пятница, 24 декабря 2010 г.

Үндсэн хууль

Конститутио - байгууламж, байгуулал гэсэн латин үг. /ер нь шинжлэх ухаан латин хэлнээс үүссэн юм шиг л баахан латин үг байдгийн/
Орчин үеийн Үндсэн хуулийн анхдагч нь Америк бөгөөд 1787 онд анхны үндсэн хуулиа баталж одоо ч хэрэглсээр байна. Учир нь Америкийн нийгмийн харилцааны тулгуур зарчим өөрчлөгдөөгүй гэсэн үг юм. Үндсэн хууль нь төр ёсны хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Монголын үндсэн хууль өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн нь төр иргэний харилцаа, нийгмийн тулгуур зарчим өөрчлөгдөж байсанд оршино.
Үндсэн хууль нь нийгмийн харилцааг зохицуулах төрийн зохицуулалтын хамгийн гол баримт бичиг мөн. Үндсэн хууль нь төр, иргэний харилцааг зохицуулдаг дундын шинжтэй байдаг. Үндсэн хуулийг түүхэн хөгжлийн үүднээс үечилбэл:
1. Түрүү үеийн үндсэн хууль:
АНУ-ын үндсэн хууль 1787
Польшийн үндсэн хууль 1791
Францын үндсэн хууль 1793
Норвегийн үндсэн хууль 1819
Бельгийн үндсэн хууль 1831

2. Дунд үеийн үндсэн хууль:/Дэлхийн 2-р дайнаас өмнөх үндсэн хуулиуд/
Австралийн үндсэн хууль 1900
Мексик 1917, тухайн үед олон улс орон тусгаар тогтнолоо олж, колониуд задарснаар маш олон улс анхны үндсэн хуулиа баталсан байна.

3. Шинэ үеийн үндсэн хууль: /Дэлхийн 2-р дайнаас хойш 90-д он хүртэл/
Африк тивийн олон улс орон үндсэн хуулиа баталсан. Мөн Япон /1946/ дайнд ялагдснаар үндсэн хуулиа шинээр батлах болсон. Азид Филипин/1987/,Өмнөд Солонгос/1948/ зэрэг улсууд үндсэн хуулиа баталсан. Америк тивд Болив/1967/, Бразил/1988/,Гондурас/1982/, Доменикан/1963/, Сальвадор/1983/, Канад/1867,1982/ г.м
Европ тивд баруун европын ихэнх улс орнууд, Итали/1948/, Франц/1958/, Герман/1949/, Дани/1953/, Грек/1975/, Испани/1978/, Португали/1976/ үндсэн хуулиа баталсан байна.

4. Нэн шинэ үеийн үндсэн хууль: /90-д оноос хойш одоог хүртэл/
Ардчилалын 3 дахь давалгааны оргил үеийн, социалист систем задарч хуучин социалист орнууд үндсэн хуулиа шинээр баталсан. Ялангуяа Зүүн европын орнууд, Дундад азийн орнууд, Балтийн тэнгисийн орнууд, Чех/1992/, Косова/2008/

5. Ирээдүйн үндсэн хууль:
Тухайн улс орны улс төрийн систем, нийгмийн тулгуур зарчим өөрчлөгдснөөр шинээр үндсэн хуулиуд батлагдаж болох юм.

Үндсэн хууль нь зөвхөн эрх зүйн төдийгүй, улс төрийн шинжтэй улс төрийн ач холбогдолтой онцгой баримт бичиг юм. Үндсэн хуулийн мөн чанарыг илэрхийлдэг онцгой шинжүүд бий. Үүнд:
- Үндсэн хууль нь эрх зүйн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх тулгуур суурь болдог.
- Үндсэн хууль нь төрийн тогтолцооны тулгуур үндэс
- Үндсэн хууль бол нийгмийн амьдралын бүхий л салбар, хүрээний үндсийг тодорхойлсон харьцангуй тогтвортой байна.
- Үндсэн хууль нь ард түмний бүрэн эрхийн баталгаа болдог.
- Үндсэн хууль нь тунхаглалын шинжтэй байна.

Орчин үед төр, нийгэм, иргэн гурвын харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон төрийн тогтолцооны үндэс, нийгмийн байгуулам, улс төрийн систем, дэглэм, төрийн эрх барих удирдах байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын зарчим, сонгуулийн систем, иргэдийн үндсэн эрх, үүрэг зэрэг асуудлыг тусгаж, тэдгээрийг хуульчлан баталгаажуулсан улс төр, эрх зүйн гол тулгуур баримт бичгийг Үндсэн хууль гэж нэрлэх жишиг тогтжээ.

