль нь цаг хугацааны хувьд хоорондоо маш их зөрүүтэй байгаа боловч  тухайн цаг үеийнхээ улс төр, нийгмийн хөгжлөөс урган гарч нийгмийн харилцааг зохицуулж байжээ.
Бүтцийн хувьд харьцуулах нь:
12 хүснэгтийн хууль:
              Энэхүү хуулийн жинхэнэ эх нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдээгүй бөгөөд Ром, Грекийн зохиогчдын өнгөрсөн зуунд найруулан бичсэн хэсгүүдээс бүтсэн байна.[7] Энэ хууль нь 12 хэсгээс бүрдэж байгаа боловч Гайн сурах бичигтэй харьцуулахад системчилсэн  байдлаар 12 хэсэг болгож хуваагаагүй байна. Энэ хуулийг 12 модон самбар дээр сийлбэрлэн бичиж хотын төвд байрлуулсан учраас “XII хүснэгтийн хууь” гэж нэрлэх болсон бөгөөд Ром хотод оршин суугч хэн боловч хуулийг мэдээгүйн улмаас зөрчсөн гэж хэлэх боломжгүй байжээ.[8]  
Гайн сурах бичиг:
              Гайн сурах бичиг нь бүтцийн хувьд 3 дэвтэрээс бүрдэж байна. 12 хүснэгтийн хуультай харьцуулахад илүү системчлэгдсэн байжээ. Тодруулбал, 1-р дэвтэр нь хүний эрхийн тухай, тэдгээрийн эрх зүйн чадамж, эрх чөлөөтэй байх тухай болон гэр бүлийн харилцааны тухай  заасан, 2-р дэвтэрт эд юмс болон өмчийн харилцааны тухай, 3-р дэвтэрт өв залгамжлал, бусдад хор хохирол учруулсан гэмт үйлдлийн тухай заалтуудыг оруулсан байна.
Агуулгын хувьд харьцуулах нь:
12 хүснэгтийн хууль:
              12 хүснэгтийн хуулийг агуулгын хувьд дараах байдлаар авч үзэж болж байна. Үүнд:
-          1-р хүснэгт: Гэмт хэрэгтнийг шүүх хуралд дуудах, шүүх ажиллагаатай холбоотой заалт
2-р хүснэгт: Шүүх хурлын үйл ажиллагаа
3-р хүснэгт: Өртөнийг шийтгэх тухай
4-р хүснэгт: Эцгийн эрхт ёсыг хамгаалсан агуулгатай заалтууд
5-р хүснэгт: Гэрээслэл, гэр бүлийн харилцааны тухай
6-р хүснэгт: Газар, өмчтэй холбоотой харилцааны тухай
7-р хүснэгт: Иргэдийн газрын маргаан, түүнийг шийдвэрлэх тухай
8-р хүснэгт: Хулгай, гэмт үйлдэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх тухай
9-р хүснэгт: Цаазаар авах ял шийтгэлийн тухай
10-р хүснэгт: Оршуулгын үйл ажиллагааны тухай
11-р хүснэгт: Гэр бүл болох тухай
12-р хүснэгт: Шүүхийн маргаан таслах тухай
              Энэхүү хууль нь Ромын иргэдийн эрх ашгийг хамгаалж байсан. Тийм учраас энэхүү хууль нь хязгаарлагдмал шинжтэй байсан байна.Тодруулбал:
-          9-р хүснэгтийн 1-2д Өөрийн эрх ашигт нийцүүлэх үүднээс хууль зөрчих тусгай эрх олж авахыг бүү санаарх. Ромын иргэнийг цаазаар авах ял бүү гарга.
-          8-р хүснэгт 3. Хэрэв эрх чөлөөт хүний ясыг гараараа буюу модоор цохин хугалвал 300 ассын, харин боолынхыг хугалвал 150 ассын торгууль төлнө.
-          8-р хүснэгт 14. Чөлөөт хүмүүс хулгай хийж байгаад газар дээрээ улайм цайм баригдвал биеэр эдлүүлэх ял оноох ба хулгай хийж байсан айлынх нь эзэнд барьж өгнө. Харин боолчууд тийнхүү баригдвал ташуураар цээрлүүлэх ба хаднаас түлхэн хорооно.
            Мөн боолыг объект гэж үзэж, талионы зарчмыг агуулж байгаа учраас харгис шинжтэй байсан. Тодруулбал:
-          4-р хүснэгт 1. Гойд зэрэмдэгээрээ ялгарч буй хүүхдийн амийг хорооход ял оноодоггүй байв.
-          8-р хүснэгт 2.Хэрэв хэн нэгэн этгээд бусдын эрхтэнг гэмтээж эрэмдэг болгочихоод хохирогчтой эвлэрэхгүй байгаа бол түүнийг өөрийг нь мөн адил эрэмдэг болго.
