Төрийн захиргаа юу, нийтийн захиргаа юу? | |
Нэгэн дүүргийн цагдаагийн хэлтэс дээр саяхан болсон хэрэг юм даг. Байцаагчтай уулзахаар дугаарласан хүн олон. Ээлж ирээд асуудлаа танилцуулж байх зуур байцаагч надтай ярингаа нарийн бичгийн дарга гэсэн өрөө рүү ороод явчихлаа. Надад бичиг хийж өгөхөөр орлоо гэж бодоод хүлээсэн ч гарч ирдэггүй. Гэтэл бүх байцаагч даргын өрөөнд хуралд орсон бөгөөд тэдний хэн нь ч энэ тухай хүлээсэн хүмүүст хэлсэнгүй. Мөн хэзээ тарахыг бас мэдэхгүй хүлээсээр. Хурал бол “төрийн” чухал ажил учраас ард иргэд бидэнд үйлчлэхээс ямагт дээгүүр тавигддагийн нэгэн жишээ энэ аж. Энэ мэт үйлчлүүлэгч олонд хүндрэл чирэгдэл учруулдаг төрийн албан хаагчийн жишээг иргэд нэг биш нэг зуугаар нэрлэх биз.
Дэлхийн олон улсад даяаршин хэрэгжиж байгаа төрийн захиргааны шинэтгэл Монголын хөрсөнд буухдаа утга агуулгаасаа гажаад байх шиг. Шалтгаан нь төр болон төрийн захиргааг ойлгох бидний ойлголтоос үүдэлтэй. Наад захын жишээ нь монголын эрдэмтдийн ном сурах бичигт төрийг тодорхойлсон тодорхойлолт, ойлголтууд хөгжингүй улс орныхоос хол зөрүүтэй. Ард түмний бүрэн эрхт байдлыг (Англиар Soүereign, Оросоор Суверен) дээдэлсэн төрийг бид ардчилсан төр хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл энэ бүрэн эрхт байдлыг манай нэр хүндтэй багш нарын ном “Төрийн бүрэн эрхт байдал нь улс орны дотоодод болон гадаадад улс төр, үзэл суртлын зэрэг аливаа бусад эрх мэдлээс төрийн засаглал буюу эрх мэдэл хараат бус байхыг хэлэх бөгөөд тэр нь төр өөрийн бүх ажил хэргийг бие дааж, чөлөөтэй шийдвэрлэдэг онцгой эрх, дангаар ноёрхох эрх мэдэлтэй байх явдлаар илэрдэг” хэмээн өгүүлжээ. (Төр, эрхзүй онолын тулгуур асуудал 2004 он)
Харин барууны орны сурах бичгүүдэд дараахь байдлаар томьёолжээ. “Уламжлалт нийгэмд төрийн бүрэн эрхт байдал нь нэг хүний засаглалд (хаант засаглал) байдаг бол ардчилсан нийгэмд ард түмэн бүрэн эрхийг эдэлж төр тэдэнд үйлчлэгч агентын үүргийг гүйцэтгэдэг”. (Introducing public administration, 5th edition Shafritz J. Russell E. 2007 page 42)
1916 онд АНУ-ын Ерөнхийлөгч В. Вилсон нэгэн илтгэлдээ “Хэрвээ Америкийг хэний төлөө байдаг вэ? гэж асуувал... ард түмний өөрийн удирдах ёсны бүрэн эрхт байдлын төлөө байдаг гэж хариулмаар байна” гэжээ. Монголчууд бидний төрөө тахин дээдлэх сэтгэхүй олон мянган жилээр уламжлагдаж ирсэн. Дээр нь социализмын үед төрийг нэг анги нөгөөгөө дарангуйлах машин, диктатур тогтоох зэвсэг хэмээн үзэл сурталчилж байлаа. Бидний энэ суурь үзэл хандлага ардчилалтай зөрчилдсөөр байдгийн нэг илрэл нь эрдэмтэн мэргэд маань хэллэгээ шинэчлэж ойлголтоо засварлаж чадаагүйгээс нэг гараараа ардчилал руу даллан тэмүүлж нөгөө гараараа уламжлалт үзэл, ойлголттой зууралдсаар байх юм.