воскресенье, 5 декабря 2010 г.

АФОРИЗМ

  • Хүн төрөлхтөний түүх Дорноос, тэр дундаа Монголоос эхэлдэг. Нүүдэлчин Монголчууд хүн төрөлхтөнд оюун санааг бэлэглэсэн. Тэр бол Төр юм. Г.Гегель
  • Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Р.Декарт
  • Бүх юм өнгөрсөн хойно ч гэсэн ирээдүй ямагт үлддэг. К.Боув
  • Шударга ёс бол хүний оршин байхтай ижил төрөлх чанар юм. Ш.Монтескъе
  • Хамгийн шударга амьдрал хамгийн сайхан сайхан. Платон
  • Шударга ёс хүчгүй байх, хүч чадал шударга ёсгүй байх хоёулаа аюултай.Жозеф Жубер
  • Бусдын эрүүл мэндийн төлөө хундага тулгахдаа өөрийнхийгөө ч бас бодож бай.
  • Өрөөл бусдын сайн сайханыг бодож байгаа хүн өөрийнхөө сайн сайхан чанарыг нэгэнт олсон байдаг. Күнз
  • Уур хилэн гэдэг хамгийн муу хамгаалалт. Шекспир
  • Миний үүрэг бол цагийг үр ашигтай өнгөрүүлэх, цаг хугацааны үүрэг намайг аажим аажмаар үхүүлэх
  • Өнөөдөр шиг хол юм үгүй яагаад гэвэл тэр эргэж ирэхгүй одно, маргааш шиг ойрхон юм байхгүй яагаад гэвэл тэр ирж явна.
  • Өчигдөрийг мартаж болохгүй тэр чинь маргаашын багш
  • Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдрэхгүй. Ш.Руставели

среда, 3 ноября 2010 г.

Улс төрийн үзэл суртлын мөн чанар, ач холбогдол

Үзэл суртал нь улс төрийн эрх зүйн, ёс суртахууны зэрэг нийгмийн ухамсрын аль нэг хэлбэрээр илэрч, оршиж чаддаг.Эдгээрийн дотроос улс төрийн үзэл суртал нь улс төрийн харилцаа, засаглалын харилцааг тусгаж, уг харилцаанд оролцогч хүчнүүдийн ашиг сонирхлыг илэрхийлж байдаг тул хамгийн чухал нь юм.Үзэл суртал нь улс төрийн бодлогод нөлөөлхийн зэрэгцээ улс төрийн бодлого, өөрийн зүгээс үзэл суртлын материаллаг урьдач нөхцөл бий болгож, нөлөөллийг нь зохион байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.Харгис улс төрийн бодлого нийгмийн тухай номлолыг зөвхөн үзэл суртал болгон хувиргаж, түүнийг гагцхүү өөртөө үйлчлүүлэх зорилго тавьдаг.Үүнийг сталинист улс төрийн бодлого үзэл суртал хоёрын холбоо нэн тод харуулсан юм.Харин дэвшилтэт улс төрийн бодлого нийгмийн тухай номлолыг үзэл суртлын хүлээснээс ангижруулж, хөндий байлгадаг нь түүний шинжлэх ухааны агуулгатайгаар хөгжих нэг чухал нөхцөл нь болдог.Өөрөөр хэлбэл улс төрийн бодлого үзэл суртал хоёрын харилцаа холбооны дотор улс төрийн бодлого эцсийн бүлэгт шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.Гэхдээ үзэл суртал нь улс төрийн бодлогодоо идэвхтэй, зарим тохиолдолд онцгой ач холбогдолтой нөлөө үзүүлж байдаг.

