Ерөнхиий сэдэв: АНУ болон Баруун Европын улсуудын сонирхлын бүлгийн харьцуулалт
Оршил
Ашиг сонирхлыг илэрхийлэх илүү институжсэн хэлбэрүүд гишүүдийнхээ эрх ашигийг төлөөлсөн нийгмийн болон улс төрийн бүлгүүдийн үйл ажиллагааны үр дүнд үүсч бий болдог. Эдгээр бүлгүүд хүмүүс ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн үүднээс хамтын үйл ажиллагаа явуулахыг ухварлан ойлгосны үндсэн дээр гарч ирдэг. Төр хийгээд улс төрийн бусад институтүүдтэй харилцахдаа эгнээндээ багтдаг хүмүүсийн улс төрийн шинжтэй ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгоор үүсч бий болсон сайн дурын нэгдлүүдийг сонирхлын бүлэг гэж тодорхойлж болох юм. Орчин үеийн улс орнуудад сонирхлын бүлгүүд тооны хувьд асар олон байдаг.
Барууны аж үйлдвэржсэн нийгмийн иргэдийн янз бүрийн байгууллага нь бүлэг гэсэн ойлголтоор тодорхойлогдож байдаг. Тэдгээр сонирхлын бүлэг нь холбооны, иргэдийн түр зуурын бүлэг, эсэргүүцлийн хөдөлгөөн болон мэргэшсэн элитүүд хэлбэртэй байдаг ба тэдгээрийн үйл ажиллагаа нь үндсэн хуулийн хүрээнд хязгаарлагдаж байдаг. Тэдний зорилго нь улс төрийн үйл явцад оролцох болон нөлөөлөх явдал юм. Сонирхлын бүлэг нь Барууны ардчилал дахь улс төрийн чухал хэсэг байсаар ирсэн бөгөөд тэдгээр бүлгийн хэрэглэх арга, тактик ихээхэн хэмжээгээр өөрчлөгдөж улмаар хүрэх үр дүн нь ч өөрчлөгдсөн байна. Эрх ашгаа хамгаалах гэсэн хувь хүмүүсийн үйлдлээс сонирхлын бүлэг нь голдуу зохион байгуулалтын бат бааз суурьтай, мэргэжлийн орон тооны ажилтнуудтай байдгаараа давуутай нь тодорхой. Түүнээс гадна сонирхлын бүлгүүд төр засгийн байгууллагуудад өөрсдийн төлөөлөгчидтэй байж тэднээр дамжуулан улс төрийн үйл явцад байнга оролцож байдаг. Сонирхлын бүлгүүд бүтэц, үйл ажиллагааны арга барил, санхүүжилт, нийгмийн дэмлэгээрээ хоорондоо ялгарч, энэ нь улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдарлд тусгалаа олж байдаг байна.
Энд авч үзэх орнуудын сонирхлын бүлгийн зохион байгуулалтын бүтэц, төвлөрлийн түвшин, сөргөлдөгч сонирхлын бүлэгтэй харилцах онцлог болон тухайн орнууд өөрсдийн сонирхлын бүлгийн бусад хэлбэрийг хэрхэн тодорхойлсон талаар авч үзэх болно. Харьцуулал хийхдээ олон ургальч үзэл, корпоратизмын ялгаа учир холбогдолтойг авч үзээд улмаар дараах таван орны сонирхлын бүлэг, хэв маяг, плюраль болон корпоратизмын түвшинг тодорхойлсон.
Орчин үед нийгмийн зохион байгуулалт нийлмэл болж, хөдөлмөрийн хуваарь улам нарийсч, үйл ажиллагааны хэлбэр олширсон нь үй олон онцлог сонирхлууд үүсч гарахад нөлөөлж байна. Нийгмийн хэсгүүдийн харилцан хамаарал, өргөн мэдээлэл, засгийн газрын олон талт үүрэг улс төрийн ашиг сонирхлын тоог улам бүр нэмэгдүүлжээ. Үүнээс үндэслэн нийгэм дэх хэсэг бүлгүүд, сонирхлын бүлгүүдийн цогц систем бий болгох нь ардчиллын хөгжилд чухал шаардлагатай болоод байна.
1-р бүлэг: Алмонд, Пауэлл нарын сонирхлын бүлгийн системийн ангилал
1.1 .Сонирхлын бүлэг болон түүний төлөөлөл
Сонирхлын бүлгүүд нь өөрсддөө илүү ашигтай тохиромжтой шийдвэр гаргуулах зорилгоор улс төрийн институтүүдэд нөлөө үзүүлэхийг эрмэлзэх нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдсэн хувь хүмүүсийн нэгдэл юм.[1]
Сонирхлын бүлгүүдийн онолыг анх америкийн улс төр судлаач А. Бентли гаргаж тавьсан бөгөөд тэрээр улс төрийн үйл явцын үндэс нь сонирхлын бүлгүүдийн зөрчилдөөн, харилцан үйлдлээс тогтож байдаг гэж үзсэн. А.Бентли эдгээр бүлгүүдийн үйл ажиллагааг өөрсдийн хүсэл сонирхлыг засгийн газарт тулган хүлээлгэх зорилгоор дарамт шахалт үзүүлэх явцдаа байнга өөсрчлөгдөж байдаг үйл явц гэж үзжээ. Сонирхлын бүлгийн онолыг цаашид Р.Даль, Д.Истон, Г.Ласка зэрэг эрдэмтэн, судлаачид хөгжүүлсэн байна.
Нийгмийн хэсэг бүлгүүд хөгжингүй улс төрийн системийн чухал хэсэг байж, улс төрийн үйл явцыг эхлүүлэгч, тодорхойлогч шинжтэй байдаг. Тэдгээр нь өөр өөрсдийн хэрэгцээ, ашиг сонирхолтой байдаг. Гэхдээ улс төрийн систем бүрт нийгмийн бүлгүүд, иргэд өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг төр засагт хүргэх тодорхой механизмуудтай байдаг. Ашиг сонирхол гагцхүү тэдгээрийг хүмүүс илэрхийлэх тэр үеэс л улс төрийн шинж чанартай болдог гэдэг. Ийнхүү ашиг сонирхол, хэрэгцээ, шаардлагаа дэвшүүлж хамгаалах тэр үйл явцыг ашиг сонирхлын артикуляци буюу ашиг сонирхлоо илэрхийлэх хэмээн тодорхойлдог.[2]
Ардчилсан эсвэл нээлттэй нийгэмд сонирхлын бүлгүүд нь ямар нэг хязгаарлалтгүй байдаг. Бүх улсад сонирхлын бүлэг байдаг боловч зарим улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөдгүй байна. Сонирхлын бүлэг нь ихэнх төрд нийтийн санаа бодлыг төлөөлөх мөн түүнийг зохион байгуулалттайгаар, үр ашигтайгаар засгийн эрх баригчдад хүргэх үндсэн дамжуулах хэрэгсэл байж болох юм. Улс төрийн намууд үүнийг тийм ч сайн хийж чаддагүй, учир нь тэд өөрсддөө засаглалын эрх мэдлийг эзэмшхийг хичээж байдагтай холбоотой. Ямар ч тохиолдолд улс төрийн нам нь өөрийн хамгийн чухал зорилгын давуу чанараар ард олны хүслийг төлөөлөх болон илэрхийлэхэд бүрэн үйлчилж чаддаггүй.[3] Намууд нь өөр зорилготой байдаг: янз бүрийн сонирхлыг арай том нэгдэлд хольж байдгаас гадна санал зөрөлдөөнтэй, үл ойлгогдох байдлыг бий болгож байдаг. Харин сонирхлын бүлэг бүр өөрийн бүлгийн сонирхлыг тодорхой, нарийн, чөлөөтэй илэрхийлж байдаг. Хэдий тийм боловч сонирхлын бүлгүүд нь энэ үүргээ хангалттай сайн биелүүлэхэд дараах бэрхшээлүүд тулгарч байдаг. Үүнд:
1. Бүх сонирхол нь тэгш сайн зохион байгуулагдаж чаддаггүй: дэлхийн улс бүрт хэрэглэгчдийг бодвол үйлдвэрлэгч илүү бүрэн зохион байгуулагдсан байдаг ба үр дүнд нь үйлдвэрлэгчдийн нөлөөллөөр засгийн газрын бодлого шийдвэр өөрчлөгдөж байдаг. Германд 1994 онд нийт сонирхлын бүлгийн 65% нь эдийн засгийн бүлэг, АНУ-д 76% нь хамтарсан бүлэг холбоод эсвэл мэргэжлийн холбоо байгаа нь үүний илрэл юм.[4]
2. Зарим бүлэг нь онцгой давуу талтай байдаг ба энэ утгаараа тэдний дуу хоолой, нөлөөлөл нь хүчтэй байдаг: барууны бараг бүх улсуудад бизнесийн бүлгүүд нөлөөтэй байдгийн ард тэдний гишүүнчлэл, улс төрд зарцуулж байгаа хөрөнгө, байгууллага болон мэргэжлийн ур чадвар сайн байдагтай холбоотой. Тухайлбал, эргийн дагуух ихэнх улсуудад загасны аж үйлдвэр харьцуулшгүй нөлөөтэй байдаг, учир нь түүний гишүүд улс төрийн талаар зарим гол байр суурь дээр төвлөрч байдаг ба тэд өөрсдийн амьдралын уламжлалт хэв маяг, амь зуулгаа урт хугацааны турш хадгалж үлдэх сонирхолтой байдаг.