Монголд төр болон төрийн захиргааны талаар уншиж сурах ном тун цөөн. Цөөн хэдэн номонд байгаа энэ мэт тодорхойлолтод итгэн үнэмшиж олон мянган оюутан залуучууд суралцаж байгаа бөгөөд тэдний төрийн тухай ойлголт бусад улс орны үе тэнгийнхнээсээ хол зөрж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар ирээдүйн төрийн түшээд, хуульчид маань “төр бол сүр хүч” хэмээн хуулиар далайлгах арга ухаандаа оюутны ширээний ард суралцаад байна.
Төр оршиж байгаа бодит хэлбэр болон биелэл бол төрийн захиргаа юм гэсэн утга бүхий үг өгүүлбэрүүд сурах бичгийн номонд ч, төрийн албан хаагчийн сэтгэхүйд ч амь бөхтэй хэвээр. Төрийн албан хаагчийн даган мөрддөг хуулиадад төрийг ард түмнээс салгасан, тэднээс дээгүүр тавьсан, төрт ёсыг бататгасан утга агуулагатай үг, өгүүлбэрүүд цөөнгүй тохиолдоно. Энэ бүхний дүнд төрийн захиргааны байгууллага “төрд үйлчлэгч” болж иргэд нь төрийн төлөө ажиллаж, амьдрах ёстой мэт ойлголт нийгэмд газар авсаар байна.
Манай эрдэмтэд Public Administration гэдэг үгийн утгыг мөн ойлгосонгүй. Тө¬рийн захиргаадал гэсэн утгатай нэг хэмээн дүйлгэн орчуулжээ. (Төрийн захиргааны удирдлага, түүний тойронд өгүүлэхэд. Доктор, проф Я.Долгоржав). Уг үгийн утгыг ойлгоход төвөгтэй байгаа шалтгаан бидний сэтгэхүйд төрийн захиргаа бол төр өөрөө гэсэн ойлголт салахгүй байгаатай холбоотой. Төрийн захиргаа төрд биш нийтэд хамааралтай. Нийтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон нийтэд үйлчилдэг учраас нийтийн захиргаа хэмээн нэрлэнэ. Нийтийн захиргаанд төвлөрлийн биш харин төлөөллийн бюрократизм үйлчилдэг. Бодлого боловсруулж шийдвэр гаргахдаа олон нийтийн оролцоог хангадаг, хамтардаг, хянуулдаг тогтолцоотой. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг дарга нар биш харин үйлчлүүлэгч олон үнэлнэ. Ийм тохиолдолд цагдаагийн байцаагч үйлчлүүлэгчээ үл тоомсорлон хаяад хуралд орохгүй. Гомдол гаргаж орсон надад дарга нь - хурал бол байгууллагын асуудал та нарт хамаагүй гэж хэлэхгүй байсан. Тэдний цалингийн хэмжээ бидний үнэлгээнээс хамаараад ирэхээр та өдөр бүр инээмсэглэсэн нүүр, хөнгөн шуурхай үйлчилгээтэй учрах нь гарцаагүй.
Төрийн захиргаа бол ардчилсан нийгмийн хамгийн том зовлон, тулгамдсан асуудал болдог гэдгийг хэдэн арван жилийн өмнөөс эрдэмтэд сануулсаар ирсэн билээ. Эдүгээ Монголын ардчилсан нийгмийн хөгжлийг гацааж байгаа бодит тээглүүр нь “төрийн захиргаа” л болохоос эрхээ гүйцэд ухаарч, эдэлж чадахгүй байгаа олон нийт биш. Харин авлига, хээл хахуульдаа нэвт идэгдэж, рахиттай хүүхдийн толгой шиг томроод байгаа олигархуудын засаглал нь төр болон олон нийтийн хоорондын зайг улам бүр тэлсээр байна. Тогтолцооны энэхүү гажуудалд их дээд сургуулийн багш бидний хэллэг хийгээд ойлголтын хоцрогдол нь тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа юм биш үү.
Төрийн захиргааны удирдлагын магистр Ч. Сосормаа
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?