Үзэл суртал нийгмийг нэгтгэж нягтруулах, нам, хэсэг бүлгийн, үзэл бодол төдийгүй өргөн олны ертөнцийг үзэх үзэл, улс төрийг суурь ухамсрыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг.Амьдрал дээр шинжлэх ухаан тэр бүр хариулт өгч, шийдвэр гаргах боломжгүй олон асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болдог бөгөөд үүнд үзэл суртал гол үүрэгтэй.Зорилт тодорхойлох, бодит байдлын нарийн ээдрээг хялбарчлан томъёолж хураангуйлан олон түмний ухамсарт хүргэх талаараа үзэл суртал давуу талтай байдаг. Нийгмийн ухамсрын үзэгдлийн хувьд үзэл суртал хэд хэдэн онцлог шинжтэй. Тухайн үзэл суртал нь нийгмийн аль нэг бүлгийн өвөрмөц, онцгой ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлийн тусгал болдог бөгөөд тэр бүлгийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй .Аливаа ашиг сонирхлыг тусгасан үзэл санаа болгон үзэл суртал байж чадахгүй.Нийгмийн томоохон бүлэг болох анги, үндэстэн мөн намын сонирхол, зорилго хэрэгцээг илэрхийлсэн системчлэгдсэн саналын нийлбэр цогц хэмээн үзэл суртлыг олон судлаачид тодорхойлон санал нэгддэг. Нийгэм улс төрийн хөгжлийн талаар бүлгийн байр суурийг илэрхийлсэн явцуу ухамсрын нэг хэлбэрийн хувьд үзэл суртал нийгмийн одоо ба ирээдүйн хөгжилд нийцсэн дүн шинжилгээ өгөх шалгуурыг олон түмний ухамсарт нэвтрүүлэх зорилготой юм.Аливаа үзэл суртал улс төрийн шинжтэй өөрөөр хэлбэл нийгмийн улс төрийн байгуулалтын талаар болон нийгмийн амьдралд улс төрийн эзлэх байр суурийн тухай нийгмийн бүлгийн үзэл бодол юм. Нийгмийн бүлэг засгийн эрхэнд санаархаж, түүнийг ашиглах гэсэн үйл ажиллагаа бодлогыг үндэслэх үүргийг улс төрийн үзэл суртал гүйцэтгэдэг.

Нийгмийн улс төрийн харилцааг тусгаж буй улс төрийн ухамсрыг хувь хүний ба хамт олны гэж ялгана.Хамт олны улс төрийн ухамсрын хөгжлийг зөв тусган илэрхийлж дүгнэх байдал нь улс төрийн системтэй сэтгэлгээ, түүний дотор улс төрийн үзэл суртал бүрэлдэн бий болоход их үүрэг гүйцэтгэдэг.Мөн тэр нь улс төрийн үзэл суртлын агуулга болох юмуу, түүнээс хамаарахгүйгээр шинжлэх ухааны мэдлэг болж үүсэх улс төрийн тодорхой номлолд маш чухал нөлөө үзүүлдэг.Аль нэг улс төрийн номлол нь төрийн үндсэн хууль, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, улс төрийн хүчнүүдийн үзэл санааны зорилго, арга замыг тодорхойлсон бусад баримт бичгүүдэд ямар нэг хэмжээгээр тусгагддаг.Үзэл суртал ба улс төрийн бодлого хоёрын уялдаа холбоо дараах байдлаар илэрдэг:

-Улс төрийн хүчнүүд ялангуяа нам улс төрийн бодлогоо тодорхойлж, зорилгоо хэрэгжүүлэх арга замыг сонгож байдаг.Мөн энэ үндсэн дээр улс төрийн хүчнүүдийн байр суурь төлөвшин тогтож улс төрийн дэмжигчдээ олж авдаг нь дандаа шинжлэх ухааны онолд тулгуурлах бололцоо тэр бүр байдаггүй.Ийм нөхцөлд тодорхой үзэл сурталд илүү үндэслэдэг.

- Үзэл суртал нь улс төрийн хүчнүүдийг нэгтгэгч чухал хүчин зүйл болдог.Яг нэг ижил биш боловч ойролцоо үзэл бодол, онолын баримтлалтай хүмүүсийг холбон нэгтгэх явдал бол улс төрийн томоохон хөдөлгөөн, байгууллагын онцлог шинж юм.

- Хувь хүн нийгмийн бүлгийн улс төрийн үйл ажиллагааны өрнөл, идэвхт чанарт үзэл суртал хүчтэй нөлөөлдөг.Тухайлбал: эх оронч үзэл, үндэсний үзэл зэрэг нь хүмүүсийн эрэлхэг зоригийг төрүүлэх чадвартайг нотлох түүхэн жишээ олон бий.