3. Ихэнх сонирхлын бүлгүүд ардчилсан байдлаар зохион байгуулагддаггүй: тэдний удирдагчид нь гишүүдийнхээ хүсэл эрмэлзлээс хол хөндий байдаг. Ихэнх тохиолдолд бүлгийн улс төрийн байр суурь нь хувь хүний бүлэг дэх гишүүнчлэлээ хэвээр хадгалахыг хязгаарлах үндсэн хүчин зүйл биш байдаг ба энэ нь эдийн засгийн бүлэгт илүү тодорхой байдаг. Олонхи эвлэлийн гишүүдийн хувьд чухал зүйл бол тэдний холбоо нь хэр чадварлагаар ажил олгогчидтой сайн гэрээ хэлэлцээр хийх вэ? гэдэг асуудал байдаг. Өөр авч үзэх чухал зүйл бол тухайн эвлэлийн хангаж чадах нэмэгдэл тэтгэлэгийн багц, хямд үнэтэй бүлгийн даатгал, боловсролын болон зугаа цэнгээний хөтөлбөр, хямд үнэтэй амралтын багц гэх мэт асуудал байдаг. Зарим бизнесийн болон ХАА-н холбооны гишүүдээс, хэрэв холбоо нь улс төрийн үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоогоод харин тэдэнд таалагддаг зарим тэтгэмжээ үргэлжлүүлэн санал болговол тэднийг холбоондоо үлдэх эсэхийг нь асуусан судалгаа явуулахад тэдний ихэнх нь холбооны бусад тэтгэмж нь тэдэнд хангалттай чухал байвал гишүүнчлэлээ хэвээр хадгална гэж хариулжээ.
Хэрэв холбоо нь лобби явуулхаа больвол холбоондоо үлдэх гишүүдийн хувь /АНУ/[5]
- Минессота фермийн холбоо 77%
- Минессотагийн жижиглэнгийн холбоо 57%
- Минессота, Дакотагийн техникийн холбоо 70%
Минессотагийн фермчдийн эвлэл 63%
1.2. Алмонд, Пауэлл нарын сонирхлын бүлгийн системийн ангилал
Улс төрийн намуудыг ажиглахад, төрийн бодлогод тодорхой хэв загвараар тодорхойлогдсон намын систем чухал болохыг бид мэднэ. Яг тийм байдлаар, сонирхлын бүлгийн үйл ажиллагааны бүхий л хэв загварууд бас чухал байдаг. Сонирхлын бүлгийг ялгах /хамгийн багадаа/ хоёр чухал арга байдаг.[6]
1. Зохион байгуулалтын түвшин. Зарим орнуудад, хүмүүс бүлгүүдэд эрчимтэй зохион байгууллагддаг, бусад улсуудад, тийм ч эрчимтэй биш байдаг. Өмнөдийн ихэнх орнуудад сулхан зохион байгуулагдсан байдаг байна. Тэдгээр орнуудын улс төрийн бодлогод институжсэн сонирхлын бүлгүүд тухайлбал сүм болон арми хүчтэй байр суурийг эзэлдэг, учир нь сонирхлын бүлгийн бусад хэлбэрүүд нь сул байдаг.
Аж үйлдвэржсэн орнуудын дунд ихээхэн хэмжээний өөрчлөлт гарсан. Авторитар төр улсуудад, тухайлбал 1991 оноос өмнөх Зөвлөлт Холбоот улсад бүлгүүдийн үүсэл хориотой байсан, мөн энд энэ алдаанаас болж институжсэн сонирхлын бүлгүүд ач холбогдолтой болж байжээ. Мөн нээлттэй нийгмүүдийн дунд ч их өөрчлөлт гарсан байна. Магадгүй Дэлхийн бусад орнуудаас илүү Скандинавын орнуудад бүрэн гүйцэт зохион байгуулагдсан. Жишээлбэл: шведийн ажилчдын 88% нь үйлдвэрчний эвлэлүүдийн гишүүн, Их Британид 49%, АНУ-д 12%-тай байна. Норвегийн улс төрийн байгууллагад харъяалагддаг хүн амын хувь АНУ-тай харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өндөр хувтай байна.
2. Засгийн газар болон Засаг захиргаан дахь сонирхлын бүлгүүдийн шууд оролцооны түвшин. Бид энэ бүлгийн эхэнд төрийн албан тушаалтнууд сонирхлын бүлгүүдийн мэдээлэл болон мэргэшсэн байдлаас ихэнхдээ хамаардаг талаар үзсэн. Засгийн газар энгийн шийдвэрүүдээс өөрчлөлтөд хориг тавих, ямар ч албан тушаалтан хааяан сонихолын бүлгийн төлөөлөгчидтэй утсаар ярих эсвэл бүлгийн хэвлэл нийтлэлд анхаарал хандуулах, засгийн газрын гүйцэтгэх хорооны нилээд албан ёсны хэлэлцээрүүдэд сонирхлын бүлгийн гишүүн суух эрхтэй байх замаар хэрэгжинэ. Эцсийн хэлэлцээрийн дагуу, засгийн газар болон сонирхлын бүлгийн хооронд шугам татахад маш хүндрэлтэй байдаг.
Сонирхлын бүлгийн системийн хоёр чухал төрөл нь эдгээр хоёр аспектын өөрчлөлтөөр нийтээр хүлээн зөвшөөрөгддөг. Эдгээр нь плюрализм болон неокорпоратизм юм. Эдгээр нь ардчилсан системд сонирхлын бүлэг нь хэрхэн ажилдгийг ойлгох чухал ойлголт юм.
Сонирхлын бүлгүүд, төр засгийн институтүүдийн хоорондын харилцаанаас хамаарч сонирхлын бүлгүүдийн өөр өөр системүүд байж болдог байна. Тухайлбал, Америкийн улс төр судлаач Г.Алмонд, Ж.Пауэлл нар сонирхлын бүлгүүдийн системийг:
1. Плюраль
2. Ардчилсан корпоратив
3. Хяналт доорхи гэж үндсэн 3 хэв маягт хуваажээ.[7]
Плюраль систем:
Плюрализм бол бүх сонирхлууд зохион байгуулагдсан, чөлөөтэй өрсөлдөх боломжтой түүнчлэн аль ч бүлэг ноёрхох боломжтой систем юм. Засгийн газар нь сонирхлын бүлгүүдийн үзүүлэх нөлөөнд нээлттэй байх, мөн улс төрийн амьдрал нь сонирхлын бүлгүүд хоорондын засгийн газрын баримталж буй дэмжлэгийг авах, бодлогод нөлөөлөх зэрэг өрсөлдөөнөөс бүрэлдэж байдаг. Плюрализм нь “зохион байгуулалтын” дээд зэргийн хуваарь, “засгийн газар дахь сонирхлын бүлгүүдийн шууд оролцоо”-ны доод хэлбэр, өөрөөр хэлбэл, сонирхлын бүлгүүд сайн зохион байгуулагдсан байдаг боловч засгийн газраас нилээд ялгаатай. Өөрөөр хэлбэл Плюраль систем нь:
- Янз бүрийн бүлгүүд нэгдмэл нэг ашиг сонирхлыг төлөөлж болно
- Бүлгүүдийн гишүүнчлэл сайн дурын, хязгаарлагдмал байна
- Бүлгүүд гол төлөв чөлөөт, төвлөрсөн бус зохион байгуулалтын бүтэцтэй байдаг
- Гурван талт яриа хэлэлцээр бараг хийдэггүй эсвэл огт хийдэггүй
- Сонирхлын бүлгүүд, засгийн газар бие биеэсээ зай барьж, ангид байдаг зэрэг онцлог шинжүүдтэй байдаг.
Нэг ч төр улс бүрэн төгс “плюраль” байдаггүй, нөхцөл байдал нь хийсвэр байдаг. Улс төрийн плюраль системийн тааламжтай нөхцөл байдал нь олон тооны бүлгүүдийн үйл ажиллагааг зааж байдаг. Энэ бол өвсний үндэснээс гарч ирэх шинэ санаатай харьцуулахад энгийн, энэ нь нилээд хэмжээгээр уян хатан байдаг. Цаашлаад засгийн газар бол олон өрсөлдөгч бүлгүүдийн нэгэн зэрэг хуурамч байдал гаргадгаас, тохиролцоо болон зөвшилцөл нь цаг үеийн дэс дараатай байх ёстой. Улс төрийн үзэл бодол нь прагматик бөгөөд радикал биш байх ёстой.
Плюралист зохиолчид плюрализм бол нийгмийн нийтлэг зүйлд хүрэх идеаль арга зам гэж үздэг. Шүүмжлэгчид, ямар ч жинхэнэ төр идеаль хийсвэр байдаг бөгөөд сонирхлын бүлгүүд улс орны ард иргэдийг төдийлөн сайн төлөөлж чаддаггүй, учир нь бүх сонирхлын бүлгүүд зохион байгуулагдах болон чөлөөтэй өрсөлдөх тэнцүү боломжгүй байдагт оршино. Энэ талаар бид эхний бүлэгт “сонирхлын бүлгүүд болон төлөөлөл” хэсэгт авч үзсэн. Хэрэв энэ шүүмжлэл үнэн бол плюралист системийн давуу тал нь хэн үүнийг дэмжиж байгаад оршино.