              Хэлбэрийн төдий зан үйлийг гүйцэтгэхийг шаардаж байсан учраас формаль шинжтэй байна. Тодруулбал:
-          6-р хүснэгт.1 Хэрвээ ямар нэгэн этгээд жинлэгч ба 5 гэрчийг байлцуулан эд зүйл хураах буюу барьцаалах хэлцлийг байгуулж байгаа тохиолдолд тэнд хэлэгдсэн үгс нь хууль зөрчөөгүйд тооцогдог.
-          6-р хүснэгт.5а Тухайн маргалдаж байгаа зүйл дээрээ гараа тавиад, эсрэг этгээдтэйгээ мэтгэлцэн, эзэмших эрхээ ёслол төгөлдөр өмгөөлнө.
            Мөн заншлын хэм хэмжээ нэлээд хэмжээгээр тусгагдаж, шашны нөлөө их байсан тул консерватив шинжтэй байжээ.
Гайн сурах бичиг:  
            Гайн сурах бичгийн агуулгыг дараах байдлаар авч үзэж болохоор байна. Үүнд:
-           1-р дэвтэрт: Ромын ард иргэд, уугуул иргэд болон харь иргэд, чөлөөт бус иргэдийн тухай, бусдын засаглалд байгаа иргэдийн тухай, эмэгтэйчүүд болон гэр бүлийн харилцааны тухай, хүмүүсийн эрх зүйн чадамжийн тухай заасан байна.
-          2-р дэвтэрт: Эд юмс болон өмч, өмчийн харилцааны тухай,
-          3-р дэвтэрт: Өв залгамжлал, садан төрлийн тухай болон гэмт үйлдлийн тухай заасан байна.
            Плебейчүүд болон патриц нарын тэмцлийн үр дүнд плебейчүүдийн хурлаас гарсан тогтоол нь бүх ард түмэнд хамаарагдах болсноор 12 хүснэгтийн хуультай харьцуулахад хязгаарлагдмал шинж нь багассан байна.
            Гайн сурах бичгийн 1-р дэвтэрт:  Ромын эрх зүйн этгээдүүд эрх чөлөөтэй иргэд ба боолчууд гэж хуваагдана. Эрх чөлөөтэй хүмүүсийн зарим нь эрх чөлөөтэй төрөгсөд, зарим нь суллагдсан боолчууд юм. Ямарваа нэг хүн дур зоргоороо боолыг чөлөөлж болохгүй гэж заасан байгаа нь боолчлолыг хүлээн зөвшөөрсөн харгис хууль байсныг харуулж байна.
             Мөн энэхүү дэвтэрт иргэний эрх зүйн чадамж, эрх зүйн чадамжаа  алдах төрлийг тодорхойлон зааж өгсөн болон  эд юмсыг хоёр ангилсан (res mancipi ба res nes mancipi) нь эрх зүйн ойлголтууд хөгжсөн нь харагдаж байгаа юм.
            Түүнчлэн хэлбэрийн төдий гүйцэтгэх зан үйлийн талаар багаггүй тусгаж өгсөн нь 12 хүснэгтийн хуульд байсан формаль шинж уламжлагдан хадгалагдсныг харуулж байна. Тодруулбал: 1-р дэвтэр 127. Өв хөрөнгө нэрээр дуудаж салгах нь хэн нэг нь хүүдээ “хүү миний өв залгамжлагч болохгүй” гэж хэлсэн тохиолдолд хийгдэнэ.
-          3-р дэвтэр 92. Үгээр хүлээх үүрэг нь асуулт хариултын аргаар бий болно. Жишээ нь: “Үүрэг хүндэтгэлтэй хүлээх үү” хүлээж байна. Амлаж байна уу? Амлаж байна. Батлах уу? Батална. Хийх үү? Хийнэ гэх мэтээр.
            12 хүснэгтийн хуулийн талаар нэлээдгүй дурдсан байгаа нь түүнээс уламжилсан, хадгалж үлдсэн эрх зүйн ойлголтууд нь гайн сурах бичигт илүү боловсронгуй болж хөгжсөнийг харуулж байна.

Дүгнэлт /дүгнэлтийг уншигч та бүхэн өөрсдөө хийнэ биз ээ./

[1] Х.Сэлэнгэ.Ромын эрх зүй.,УБ.2002 10-р тал
[2] Х.Сэлэнгэ.Ромын эрх зүй.,УБ.2002 35-р тал
[3] Х.Сэлэнгэ.Ромын эрх зүй.,УБ.2002 36-р тал
[4] http://www.britannica.com/EBchecked/topic/223590/Gaius
[5]  Х.Сэлэнгэ.Ромын эрх зүй.,УБ.2002 10-р тал
[6] Х.Сэлэнгэ.Ромын эрх зүй.,УБ.2002 35-р тал
[7] Х.Сэлэнгэ.Ромын эрх зүй.,УБ.2002  114-р тал
[8] Х.Сэлэнгэ.Ромын эрх зүй.,УБ.2002  114-р тал