Нийгмийн бүлгүүдийн хэрэгцээ, нийгмийн харилцааг зохицуулах хэм хэмжээ, үнэт зүйлийн хоорондын зөрчил нь уг асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий шинэ үзэл санаа, байр суурь бий болоход хүргэдэг, улмаар үзэл суртал үүсдэг байна.Нийгмийн амьдрал дахь үзэл суртлын үүрэг дараах байдлаар илэрнэ.Үүнд:

1. Чиглүүлэн заах: Үзэл суртал нь хүмүүст нийгмийн дэвшил, хувь заяа, засаглал зэргийн талаарх төсөөллийг хүмүүст өгч үйл ажиллагааг нь чиглүүлэн удирдана.

2. Дайчлах: Улс төрийн үзэл суртал нийгэм, бүлэг, хувь хүнийг улс төрийн амьдралд татан оруулах шууд сэдэл болдог.

3. Нэгтгэн нягтруулах: Үзэл суртал нь салангид, өөр хоорондоо зөрөлдсөн байр суурь, ашиг сонирхлуудыг нэгтгэн зангидаж нийгмийн системд нийцүүлдэг.

4. Саармагжуулах: Нийгэмд хүндрэл бэрхшээл тулгарахад үзэл суртал түүнийг саармагжуулан уг хямралаас гарахад дөхөм болдог.

5. Нийгмийн бүлгийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах: Улс төрийн үзэл суртал нь ямар нэг бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлэхийн тулд л үүсдэг, үйлчилдэг.

Улс төрийн легитимт байдлын асуудал бол өнө эртний зүйл. Үзэл суртал бол улс төрийн дэглэм, улс төрийн соёлын аль алины легитим байдлыг хангаж өгч чаддаг.Энэ нь ялангуяа ардчилсан бус нийгмүүдэд тохиолдоно. Бараг эрх баригч бүр, засгийн газар бүр, тэр бүү хэл хамгийн дарангуйлагч нэгэн ч өөрийн эрх мэдлээ ямар нэг байдлаар зөвтгөх шаардлагатайг боддог байж. Хэрэв тухайн эрх баригчийн легитим нь өргөн дэлгэр хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлд тэрбээр амь амьдрал мэтийн асуудлыг шийдэх өндөр эрх мэдэлтэй болж түүнийг ард түмэн ямар нэг асуудалгүй адаглаад хүчтэй эсэргүүцэлгүй хүлээн авах болно.Нэгэнт үзэл суртал буруу байх учиргүй тул мөн улс төрийн алив асуудалд хариулт өгөх тул үзэл сурталд дулдуйдан үйл ажиллагаа явуулж буй засгийн газар бараг үйлдэл бүрээ, түүгээр үл барам хууль зөрчсөн, хүчирхийллийн шинжтэй байсан ч зөвтгөх бололцоотой.Улс төрийн өөрийгөө зөвтгөхүй ямар ч нөхцөлд илэрхий байдаг.Үүнийг үндсэн хуулиар хязгаарласан хэдий ч заримдаа бүр ардчилалуудад ч тохиолдоно.Үзэл суртал бол улс төрийн өөрийгөө зөвтгөхүйн тулгын чулуу мөн.Учир нь “юм бүхэн засгийн газарт хамаатай, түүний зорилго нь үзэл сурталд нийцүүлэн нийгмийг өөрчлөн байгуулахад оршино”[1] гэсэн ойлголтод гуйвалтгүй үнэнч байдаг. 20-р зуунд үзэл сурталд тулгуурласан легитим байдал тоталитар дэглэмийн тулгын чулуу болсон.Германы нацистууд (1933-1945) болон ЗХУ-ын коммунистууд (1917-1991) өөрсдийн дэглэмийг өргөн олноор дэмжүүлэхийн тулд үзэл суртлыг хэрхэн ашиглахыг маш хурдан сурчээ.Нацист удирдагч нар герман хүмүүс Норд бус үндэстнүүдтэй харьцуулбал бие бялдар, оюун ухааны хувьд тэднийг дагуулахгүй хэмээн зогсоо зайгүй давтаж байв.Уг үзлийг онцлон цохож засгийн газрын агентууд “дорд” хэмээн тодорхойлсон ард түмнүүд (славъянуууд, еврей нар, африкууд, цыганууд болон бусад) бол дэд хүмүүс юм.Зөвлөлтийнхөн коммунист нийгмийн эдийн засаг, ёс суртахууны давуу хүчийг онцлон тэмдэглэж байв.Тэд зөвлөлтийн иргэдэд ялзран доройтож буй капиталист нийгмийг бодвол коммунизм нь хүний нөөц чадавхийг илүү дэмжсэн, нийгмийн хамгийн орчин үеийн хэлбэрийг төлөөлж байдаг хэмээн зааж байсан.Нийгэм улс төрийн амьдрал харьцангуй тогтвортой тайван үед улс төрийн онол сургаалийн аль нэг чиглэл хүн ардын олонхийн эрх ашиг, санаа сэтгэлд нийцэж зонхилох үед тэрээр нийгмийн тухайн байгуулал, улс төрийн дэглэмийг зөвтгөж үзэл суртлын тал давамгайлдгийг түүх харуулж байна.Тээвэр холбоо харилцааны дэвшил төрд урьд байгаагүй шинэ үүрэг ногдуулж байна.Мянга мянган жил өөрийн иргэдийг хяналтдаа байлгахад төрд өрсөлдөгч байсангүй.Одоо цагт хэдэн мянган бээрийн зайд мэдээ мэдээлэл хоромхон зуур бараг хүч гаргалгүйгээр солилцоход үндэстнүүдийн хил шугам юу ч биш болсон ажээ.Тийм ч учраас хүн төрлөхтөн тэр бүр үзэл суртал болгоныг үг дуугүй дагахаасаа илүү зөв бурууг тунгааж өөрийн үзэл бодлоор улс төрийн үзэгдэл, үйл явцад өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгөх болсон.