Тус бүрдээ эсвэл хэсэг хэсгээрээ нийгмийн секторуудыг төлөөлсөн плюраль системийн эдгээр бүлгүүд гишүүнчлэл, нөлөөлөх хүрээний төлөө өөр хоорондоо өрсөлдөж, үүний хамт бүгдээрээ улс төрийн бодлого боловсруулагчид, бюрократ нарт өөрсдийн шаардлагыг тулгахыг оролддог байна.
Неокорпоратизм
Неокорпоратизм бол өөр нэгэн хийсвэрлэл юм. Энэ системд бүх сонирхол зохион байгуулагддаг ба захиргааны бодлого гаргах бүх шатанд засгийн газарт сонирхлууд бүгд нөлөөлдөг. Плюрализмтай адилгүй. Корпоратизмыг бас “ардчилсан корпоратизм”, “нийгмийн корпорартизм”, “неокорпоратизм” хэмээн нэрлэж сонирхлын бүлгүүдийг бүхэлд нь төрөөс хянадаг корпоратизмын авторитар хэлбэрээс ялгаж үздэг. Корпоратизм үзэл баримтлалын хувьд ялгаатай хоёр утга илэрхийлдэг. Эхнийх нь үндэсний хэмжээний, төрөлжсөн, эрэмбэлсэн мөн монополист зохион байгуулалт бүхий бүлгүүдийн тогтолцоог нэрлэдэг. Хоёр дахь нь сонирхлын бүлгүүд бодлого боловсруулах үйл явцад хамтран нэгдэхийг хэлнэ. Филлип С.Шмиттер 1974 онд корпоративизмыг өргөн утгаар тодорхойлсон байна. “Элементүүд нь өөр хоорондоо өрсөлддөггүй цөөн тооны хариуцлагатай хүмүүсээс бүрддэг, шаталсан зохион байгуулалттай, чиг үүргийн ялгарал бүхий нэгжүүдтэй, сонирхлуудын төлөөллийн систем бөгөд төрөөс хүлээн зөвшөөрөгдөж тодорхой сонирхлын төлөөлөлд ганцаар хяналт тогтоох эсвэл тэдний лидерийг сонгоход засаглалын хяналт тавих, шаардлага ба дэмжлэгийг нэгтгэх зорилготой”[8] гэжээ. Тэрээр корпоратизмын хоёр дахь хэлбэрийг “концертаци” буюу уялдсан гэж нэрлэвэл илүү оновчтой гэж үзсэн.[9] Эмпирик утгаараа энэ хоёр хандлага хамт илэрдэг. Яагаад гэвэл явцуу утгаараа уялдаа холбоотой ажиллах зайлшгүй нөхцөл нь корпоратизм болдог. Шмиттерийн явцуу утгаар корпоратизм бол сонирхлын бүлэг нь цөөн гэхдээ хэмжээгээр том, тэдгээр нь үндэсний төв байгууллагад захирагддаг. Концертаци гэдэг нь ялангуяа ажил эрхлэгчид, менежментийн төлөөлөл бүхий төв байгууллагуудын удирдагчид хоорондоо болон засгийн газрын төлөөлөгчидтэй тогтмол зөвлөлдөх, гурван талт гэрээний үүргийг заавал биелүүлэх бүрэн хэмжээний хэлцэлд хүрэх явдлыг багтаана. Корпоративизмын онцлог шинжид:
- Улс төрийн амьдралд нэг хувь хүн биш байгууллага оролцдог
- Онцгой сонирхолтой мэргэжлийн төлөөллийн нөлөө ихсэх нь иргэдэд хохирол учруулдаг
- Хэдэн эвлэл, холбоодын онцгой эрхтэй байдал нь шийдвэр гаргахад нөлөөлөх бололцоог улам их болгож байдаг
- Тодорхой салбаруудад тэдний монополь байдал тогтоохын төлөө өрсөлдөөнөөр халаа, солио хийж байдаг зэрэг багтана.[10]
Неокорпоратизмд засгийн газар сонирхлын бүлгүүдийн шахалтад ердийн хариу өгдөггүй ч бүлгүүдийг эрх барих ажилд идэвхтэй оролцуулдаг. Бидний хоёр аспектын нөхцөлд “Зохион байгуулагдсан сонирхлын бүлгийн хэв загвар” хэсэгт, неокорпоратизм бол “зохион байгуулалт” болон “сонирхлын бүлгийн шууд оролцооны” дээд түвшин юм. Мөн энэ нь зохион байгуулалтын хэмжээгээрээ плюрализмаас өндөр байдаг, практикт ялангуяа сонирхлын бүлэг дэх оролцооны өндөр түвшин нь засгийн газар дахь сонирхлын бүлгийн оролцоонд ерөнхийдөө дэмжлэг болдог, учир нь сонирхлын бүлгийн идэвхийн хувь өсч байдаг.
Зөвхөн засгийн газар сонирхлын бүлгүүдийг неокорпоратизм дахь засгийн газрын үйл ажиллагаанд татан оролцуулдаггүй, гэвч засгийн газрын хэсгүүд сонирхлын бүлгүүдтэй нэлээд адилхан ажилдаг. Неокорпоратист системд засгийн газар болон сонирхлын бүлгийн хоорондох хил хязгаар нь тодорхойгүй болдог. Скандинавын төр улсууд неокорпоратист загварт бусад улсуудаас илүү ойртож очсон байдаг.[11] Жишээлбэл: Шведэд:
- Засгийн газар хууль тогтоох үйл ажиллагааны бүх шатанд тэдний хариу үйлдлийг гуйх болон сонирхлын бүлгүүдийн нөлөөнд хянан засч буй ямарч хуулийн төслийн хуулбарыг явуулхыг хууль ёсны дагуу шаарддаг.
- Ямарч чухал хуулийн төслийн хянан засварлалт нь онцгой эрхт хааны комиссын авч үзсэн хуулийн төслийн хэлэлцүүлгээр хэлбэрждэг. Төрийн албан хаагчид болон бүх нөлөөллий сонирхлын бүлгийн төлөөлөгчид энэ комисст суудаг.
- Нэг удаа хуулийн төслийг авч үзээд, засаг захиргаа нь нөлөөллийн бүлгээр хөрвөдөг. Тухайлбал: өндөгний үнийн тухай засгийн газрын бодлого нь өндөгний аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааны зах зээлийн удирдлагаас илүү засгийн газрын агентлагаар удирдагддаг.
- Бодлого нь хамтын ажиллагаа болон талуудын тохиролцооны үзэл санаанаас эхэлдэг.
2-р бүлэг: АНУ, Франц, Англи, Герман, Норвеги улсын сонирхлын бүлгийн харьцуулалт /Алмонд, Пауэлл нарын систем/
2.1. АНУ, Франц, Англи, Герман, Норвеги улсын нийгмийн бүтэц, сонирхлын бүлгүүд
АНУ-н сонирхлын бүлэг:
Орчин үеийн аж үйлдвэржсэн, ардчилсан орнуудад улс төрийн сонирхлын бүлэг маш их болсон бөгөөд АНУ-тай адилхан эсвэл түүнээс том орнуудад хичнээн төрлийн сонирхлын бүлгүүд байгааг хэн ч яг таг хэлж мэдэхгүй гэвч тэдний тоо олон мянга гарах нь ойлгомжтой[12]. 1987 онд АНУ-д Сонгуулийн холбооны комисст үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг 4211 хороо бүртгэгджээ. Харин 1995 онд хийсэн судалгаагаар АНУ-д ойролцоогоор 24,000 үндэсний сонирхлын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүн гарсан бөгөөд үүний цаана Вашингтонд үйл ажиллагаа явуулдаггүй орон нутгийн маш олон сонирхлын бүлэг байгаа юм. Магадгүй үүний шалтгаан нь:
- АНУ-н намууд нь бусад орны намыг бодвол илүү сул, бодлогод арай бага нэгддэг. Иймд үзэл санаа, ашиг сонирхлоор мэтгэлцэхэд удирдах сайн хэрэгсэл болж чаддаггүй.
- АНУ-н хоёр намын систем нь жижигхэн, Израйлийн шашны намууд шиг мэргэшсэн жижиг намуудад хангалттай орон зай байдаггүй, харин тэдгээр нь үзэл суртлын зоригоо баримтлан хэн засгийн эрхэнд хүрсэн байна түүнд нөлөөлөх замаар үргэлж шууд бусаар оролцож байх хэрэгтэй болдог.[13]
Үүний талаар АНУ-н Ерөнхийлөгч асан Вудро Вильсон “Та Вашингтонд очиж төрийн хэрэг эрхлэх болвол том банкны эзэд, худалдаачид, үйлдвэрийн эздийн үгийг анхааралтай сонсох хэрэгтэй болно. АНУ-н Засгийн газар бол онцгой сонирхлуудын өргөмөл хүү нь юм. Энд өөрийн хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлсэн байдаг.[14] Энэ утгаараа шахалтын бүлгүүд АНУ-д тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс тэдгээр бүлэг нь хүч нөлөөтэй төдийгүй маш олон янз байдаг. Тэдгээр бүлгүүдийг:
1. Улс төрийн үйл ажиллагаа явуулах хороод
2. Шахалтын бүлгүүд ба лобби гэж үндсэн хоёр хэсэгт хувааж авч үзэж болно.[15]
Улс төрийн үйл ажиллагаа явуулах хороод/УТҮАЯХ/ нь өөрсдөө нэр дэвшүүлдэггүйн зэрэгцээ аль намд харъяалагддагыг нь үл харгалзан юуны өмнө өндөр албаны хүний улс төрийн чиг шугамыг чухалчлан үздэгээрээ намаас ялгаатай байдаг. Иймд эдгээр хороод өөрсдөд нь тэргүүн зэрэгт шаардагдаж байгаа улс төрийн асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа хоёр гол намын нэр дэвшигч нарыг дэмждэг. Иймэрхүү байгууллага америкт бүр иргэний дайны үеэс үйл ажиллагаа явуулж ирсэн хэдий ч УТҮАЯХ нь 1971 онд Сонгуулийн компанийн тухай хууль гарснаар эрчтэй хөгжсөн байна. Энэ хуулиар үйлдвэрчний эвлэлүүд, корпорацуудыг сонгуулийн компанийг шууд санхүүжүүлэхийг хориглож, харин УТҮАЯ хороодыг ивээн тэтгэхийг зөвшөөрсөн байна. Иймд идэвхтэй сонирхлын бүлгүүд сонгуульд нөлөөлөх хамгийн сайн арга бол УТҮАЯХ байгуулах явдал гэж үзэх болсон. 1974 онд бүх нийтийн сонгуулийн үеэр ердөө 608 ийм хороо ажиллаж байсан бол 1994 онд тэдгээрийн тоо 3954 болж өссөн байна.