2.2 Улс төрийн үзэл суртлын цаашдын чиг хандлага

Тодорхой хэдэн үзэл суртал мэдэгдэхүйц хүч суларсан гэдгийг бид итгэлтэй хэлж болно.Эдийн засаг, улс төрийн бүтэлгүйтэл нь өргөн олонд илэрхий болсноор коммунизм 1990-ээд оны эхээр Зүүн европ болон Зөвлөлт холбоот улсад хөрснөөс арчигдсан.Дэлхийн 2-р дайнд ялагдснаар фашизм хөсөр хаягдсан.Гэвч үзэл суртал нэрээ гутаасан хэдий ч заавал үгүй болох ёсгүй.Тухайлбал: Коммунизм ердөө л шинэчлэгдсэн.Нэр хүнд олох, чөлөөт сонгуулиар дахин сэргэхийн тулд Өрнөд болон Европт коммунист намууд олон тохиолдолд нэрээ сольж, ардчилсан зүүний нам хэлбэрээр шинээр гарч ирж байна.Гайхалтай нь зарим нам сонгуульд өндөр амжилт олсон.Дахин сэргэсэн ( өөрчлөгдөн шинэчлэгдээгүй) фашизм хүртэл Италид амжилтанд хүрээд байна.Коммунизм үзэл суртлын хувьд хэдийнээ дампуурсан газруудад юу ч өөрчлөгдөөгүй байна.Англи хэлтэн орнууд хуучин Баруун Германд коммунист намуудыг дэмжих төдий байв.Эдгээр орны улс төрийн соёл, коммунист үзэл суртлыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй эсвэл ардчилсан нийгэм дэхь утга учиргүй тоталитар үлдэц хэмээн удаан хугацаанд гадна орхисон байсан.Коммунизмыг улс төрөөс шоовдорлогдсон, эдийн засгийн архаг доройтлын гаргууд илэрхийлэл гэж үздэг.Тодорхойлж үзвээс бараг бүх үзэл суртал өөрсдийн дуртай төлөвлөгөөндөө нийгмийг багтааж барихыг хичээдэг.Нэгэнт тоталитар дэглэм тогтоосон Зөвлөлтийн коммунист удирдагчид аливаа өөрчлөлтийг үл тэвчиж, түүнийг үгүйсгэхийг оролдож байлаа.Коммунистууд хянаж байсан засгийн газруудтай(Хойд Солонгос, Куба, Вьетнам, Камбожийн эдийн засгийг коммунизм гүйцэтгэсээр байгаа хэдий ч эдгээр хатуу коммунист орнуудад чөлөөт зах зээл удаан боловч хөлөө олсоор байна) ихэнх орнуудад коммунизм задрахын хамт дэлхийн үлэмжхэн хэсэг “ үзэл сурталгүйжиж” байна гэсэн угтал дүгнэлт өргөн дэлгэрсэн билээ.Нэлээд газар эл үзэлд ташуур өгч дэмжсэн.Гэвч үзэл суртлаас ангижиртал өдий байна.Үзэл суртал бол улс төрийн дэглэм, улс төрийн соёлын аль алины легитим байдлыг хангаж өгч чаддаг.Энэ нь ялангуяа ардчилсан бус нийгмүүдэд тохиолдоно.Чөлөөт сонгууль байхгүй нөхцөлд авторитар засгийн газар өөрийн оршин тогтнолын легитим шинжийг хангаж, үйл ажиллагаагаа үндэслэлтэй болгохыг хичээнэ.