АНУ-н лоббистуудын үндсэн бай нь Сенат, Төлөөллийн танхим, болон хууль тогтоох засаглал байдаг. 1946 онд АНУ-д “Лоббиг зохицуулах холбооны хууль” батлагдсан. Энэ хуулийн үндсэн санаа нь лоббийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хээл хахуулийг устгахад чиглэгдсэн байна. Уг хуулинд зааснаар лоббийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага бүр танхим дахь төлөөлөгчөө, сенат дахь лоббистоо, мөн өөрийн зорилго, гаргаж буй зардлаа заавал бүртгүүлэх шаардлагатай байдаг. 2007 оны байдлаар Вашингтон хотод 17,000 холбооны лоббист байна гэсэн судалгааны дүнд гарсан байна.[16] Парламент дахь лобби нь тодорхой сонирхлын бүлгүүдэд хэрэгцээ шаардлагатай байгаа хуулиудыг батлуулахад чиглэгддэг. Ийм учраас энд лоббидох үндсэн арга нь хуулийн төсөл боловсруулж буй хороодод ажиллах, түүнчлэн парламентад санал, шүүмжлэл тавих явдал байдаг. Хамгийн гол лоббист нь депутат, конгрессийн албан хаагч, мөн хуулийн төслийн боловсруулалт дээр ажиллагч экспертүүд байдаг.
Засгийн газар дахь лоббистийн ач холбогдол нь юуны өмнө гүйцэтгэх засаглалын байгууллагуудад янз бүрийн хуулийн төсөл, шийдвэр боловсруулж конгрессоор батлуулдаг явдал юм. Үүнээс гадна засгийн газрын лобби нь гүйцэтгэх засаглалын институтүүдэд хуулийг тайлбарлах өргөн бололцоо олгож байдаг. Лоббистуудын хооронд, засгийн газрын гишүүд болон сонирхлын бүлгийн хооронд харилцан сонирхсон харилцаа тогтдог байна.
Лоббигийн үйл ажиллагаанд зарцуулсан зардал: 1998-2006 онд хамгийн их зардал гаргасан салбарууд. /эдгээр дүнд хандивын компанит ажлыг оруулаагүй/
1. Санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгө 2,558,205,882 доллар
Эрүүл мэнд 2,298,865,053
3. Янз бүрийн бизнес 2,257,719,539
4. Харилцаа холбоо, электроник 2,092,700,759
5. Эрчим хүч, байгалийн нөөц 1,670,116,451
6. Тээвэр 1,358,911,163
7. Бусад 1,252,273,819
8. Хуульчид, лоббистууд 118,142,079 долларын зардал гаргасан байна.[17]
АНУ дахь үйлдвэрчний эвлэл нь хууль зүйн хувьд зохион байгуулагдаж олон үйлдвэрийн ажилчдыг төлөөлж байдаг. Төрийн албан хаагчдын дундах хамгийн нэртэй эвлэл нь багш нар болон цагдаагийн эвлэл байдаг. Өнөөдөр ихэнх эвлэлүүд AFL-CIO болон түүнээс 2005 онд салбарлан гарсан Change to Win Federation байгууллагуудын халхавчинд оршиж байдаг. AFL-CIO нь ихэвчлэн дэлхийн худалдааны асуудалд анхаардаг.
Bureau of Labor Statistics-н мэдээлснээр төрийн албан хаагчдын 36.8% нь ямар нэг эвлэлд харъяалагдаж, үүнтэй харьцуулахад хувийн салбарын ажилчдын 7.6% нь гишүүн байгаа ажээ. Ерөнхийдөө, төрийн болон хотын албан хаагчид эвлэлд нэгдэхийн эсрэг тэмцдэггүй, харин хувийн салбарын ажилчид илүү өндөр хөдөлмөрийн хөлснөөс эмээж хааяа хүчтэй эсэргүүцдэг байна. Холбооны мэдээлснээр 2008 оны эцэс гэхэд 16.1сая ажилчид эвлэлд харъяалагдаж байна. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн төрийн албан хаагчын тоо 2007 онд 275,000-р өссөн ба хувийн салбарын ажилчдаас ойролцоогоор 150,000 ажилчин эвлэлд нэгдсэн байна. Зарим эдийн засагчдийн мэдээлж байгаагаар 2007 онд 311,000 ажилчин эвлэлд нэгджээ.[18]
Германы сонирхлын бүлэг
Германы ажиллах хүчний ихэнх нь үйлчилгээний салбарт ажилладаг. Geissler-н үзлийн дагуу 1980 оны эцсээр баруун германы хамгийн том бүлэг нь боловсролтой дунд анги/нийт хүн амын 28%/ бөгөөд үйлчилгээний салбар эсвэл аж үйлдвэрийн салбарт ажилдаг байна. Энэ бүлгийн зарим гишүүд нь маш өндөр цалин авдаг. Geissler ажилчин ангийг гурван бүлэгт ангилсан: өндөр боловсролтой, өндөр цалинтай ажилчдын элит /12%/, чадварлаг ажилчид/18%/ бөгөөд тэдний 5% нь гадаадынхан, чадварлаг бус ажилчид 15% эзэлдэг байна. Сүүлийн бүлэг нь ядуурлын хэмжээнээс доогуур амьдардаг байна. Фермер болон тэдний гэр бүлийнхэн хүн амын 6%-г бүрдүүлдэг. Түүний загварын дээд хэсэгт элит хэсэг буюу хүн амын 1%-с бага иргэд багтдаг байна.
Үйлдвэрчний эвлэл:
Ваймерийн бүгд найрамдах улсын үед үйлдвэрчний эвлэлүүд нь социалист, коммунист, католик болон либерал худалдааны байгууллагуудын хоорондох нөхцөл байдлаас шалтгаалж өөрсдийн үзэл баримтлалын дагуу хуваагдсан байдаг. Дэлхийн 2-р дайны дараа үйлдвэрчний эвлэлийн удирдагчид үйлдвэрчний эвлэлийн холбоог улс төрийн намуудаас тусгаарлах, хэлбэрийг нь өөрчлөхийг хүсч байсан байна. Үр дүнд нь германы үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо(Deutscher Gewerkschaftsbund--DGB) 1949 онд /16 холбоог толгойлж/ байгуулагдсан байна. DGB-г байгуулагчид дөрвөн зарчмыг удирдлага болгосон байна. Эхнийх нь үйлдвэрчний хөдөлгөөнүүд нь зохион байгуулагдаж, бие даасан байх бөгөөд ямар нэг нам, шашны байгууллагатай холбоогүй байх. Хоёрдугаарт ажилчдын удирдагчид холбоог аж үйлдвэрийн шугамын дагуу зохион байгуулахаар шийдсэн бөгөөд үүний тулд бүх ажилчдыг тэдний хувийн эрхэлсэн ажлаас үл хамааран нэг холбоонд тууштай байлгахыг оролдсон. Гуравдугаарт сонирхлын төлөөллийн тархсан систем бий болсон. Индивидуаль эвлэлүүд нь ерөнхийдөө холбооны байгууламж, орон нутгийн, дүүргийн болон үндэсний албадуудтай өрсөлдөж байдаг. Дөрөвдүгээрт эвлэл нь хууль ёсны дагуу ажилчдын эрхийн хамгаалалд найдаж, бизнесийн төлөөлөлтэй шууд хэлэлцээр хийхийг илүүд үзсэн. Ийм байдлаар эвлэлүүд ажил олгогчидтой гэрээ хийхдээ ажилчдын эдийн засгийн хангамжийг хангаж чаддаг байна.
DGB бол германы үйлдвэрчний хөдөлгөөний болон арван зургаан эвлэлийг хамарсан үндэсний хамгийн том байгууллага юм. DGB нь үнэндээ бүх зохион байгуулагдсан аж үйлдвэрийн ажилчид, ихэнх цагаан захтан ажилчид, засгийн газрын ихэнх ажилчдыг төлөөлж байдаг. 1995 оны дунд үед 35 сая ажиллах хүчнээс гадна, 9.8сая ажилчид тэдгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүд байсан. Хэдийгээр DGB нь германы ажиллах хүчний хагасыг төлөөлж ч чаддагүй ч, бүх ажлын 90%-г хамтарсан гэрээний дагуу байгуулж чаддаг. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа нь бараг бүх ажилчдад нөлөөлж чаддаг. DGB нь 1991 оны сүүлээс 1994 оны эцэс хүртлэх хугацаанд бараг 2 сая гишүүнээ алдсан. Тэдгээр гишүүдийн ихэнх нь 1.7 сая нь зүүн германы ажилчид байсан. Харин одоогийн байдлаар 17 бие даасан холбоог нэгтгэсэн, 7.8сая гишүүнтэй хамгийн хүчирхэг эвлэл болоод байна.