Ихээхэн хүч хэрэгсэл дайчлагдсан энэ үед үзэл суртлын аюулаас сэрэмжлэхийг бид эрмэлзэж байна. Янз бүрийн үзэл санаа, онол, урсгал чиглэлүүд хоорондоо тэмцэлдэж нэг нь нөгөөгөө халан сольж шинэчлэгдэж иржээ.Гэвч улс төрийн үзэл суртал, урсгал чиглэлүүдийг хоорондоо дан тэмцэлдэж бие биеэ үгүйсгэж ээлж дараалан солигдож, завсар тасалдалтайгаар явж ирсэн мэтээр ойлговол бодит байдалд үл тохирно.Улс төрийн үзэл суртал, номлолын түүхэн хөгжлийн явцад янз бүрийн сургаалууд хоорондоо уламжлалын холбоотой байж бие биедээ харилцан нөлөөлж, нөхөн сэлбэлт явагддаг, тэгснээрээ улс төрийн үзэл суртлын бүхэл, тасралтгүй дэвшин дээшлэх чиг шугам хангагддаг ажээ.Улс төрийн шинэ онол, сургаал үүсэж боловсрохдоо огт хоосон хөрсөн дээр гэнэт ургаж бий болдоггүй ба өмнөх үеийн сургаалийн үзэл санаа, уламжлалд үндэслэж, түүний ойлголт, хэллэг, төрөл зүйл, нэр хүнд зэргийг ямар нэг хэлбэрээ ашиглан эзэмшиж уламжилдаг.Түүний зэрэгцээ тэдгээрийг шинэчилж баяжуулах замаар урагшлан хөгждөг зүй тогтолтой.Улс төрийн шинэ онол өмнөх үеийн сургаалд анхааралтай хандаж, түүний дэвшилттэй шилдэг өв сан, ололт амжилтыг өвлөн авч шинэчилж баяжуулдаг.Харин дутагдал, сул тал, цагийн аясаар хуучирч хоцрогдсон үзэл санааг нь шүүмжилж ухамсартайгаар орхидог зүй ёсны эерэг хандлага гардаг. Тухайлбал хуучин байсан үзэл суртлын шинэчлэгдсэн хувилбар болж гарч ирсэн неолиберал, неоконсерватизм, социал-демократ үзэл суртал өнөөдөр ихээхэн амжилтанд хүрээд байна.Либерал ардчилсан гэгдэх ганц нам Японд бараг 40 гаруй жил эрх барьж байна.АНУ-д Ардчилсан нам ховорхон завсарлагатайгаар 1931-1995 оны хооронд бараг 60 гаруй жил Конгрессын 2 танхимыг хянаж байлаа.70 жилийн дотор анх удаагаа 1997-1998 оны хооронд 107 дахь Конгресст Бүгд найрамдах нам 2 удаа дараалан конгрессын олонхи болсон юм.21-р зууны босгон дээр урьд нь социал-демократ, либерал, консерваторуудын хооронд ширүүн тэмцлийн шалтаг болж байсан үзэл суртал, улс төрийн чиг баримжаа ч ойртжээ.Одоо үед ардчиллын “хэмжээ хязгаар” маргааны гол сэдэв болж байна.Консерваторууд, либералууд ардчилал зөвхөн улс төрийн хүрээнд л хамаатай гэж тооцдог бол социал-демократууд ардчилал, эрх чөлөө, тэгш эрх нийгмийн бүх хүрээнд адил тархах ёстой гэж үздэг байна.Ардчилал Ойрхи дорнодод болон Африкт өдрийн од мэт байгаа бол Зүүн Европ руу ардчилал илүү чиглэсэн, Зүүн өмнөд Азид дөнгөж дэлгэрч эхэлж байна.