1995 онд 3 том холбоо байсан нь төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын холбооны дор 3сая гишүүнтэй, нийтийн үйлчилгээ болон тээврийн ажилчдын холбоо 1.9сая, химийн, цаас, болон вааран эдлэлийн ажилчдын холбоо 742.000 гишүүнтэй байсан. Барагцаагаар бүх гишүүдийн 31% нь эмэгтэйчүүд байсан. DGB-н гишүүд нь “идэвхтэй дэмжигч” болон “буулт хийгч” гэсэн бүлэгт хуваагддаг. Идэвхтэнүүд нь төмөрлөгийн ажилчдын холбоо болон Industriegewerkschaft Medien-р удирдуулдаг. Холбоо нь ажилчдыг хэвлэл мэдээлэл, бизнесийн сонирхол болон нийгмийн шинэчлэлийн үндсэн дэмжлэг болгон ашигладаг.
Үндэсний хэмжээний дөрвөн том холбоо нь бусад адил сонирхолтой бүхий л холбоодыг төлөөлж байдаг. Үйлдвэрчний эвлэл, бизнесийнхэн, сүмийнхэн, хөдөө аж ахуйн лобби байгуулагууд бүгд өөрийн Spitzenverband. Тэдгээр толгой холбоодын нэгийнх нь гишүүнчлэл нь ихэвчлэн нийгмийн болон мэргэжлийн салбарын дагуу албадмал байдаг. Ихэнх толгой холбоод нь иерархи хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг ба үндэсний төв газар нь холбоонд бүхэлд нь бодитой, шууд нөлөөлж чаддаг.
1972 оноос хойш, Бундестаг барагцаагаар гишүүдийн 50% нь сонирхлын бүлэгт ажилдаг эсвэл ямар нэг бүлэгт удирдах албан тушаалд байдаг гэж тэмдэглэсэн байна. Гишүүдийн бараг 25% нь эдийн засгийн бүлэгт хамааралтай, жишээлбэл үйлдвэрчний эвлэл эсвэл бизнесийн лобби бүлэг, мөн 17% нь шашны эсвэл соёлын холбоонд хамаарагддаг гэсэн судалгаа хийсэн байна. Үндсэн хорооны гишүүд жишээлбэл хөдөө аж ахуй, хөдөлмөр, боловсролын хороод нь тэдгээртэй холбоотой бүлгүүдтэй харилцаатай байдаг. Засгийн газрын сайдууд бодлогын процесс дахь сонирхлын бүлгийн нөлөөллөөр өөрсдийгөө хангаж байдаг. Неокорпоратист систем нь хоёрын дунд албан ёсны харилцааны дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, яамдууд нь тэдэнд нөлөөлөх хуулийн төсөлийн талаар толгой холбоодтой зөвлөлдөхийг хуулийн дагуу шаардаж байдаг. Энэ үүргийг биелүүлэх, холбооны яамдуудад түүнтэй холбоотой бүлгүүд болон төлөлөгчдыг хамарсан байнгын зөвлөх хороонууд байгуулагдсан байдаг.
Герман дахь иргэдийн санаачлагатай холбоод
1970-д оны эхээр баруун германд улс төрийн оролцооны шинэ хэлбэр бий болж иргэдийн санаачлага бүхий холбоод ихээр гарч ирэх болсон байна. 1980-д онд үндэстний хэмжээний байгууллагууд бүрэлдсэн бөгөөд “байгаль орчин хамгаалах иргэдийн санаачлагатай холбооны нийгэмлэг” (Bundesverband Bürgerinitiativen Umweltschutz--BBU), нь цөмийн эрчим хүч, хүчлийн бороо, хүрэлээн буй орчны талаар үйл ажилагаа явуулж 1000 гаруй орон нутгийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд 1сая гаруй гишүүнтэй байдаг байна.
Германы аж үйлдвэрийн холбоо бол бодлого гаргах процесст бизнесийн сонирхлыг тусгадаг хамгийн чухал төлөөлөл юм. BDI нь 39 бие даасан үндэсний худалдааны холбоо, авто машин болон машины хэрэгслийн үйлдвэрийн холбоодыг тэргүүлж байдаг. Энэ нь германы бүх аж үйлдвэрийн фирмийн 90%-г төлөөлж байна гэсэн үг юм.
Германы холбооны улсын ажил олгогчдын холбоо нь бизнесийн бүлгийн хоёрдох чухал төлөөлөл юм. BDA нь 62 холбоо, 17 бүс нутгийн байгууллага, 47 үндэсний худалдааны холбоо болон бусад эдийн засгийн салбарын байгууллагыг төлөөлж байдаг. BDA-н гишүүд нь ихэнхдээ дундаж эсвэл том ажил олгогчид байдаг. BDA нь ажил олгогчдыг нийгэм болон хөдөлмөрийн бодлогын хамтын ажиллагааны зөвлөгөө, үйлчилгээгээр хангаж байдаг.
Норвегийн сонирхлын бүлэг:
Норвегийн Вант улс нь үндсэн хуульт хаант засаглалтай парламентын ардчилсан улс бөгөөд 4,8сая хүн амтай юм. Норвеги улсад орон нутгийнхийг оруулахгүйгээр үндэсний хэмжээний мянга гаруй бүлэг байдаг.
Норвегийн сонирхлын бүлгүүд:[19]
Хэв маяг: байгууллагуудын тоо:
- Эдийн засгийн 540
- Үйлчилгээ, аж үйлдвэр, санхүү, 478
- ХАА, ой, загас агнуур 62
- Ажил эрхлэгчид ба эвлэлүүд 274
- Эдийн засгийн бус байгууллага 388
- Соёлын 119
- Спортын, хоббийн 94
- Хүмүүнлэгийн, нийгмийн 97
- Шашны 52
- Улс төрийн 25
Нийт 1202
2000 оны байдлаар ажиллах хүчин нь нийтдээ 2,4сая байсан. Тэдгээрийн 74% нь үйлчилгээний салбарт, 22% нь аж үйлдвэр, 4% нь хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбарт харъяалагдаж байжээ. Норвегийн ҮЭ-н холбоо нь 1899 онд байгуулагдсан ба бүх үндэстний эвлэлүүд нь 1905 онд түүний харъяалалд орсон байна. 2002 оны байдлаар LO нь нийт ажиллах хүчний 60%-г төлөөлж байжээ. Тухайн холбоонд 21 эвлэл харъяалагдах бөгөөд нийтдээ 850,000 гишүүнтэй юм. Салбар эвлэлүүдийн ихэнх нь уламжлалт хөх захтан ажилтнуудаас бүрдэж байдаг боловч хамгийн том салбар эвлэл нь Норвегийн нутгийн захиргааны ажилчдын холбоо юм. Норвегийн иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх эрх нь үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Хэдий тийм боловч 2009 оны 1 сард газын зурвас дахь изралийн эсрэг цэргийн үйл ажиллагаа эсэргүүцэж Осло хотод жагссан иргэдийг цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж тараасан байна. Норвегичууд төрийн бус байгууллагууд нь маш идэвхтэй байдаг. Үйлдэврчний эвлэл нь засгийн газарт эдийн засаг, нийгмийн асуудлаар зөвлөгөө өгөх чухал үүрэгтэй байдаг ба ойролцоогоор нийт ажиллах хүчний 53% нь гишүүнээр нэгдсэн байдаг. Норвегийн иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх эрх нь үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Хэдий тийм боловч 2009 оны 1 сард газын зурвас дахь изралийн эсрэг цэргийн үйл ажиллагаа эсэргүүцэж Осло хотод жагссан иргэдийг цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж тараасан байна. Норвегичууд төрийн бус байгууллагууд нь маш идэвхтэй байдаг. Үйлдэврчний эвлэл нь засгийн газарт эдийн засаг, нийгмийн асуудлаар зөвлөгөө өгөх чухал үүрэгтэй байдаг ба ойролцоогоор нийт ажиллах хүчний 53% нь гишүүнээр нэгдсэн байдаг.[20]
Орчин үеийн үйлдэрчний эвлэл нь:
- Норвегийн санхүүгийн салбарын эвлэл бол зөвхөн норвегийн үйлдвэрчний эвлэл, санхүүгийн салбарын ойлголт болон гүн гүнзгий мэдлэгтэй холбоотой.
- Норвегийн санхүүгийн салбарын эвлэл нь бие даасан судалгааны үндсэн дээр санхүүгийн салбарын ирээдүйн дүр зургийг тодорхойлж, нөөцийг ашиглаж байдаг
- Норвегийн санхүүгийн салбарын эвлэл нь маргаанд биш зөвшилцөлд чиглэсэн үйлдвэрчний эвлэл
- Норвегийн санхүүгийн салбарын эвлэл нь улс төрийн шударга байдал болон итгэл төрүүлэх байдлын өндөр түвшинтэй байдаг
- Норвегийн санхүүгийн салбарын эвлэл нь мэргэжлийн эвлэлийн холбоо, скандинавын үндэстний банкны холбоо, санхүү болон ҮЭ-н даатгал ба ОУ-н сүлжээ эвлэлийг өөртөө багтаана.
Норвегийн ажил олгогчдын холбоо нь 1900 онд байгуулагдаж 1907 онд үндэсний нийтийн хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн боловч 1952 онд арбитрийн шүүхээр зуучлуулж Худалдааны маргааны акт гаргах хүртэл аж үйлдвэрийн асуудал нь ужгирсан маргаантай асуудал хэвээр байсан. Ажилгүйдлийн албан даатгалын систем 1959 онд тогтоогдсон бөгөөд энэ нь мэргэжлийн сургалтад санхүүгийн тусламжийг хангах нэг хэсэг болж байдаг. Үйлдвэрчний эвлэлийн эсрэг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглосон байдаг.
Францын сонирхлын бүлгүүд:
Францын систем нь улс төрийн плюралист болон неокорпоратист загварын дунд хаа нэгтээ бүтэмжгүй болсон. Энэ нь тэдний өөрсдийн сонирхлын онцлог байдал, ялангуяа бүтцийн урьдчилан тааварлах боломжгүй байдал ба тодорхой бус байдлыг харуулж байдаг. Францын сонирхлын бүлгүүд нэлээд хуваагдсан байдаг ба бусад улсын бүлгүүдтэй харьцуулахад харьцангуй хүчирхийлэлийг өдөөн хатгалагад илүү татагдсан байж болзошгүй. Францын сонирхлын бүлгүүд нь өөрсдийн чадварлаг гишүүдээс аажмаар гишүүнээр элсүүлдэг. Тэдгээрийн боломжтой гишүүнчлэлийн дөнгөж 10 гаруй хувь нь л үйлдвэрчний эвлэлд элсдэг ба бүлгийн бусад төрлүүдэд ч ийм байдлаар аажмаар гишүүд элсүүлдэг. Цаашлаад, зохион байгуулагдсан бүлгүүд нь маш гүнзгий хуваагдсан байдаг. Хэд хэдэн өөр байгууллагууд адилхан гишүүнчлэлийн төлөө байнга өрсөлдөж байдаг бол бусад оронд нэг байгууллагын ард тэдгээр нь нэгддэг. Ажилчид жишээлбэл дөрвөн тусдаа томоохон эвлэлүүдэд зохион байгуулагддаг: GGT(нийт эвлэлийн хүчний 29 хувь болох коммунист холбоо), GFDT(тусгаар тогтносон үзэлтнүүд, социалист холбоо нь зохион байгуулагдсан ажилчдын 31 хувь), Force Ouvrier (намуудаас тусгаарласан шинэчлэгч холбоо нь зохион байгуулагдсан ажилчдын 17хувь), мөн Католик Конфедераци(8хувь). Тусгаарласан эвлэлүүд нь фондын тайланг гаргадаг. Францын улс төрд фермерчдийн сонирхол чухал байдаг бөгөөд тэдгээр нь үндэсний түвшинд зохион байгуулагдсан 500 хөдөөгийн хамгаалалтаас цөөнгүй хуваагдсан байдаг.[21]
Францын сулхан зохион байгуулагдсан сонирхлын бүлэг нь нийгмийн хөдөлгөөнүүд шиг цаг бүр оволзож байдаг. Энэ байдал бидний анхаарлыг татдаг учир гэвэл бусад аж үйлдвэржсэн орнуудыг бодвол францад илүү их тохиолддог, гэвч ихэнхдээ францын бүлгүүд өөрсдийн үйл ажиллагаагаа ер бусын биш ажилд, сонгогдсон албан тушаалтнуудтай болон брюкратуудтай уулзах, улс төрийн намуудтай хэлэлцээр хийх, шүүх үйл ажиллагаанд холбогдох гэх мэт ажилд хандуулдаг байна.
Тэдний засгийн газартай харилцах харилцаанд, францын сонирхлын бүлгүүд нь зарим тохиолдолд неокорпоратизмтай хамгийн ойр төрлийн албан ёсны харилцаагаар засгийн газартай холбоотой байдаг байна. Ихэнхдээ сонирхлын бүлгүүд болон загсийн газар бидний плюрализм гэж итгэж байгаа зайны төрлөө хэвээр хадгалж байдаг. Хөдөө аж ахуйн секторууд неокорпоратист загварт хамгийн ойртож байна. Хөдөө аж ахуйн сонирхлын бүлгүүд бүгд засгийн газартай ойр харилцаатай байдаггүй, гэвч нэг бүлэг, Газар тариалан эрхлэгч компаниудын үндэсний холбоо(FNSEA) нь заримдаа засгийн газрын хөдөө аж ахуйн “албан ёсны” бүлэг шиг болдог. FNSEA францын фермерчдийн бараг 55 хувийг төлөөлхийг шаарддаг. 1970аад оны дундуур засгийн газар FNSEA-н захиргааны татварыг эргүүлсэн, бусад орнууд дахь боловсролын болон сургалтын зорилтын дагуу хөдөө аж ахуйг өргөжүүлэх агентаар бусад орнуудад биелүүлсэн. Ихэнх газруудад, засгийн газар FNSEA-г хүлээн зөвшөөрч хөдөө аж ахуйн сонирхлын төлөөлөлтэй нийцүүлж, энэхүү нөлөөлөлөө үргэлжлүүлдэг.
Үргэлж, сонирхлын бүлгүүд засгийн газартай ойр байдаггүй. 1979оны судалгаагаар бүлгийн удирдагчдын 44хувь нь засгийн газрын албан ёсны хуралд “заримдаа”, “ховорхон”, “хэзээ ч үгүй” гэж оролцдог гэсэн бол судалгаагаар дөнгөж 21хувь нь л “ бараг өдөр бүр” гэж хариулжээ.[22] Сонирхлын бүлгийн удирдагчын нэг анхаарал татсан ажил бол засгийн газрын бодлогод нөлөөлөх асуудал байдаг байна.
Английн сонирхлын бүлэг:
Их британи дахь шахалтын бүлэг нь аварга том байгууллага болох /CBI/ 150,000 бизнесийхнийг төлөөлдөг Британийн аж үйлдвэрийн холбооноос эхлээд тодорхой нэг асуудлаар үүссэн, тухайлбал Леаменгтоны халуун рашааныг ашиглах, хамгаалах асуудлаар нэгдсэн 300 айл өрхийн холбоо болох CLARA- Леаменгтоны төвийн хэсгийн оршин суугчдийн холбоо хүртэл маш олон байдаг. Тэдгээр шахалтын бүлгүүд нь үндэсний улс төрийн бодлогод хүчтэй оролцоог хангаж байдаг бөгөөд тэдгээр нь заримдаа засгийн газрыг сайжруулж засах эсвэл тараах хангалттай хүчийг цуглуулах чадвартай байдаг. Жишээлбэл: 1998 оны 3сард 300,000 хүн Лейборист засгийн газрын хөдөөгийн бодлогыг эсэргүүцэж жагссан бөгөөд үр дүнд хүрч чадсан байна.
Английн үйлдвэрчний эвлэл нь 1867 онд хааны комиссын зөвлөмжөөр анх албан ёсоор үүссэн бөгөөд ажил олгогч болон ажилчдын аль альных нь давуу талыг бий болгохын тулд байгуулагдсан байна. Английн ихэнх эвлэлүүд нь 1867 онд байгуулагдсан Конгрессийн ҮЭ-н эсвэл Шотландын Конгрессийн ҮЭ, Ирландын Конгрессийн ҮЭ-н гишүүн байх юмуу эсвэл тэдгээрт харъяалагддаг байна. ҮЭ-үүд нь английн хамгийн том байгууллагууд бөгөөд гишүүдийнх нь тоо 2000 оны байдлаар 7,3сая байсан. Энэ нь нийт ажиллах хүчний 80% гэсэн үг юм. Үйлдвэрчний эвлэлийн ихэнх нь оффисийн ажилчид, эсвэл худалдааний ажилчид байгаа бөгөөд аж үйлдвэрийн ажилчид нь цөөнх болж байна. Эхэндээ цагаан захтан ажилчдийн эзлэх хувийг хөх захтан ажилчдийн тооноос бага байлгахыг зорьж байсан. Харин энэ өсөлт нь 1970 оны цагаан захтан ажилчдийн ажил хаялтын үйл ажиллагаар энэхүү бодлогыг халснаар явагджээ. Английн ҮЭ нь 1979 оны Маргерет Тетчерийн Консерватив засгийн газрын үеэс ноцтой уналтад орж нилээд туршлагатай болсон байна. Салбарын шахалтын бүлгүүд нь нийгмийн онцгой салбарын нийтлэг ашиг сонирхыг төлөөлхийг оролддог. Үүний үр дүнд, салбарын шахалтын бүлгүүдийн гишүүд нь бүлгийн үйл ажиллагааны үр дүнд шууд хамааралтай байдаг, учир нь тэдгээр бүлэг нь үргэлж мэргэжлийн эсвэл эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдсэн байдаг. Үйлдвэрчний эвлэлүүд, ажил олгогчдын холбоо болон мэргэжлийн байгууллагууд нь бүгд салбарын бүлэг юм. Багш нарын үндэсний холбоо, мотор үйлдвэрлэгчдийн болон худалдаалагчдын холбоо, Британийн эмийн холбоо, Британийн Аж үйлдвэрийн холбоо зэрэг нь бүгд салбарын бүлгүүдийн жишээ юм.
Британийн аж үйлдвэрийн холбоо нь ашгийн бус байгууллага бөгөөд хааны тунхаглалаар 1965 онд байгуулагдсан ба британийн 200,000 байгууллагын сонирхлыг илэрхийлж, дэмжиж байдаг. CBI нь өөрсдийн сонирхлыг илэрхийлж засгийн газарт лобби үзүүлэх, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилдаг бөгөөд статистик мэдээ гаргах ба засгийн газрын бодлогын анализ хийж бусад бусад бизнесийнхний харилцан ажиллагааг хангаж байдаг байна. Энэ байгууллага нь үндэсний болон олон улсын асуудлаар Британийн бизнесийн салбарыг төлөөлдөг хамгийн чухал байгууллага юм. Тэд Их Британийн засгийн газар, олон улсын хууль тогтоогчид болон бодлого гаргачдыг Британийн бизнесийнхэнд үр бүтээлтэй өрсөлдөхөд нь туслахад нөлөөлөх үйл ажиллагааг явуулдаг.
Мөн тодорхой шалтгааны улмаас нэгдсэн байгууллагууд нь: амьтныг хамгаалах байгууллага, амьтанд туслах, амьтан дээр туршилт хийхийг цуцлах британийн холбоо зэрэг нь идэхвтэй үйл ажиллагаа явуулдаг байна.
2.2. АНУ, Франц, Англи, Герман, Норвеги улсын сонирхлын бүлгүүдийн харьцуулалт/ плюраль ба корпоративизмын түвшин/
5 орны иргэдийн улс төрийн оролцооны түвшин %
Оролцооны хэлбэр
|
АНУ
|
Герман
|
Англи
|
Франц
|
Норвеги
|
Үндэсний сүүлчийн сонгуулийн сонгогчдын ирц
|
49
|
82
|
72
|
68
|
76
|
Бусдын саналд нөлөөлөх оролдлого
|
32
|
25
|
17
|
39
|
-
|
Нам, нэр дэвшигчдэд тусалж дэмжих
|
27
|
9
|
8
|
-
|
-
|
Айл, аймгийн асуудлаа шийдэхийн тулд бусадтай хамтран ажиллах
|
34
|
12
|
14
|
-
|
-
|
Орон нутгийн түшмэдүүдтэй холбоо тогтоох
|
24
|
-
|
21
|
-
|
-
|
Өргөх бичигт гарын үсэг зурах
|
70
|
55
|
75
|
51
|
-
|
Эсэргүүцлийн тайван жагсаалд оролцох
|
15
|
25
|
13
|
21
|
Америкийн нэгдсэн улс ардчиллуудын дотор сонгуулийн оролцоогоор нэлээд доогуур, европчууд санал хураалтад илүү оролцож байгаа нь харагдаж байна. Гэхдээ америкчуудын энэ үйл байдлыг улс төрийн идэвхгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай. Учир нь тэд англичуудыг бодвол бусдын санал өгөхөд нөлөөлөхийг илүү оролддог, мөн англи, германчуудаас аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжих талдаа идэвхтэй ханддаг нь харагдаж байна.[23] Гэвч сонгууль иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх, улс төрийн оролцоог тодорхойлох ганц үзүүлэлт биш гэдэг нь тодорхой. Дээрх улсуудын сонирхлын бүлгийг тайлбарлах, сонирхлын бүлгийн аль системтэй улс болохыг тодорхойлохын тулд плюраль болон корпоратив системийн хэв шинжийн аль нь давамгайлж байгааг тогтоох хэрэгтэй болно. Үүний тулд тухайн улсуудын иргэд нийт дундын асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг болох түүнчлэн төвлөрсөн байгуулагатай эсэх болон үйлдвэрчний эвлэлийн хүч нөлөө, тэдгээрийн чадварыг дүгнэж, консертацийн үйл явцыг судлах шаардлагатай.
№
|
Улсууд
|
Олон ургалч байдлын индекс
|
1
|
Норвеги
|
0.44
|
2
|
Герман
|
1.38
|
3
|
Франц
|
2.84
|
4
|
АНУ
|
3.31
|
5
|
Их Британи
|
3.38
|
Дээрх орнуудын сонирхлын бүлгийн олон ургальч байдлын түвшин,1945-1996[24]
Олон ургальч байдлын үзүүлэлтийг онолын хувьд хамгийн өндөр нь 4.00 оноогоор, хамгийн бага нь 0.00 оноогоор үнэлсэн бөгөөд эндээс харахад хамгийн олон ургальч орон нь Их Британи, хамгийн их корпоратист орон нь Норвеги, тэгээд Герман болж байна. Харин Франц, АНУ нь олон ургальч болон корпоратизмын онолын дунд цэг болох 2.00 онооноос хавгүй өндөр байна. Энэ нь тэднийг илүү плюраль талдаа байгааг харуулж байгаа юм.
Сонгуулийн тогтолцоо нь намуудын тогтолцоог бүрэлдүүлдэг, намууд нь засгийн газрын танхимыг байгуулахад нөлөөлдөг бол танхимын хэлбэр нь түүний оршин тогтнох хугацааг нөхцөлдүүлдэг. Тиймээс сонирхлын бүлгийн тогтолцоо нь бусад хувьсагчтай холбоотой. Мөн корпоратизм, плюраль үзлийн хоорондох ялгаа, ижил төстэй зүйлийн талаарх төсөөлөл, өргөн хүрээтэй зөвшилцлийн болон олонхийн тогтолцооны ялгаан дээр бүхэлдээ оршин тогтдог гэж таамаглаж болно.[25] Таамаглалаар бол ялимгүй олонхийн намын танхимтай улсад нийтлэг сонирхлын бүлгийн тогтолцоо илүү плюраль байдаг. Харин олон намын тогтолцоотой улсад плюраль хандлага арай бага байх хандлага ажиглагддаг байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн харьцуулал:
Орчин үед ийгэмд үйлдвэрчний эвлэл чухал үүрэг биелүүлсээр байгаа бөгөөд эдгээр нь нэг ажил, мэргэжил эрхэлдэг хүмүүсийг нэгтгэж тэдний нийгэм эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалж байдаг. 1950-д оны үед АНУ-н ажиллах хүчний 36% нь ҮЭ-д нэгдсэн байсан. 1950-д онд Америкийн эвлэлийн оргил үе байсан бөгөөд энэ нь АНУ-тай харьцуулж буй бусад орнуудтай харьцуулахад гишүүнчлэл нь доогуур түвшинд байсан юм. 1989 онд энэ байдал нь 16% болтлоо буурсан бөгөөд энэ нь бусад хөгжингүй ардчилсан улсуудтай харьцуулахад хамгийн бага хувьтай байсан байна. Бусад хөгжингүй ардчилсан орнуудын эвлэлийн гишүүнчлэлийг 1990 оны байдлаар авч үзвэл. Норвеги 60%, Их Британи 60%, Герман 30%, Франц 31%тай байсан байна.[26] Харин 2000 оны байдлаар норвеги 60%, Их Британи 80%, Герман 32%, Франц 77%-тай байсан.
Корпоратив төрийн загвартай зарим улсууд, Скандинавын улсуудад тодорхой хугацааны туршид эдийн засгийн үр дүнтэй бодлого явуулж чаджээ. Норвегид хүн амын 70%-г хамардаг хүчтэй “хамгааллын бүлгүүд” оршин тогтнодог. 1976 оноос хойш засгийн газар болон аж үйлдвэрийн эздийн нийгэмлэг, мэргэжлийн холбоодын хооронд хөдөлмөрийн хөлс, татвар, хүүхдийн тэтгэлэг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх дотаци зэрэг эдийн засгийн чиглэлийн асуудлаар жил бүр хэлэлцэн шийдвэр гаргаж ирсэн. Хэдийгээр хэлэлцээрт цөөн тооны хүмүүс оролцдог боловч сонирхлын бүлгийн энгийн гишүүд түүний үе шатанд нөлөөлөх боломжтой байдаг ажээ. Норвеги улсад ажиллах хүчний дийлэнх нь эвлэлдэн нэгдсэн байдаг нь ажилчны хөдөлгөөнийг төвлөрөн нягтрахад хүргэж, ажилчны ангийн ашиг сонирхлыг хөндсөн ихэнх асуудлаар нэгдмэл байр суурь илэрхийлдэг байна. 2002 оны байдлаар LO нь нийт ажиллах хүчний 60%-г төлөөлж байжээ. Тухайн холбоонд 21 эвлэл харъяалагдах бөгөөд нийтдээ 850,000 гишүүнтэй байдаг. Эндээс үзэхэд Норвеги улс нь корпоратив төрийн загвартай гэгддэг Скандинавын Гэтэл Британы тред-юнионуудын их хуралд багтдаг холбоод бие дааж ажиллах уламжлалаа хадгалж, төвлөрөл харьцангуй сул байдаг ажээ. Норвеги, Германыг бодвол Их Британийн аж үйлдвэрийн эздийн нийгэмлэг, мэргэжлийн холбоодын гишүүддээ тавих хяналт сул байдаг. Герхард Лембрук парламентийн болон намын засаглалын институциональ механизмуудыг солихыг оролддоггүй, харин ч улс төрийн системийг нэгтгэхэд тус болдог “Либерал корпоративизмын” санааг гаргасан байна. Либерал корпоративизмыг зөвхөн төрд зөвлөгөө өгөхтэй адилтгаж болохгүй бөгөөд энэ бүлэг нь эдийн засгийн бодлого боловсруулахад өндөр түвшинд хамтран ажилладаг ажээ.
Аж үйлдвэр хөгжсөн ардчилсан орнуудад бюрократ болон корпоратив сонирхлын бүлгүүд улс төрийн бодлогод нөлөөлөхдөө өөрт байгаа асар их нөөц, мэдээллийг ашигладаг байна. АНУ-д цэрэг аж үйлдвэрийнхэн өөртөө Батлан хамгаалах яамны бүрэлдхүүн, цэргийн аж үйлдвэрийн эрхтнүүдийг багтааж тэд хамтын хүчээр цэрэг дайны өндөр зардлыг хамгаалдаг. АНУ-н эдийн засагт томоохон сонирхлын бүлгүүд, ялангуяа аж үйлдвэрийн эзэд ямагт хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн. Дэвид Маккей зөвхөн Засгийн газар л аж үйлдвэрийн эздийн нийгэмлэгтэй адилтгаж болохоор нөлөөтэйг тэмдэглэсэн.[27] Өнөөдөр томоохон бизнес эрхлэгчид өөрсдийн байр суурийг нээлттэй хамгаалах шаардлагагүй болсон бөгөөд инэнх тохиолдолд засаг захиргаа тэдний хариу үйлдлийг мэдэрч тохирох шийдвэрийг өөрсдөө гаргадаг болжээ. АНУ-н эдийн засгийн хорооны бүтэц гэхэд банк, корпораци, бизнес, шинжлэх ухааны салбаруудын гол төлөөлөгчдийг /200 хүн/ багтаасан захиргааны зэрэгцээ 12 янз бүрийн хороо ажиллаж үндэсний батлан хамгаалах, цөмийн эрчим хүчний хөгжил, үйлдвэрчний эвлэлтэй харилцах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэрэг асуудлаар засгийн газарт санал зөвлөмж боловсруулан өгч байдаг. Ийнхүү худалдаа үйлдвэрлэл, бизнесийн том холбоод улс төрийн чухал чиг үүрэг гүйцэтгэдэг.
Корпоративизм нэг нийгэмд хор хөнөөл нөгөө нийгэмд ач тус хүргэдэг. Судалгаанаас үзэхэд соёлын нэгэн төрөлт, зохион байгуулалттай сахилга бат бүхий хүн амтай нийгэмд энэ систем илүү тохирдог байна. Хөгжиж буй орнууд өргөн утгаараа корпоратист гэхээсээ илүүтэйгээр олон ургальч үзэлтэй байдаг. Стефан Хаггарт ба Роберт Р.Кауфман нар үүний шалтгааныг гурван талт хамтын ажиллагааг ихээхэн хүндрүүлдэг “сонирхлын бүлэг, нам зэрэгт холбогдох тоглогчдын аль алиных нь зохион байгуулалтын сул дорой байдалтай” холбож тайлбарласан байдаг.[28] Гэсэн ч хөгжиж буй орнуудын сонирхлын бүлгийн тогтолцоо нь нэгэн хэвийн, цэвэр олон ургальч байдалтай байдаггүй. Хэр зэрэг олон ургальч буюу хэр хэмжээгээр корпоратист байгааг тухайн орны буюу бүс нутгийн улсуудыг судлан шинжилж, нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр илэрхийлэх боломжтой болдог байна.
Тус бүрдээ, эсвэл хэсэг хэсгээрээ нийгмийн секторуудыг төлөөлсөн эдгээр бүлгүүд гишүүнчлэл, нөлөөлөх хүрээний төлөө өөр хоорондоо өрсөлдөж, үүний хамт бүгдээрээ улс төрийн бодлого боловсруулагчид, бюрократ нарт өөрсдийн шаардлагыг тулгахыг оролддог. Сонирхлын бүлгүүдийн плюраль системийн хамгийн сонгодог гэхээр загвар АНУ бөгөөд, түүнчлэн ажилчин анги нь үйлдвэрчний эвлэлд олноороо нэгдэн орсон байдаг ч Их Британи, Францыг энэ системд хамруулж болох байна.
Хэрэв плюраль системд бизнесийн ашиг сонирхлыг тусгасан бие биеэсээ харилцан хамааралгүй олон бүлгүүд өрсөлддөг бол корпоратив системд ажил хэргийн ихээхэн ач холбогдол бүхий ашиг сонирхлыг төлөөлсөн нэгдсэн толгойлогч холбоо үйл ажиллагаа явуулж байдаг. Корпоратив системд сонирхлын бүлгүүд засаг төрийн байгууллагууд болон улс төрийн намуудтай улс төрийн чиг шугамын маргаантай асуудлуудыг хэлэлцэхэд тэдгээрийн түнш маягаар байнга, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хамтран ажилладаг онцлогтой. Иймэрхүү нэгдсэн том толгойлогч холбоодтой орнуудад ажил эрхлэлт, ханш уналтыг тогтоон барих, нийгмийн салбарын төсвийг нэмэх талаар плюраль системтэй орнуудаас илүү амжилт олсон байдаг нь анхаарал татдаг. Энэ системийн хүрээнд Норвеги, Герман улсууд орж байна.
Зарим эрдэмтэд корпоратизмын зарим шинжтэй орнуудын тоонд Франц улсыг хамруулж, Корпоратизм маш бага орнуудын тоонд Их Британи, АНУ-г оруулсан байдаг нь эдгээр сонирхлын бүлгийн систем нь практикт дан ганцаар оршин байдаггүйг харуулж байгаа юм.
Дүгнэлт
Сонирхлын бүлгүүд, төр засгийн институтийн хоорондын харилцаанаас хамаарч сонирхлын бүлгүүдийн өөр өөр систем байж болох авч үндэстэн хоорондын харьцууллаас үзэхэд илүү тогтвортой ардчилалтай, хөгжингүй орнууд корпоратив шинж тодорхой хэмжээгээр байх боловч илүү плюраль байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Их Британы, АНУ-д үндэсний хэмжээний томоохон толгойлогч байгуулагууд байдаг боловч эдгээр таван орны дундаас хамгийн плюраль орон болж байна. Харин хамгийн их корпоратив улс болох Норвеги ч барууны өндөр хөгжилтэй, ардчилал тогтсон орон бөгөөд яагаад зарим талаар плюраль загвартай улсаас зарим үзүүлэлтээр илүү байгаа нь тухайн улсын сонирхлын бүлгүүд нь илүү сайн зохион байгуулагдсан, удаан хугацаад үйл ажиллагаагаа явуулдаг, оновчтой илэрхийлэгдсэн ашиг сонирхлыг мөрдлөг болгож, тодорхой дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулдагтай холбоотой байна.
Ардчилсан тогтолцооны хүрээнд аливаа бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд цоо шинэ сэтгэлгээ шаардагддаг. Төр болоод төрийн албан хаагчид “дарга байхын” төлөө бус харин хамтран зүтгэгч, шинийг эрэлхийлэгч байж иргэдэд үйлчлэх үүрэг хүлээж байдаг. Ийм учраас иргэдийн улс төрийн оролцоог идэвхжүүлж, хэлэлцэж буй асуудалд тэдний анхаарлыг хандуулж дэмжлэг авах буюу шүүмжлэл өрнүүлэх ёстой. Үндэстнүүдийн харьцууллаас үзэхэд иргэд өөрсдийн үзэл бодлоор бүлэгт нэгдэж хөгжлийн тэргүүлэх чиглэлийн асуудлаар бодлого боловсруулахад иргэд идэвхтэй оролцож өөрсдөө хэрэгцээгээ тодорхойлох боломжтой байх нь тухайн орны хөгжил, ардчилалд чухал болохыг харуулж байгаа юм. Сонирхлын бүлгийн үндсэн үүрэг бол ашиг сонирхлоо нэгтгэх, илэрхийлэх, мэдээлэх, улс төрийн элитийг төлөвшүүлэх явдал байдаг. Эдгээр үүргийг хэрэгжүүлэхэд сонирхлын бүлгийн плюраль болон корпоратив систем аль аль нь өөрийн давуу болон сул талтайг харж болхоор байна.
Ном зүй:
- А.Лейбхарт “Ардчилалын хэв загварууд” ., УБ.2007
- Б.Дашдэмбэрэл, Г.Ганбаяр.”Харьцуулсан улс төр судлал” сурах бичиг. УБ., 2004
- Б.Дэлгэрмаа “Улс төр судлал”., УБ,1996
- Ц.Ганболд. “Улс төрийн шинжлэх ухаан”. УБ., 2001
- М.Дверже “Улс төрийн байгууламж” УБ., 2007
- Ё.Довчин. “Харьцуулсан улс төр”.УБ.,2006
- W.Phillips.Shively, Power and choice.,1991
- Freedom house.org
- Washington Representatives (32 ed.). Bethesda, MD: Columbia Books. November 2007.
- http://www.bls.gov/news.release/union2
- National Bureau of Economic Research Working paper number 3342: 6, 42. http://www.nber.org/papers/w3342.
[11] Power and choice p288
[16] Washington Representatives (32 ed.). Bethesda, MD: Columbia Books. November 2007. p. 949.
[18] http://www.bls.gov/news.release/union2
[20] Freedom house.org
[22] Power and choice., p291
[26] National Bureau of Economic Research Working paper number 3342: 6, 42. http://www.nber.org/papers/w3342.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?