[1] Bernard Grick, in Defence of Politics (Baltimore,Maryland, Penguin Books, 1962).p.34

Коммунизм

Коммунист номлол бол нэг ангийн эрх ашиг, байр суурийг туйлшруулан хамгаалдаг учир үзэл суртал, харин хүн, байгаль нийгмийн хөгжлийн өргөн цар хүрээтэй асуудлыг хамаарсан зохистой мэдлэгийг өөртөө багтаадгийн хувьд шинжлэх ухааны тодорхой үнэ цэнэтэй сургаал мөн.

Энэ номлол хөгжлийнхөө явцад хэд хэдэн үе шатыг дамжин өөрчлөгдөж иржээ.Уг номлолын үндсийг тавигчид бол К.Маркс, Ф.Энгельс нар юм.Тэд өмнөх үеийнхээ нийгэм, улс төр, философийн сэтгэлгээний ололтод түшиглэж, мөн европын орнууд дахь капитализмын түүхэн хөгжил, пролетарийн хөдөлгөөний явцад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өөрсдийн онолоо боловсруулжээ.

Нийгмийн хөгжлийн тухай коммунист онолын үндсэн агуулга нь: үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны нэгдэл болсон материаллаг баялгийн үйлдвэрлэлийн арга бол нийгмийн амьдралын бүхий л үйл явцыг тодорхойлдог.Үйлдвэрлэлийн үндсэн хэрэгслийг өмчлөх хувийн өмч ноёрхсон капиталист нийгэмд үйлдвэрлэлийн нийгмийн шинж хөгжлийн явцад улам бүр өсөж, энэ нь нийгмийн үйлдвэрлэлийн үр дүнг эзэмших хувийн эзэмшил, хувийн өмчтэй эвлэршгүй зөрчилтэй болж, эцэстээ социалист хувьсгал хийж ажилчин ангийн засаглалыг тогтоон, капитализмыг устгах замаар социализмыг тогтоон коммунизмыг ялуулахад хүргэнэ.Капитализмын бүтээгдэхүүн болох пролетари анги зөвхөн өөрийнхөө хүчээр өөрийгөө чөлөөлж чадах тул энэ анги улс төрийн засгийн эрхийг байлдан авах нь түүхэн зайлшгүй шинжтэй.Капитализм бол хувийн өмч, мөлжлөгт үндэслэдэг тул шударга биш нийгэм мөн. Харин коммунизм бол бүрэн төгс энэрэнгүй нийгэм байх болно гэж коммунистууд үздэг.

Коммунист номлолыг цэгцтэй илэрхийлсэн анхны томоохон бүтээл бол К.Маркс, Ф.Энгельс нарын 1848 онд туурвисан “Коммунист намын тунхаг” зохиол юм.Тэд уг бүтээлдээ капитализмыг устган коммунизм ялах нь түүхэн жам ёсны зүй тогтолт, зайлшгүй үйл явц гэж үзжээ.К.Маркс, Ф.Энгельс нар шинжлэх ухааны социализмын тухай сургаалаа цаашид 1848-1861 оны европын хувьсгал, Парисын коммуны түүхэн туршлагад түшиглэн гүнзгийрүүлэн боловсруулсан байна.Пролетари нарын ангийн тэмцлийг зохион байгуулж удирдахад улс төрийн нам чухал үүрэгтэй бөгөөд нийгмийн хувьсгалын ялалтыг хангах, ангиудыг устгах, эцсийн зорилгод нь хүрэх явдал бол ажилчин ангийн намын түүхэн үүрэг мөн гэж К.Маркс, Ф.Энгельс нар үздэг байв.

Социалист хувьсгал бол шинэ нийгэмд хүрэх гол арга зам юм. Гэхдээ түүний ялалт нь коммунист нийгэм эдийн засгийн байгууллын эхлэл мөн. Капитализмаас коммунизмд шилжихэд шилжилтийн бүхэл бүтэн үе шаардагддаг. “Капиталист коммунист хоёр нийгмийн хооронд капитализмыг социализм болгон хувиргах хувьсгалт үе оршино.Энэ үед тохирсон улс төрийн шилжилтийн үе байх бөгөөд энэ үеийн төр нь пролетарийн хувьсгалт диктатур л байх болно." [1]

Коммунист байгууллын дээд шатны асуудлыг марксизм нэлээд авч үздэг бөгөөд үүнд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил эцэстээ коммунизмд хүргэх бөгөөд “ хүнийг хөдөлмөрийн хуваарьт зохицуулж боолчлох явдал арилснаас хойш, түүний хамт оюуны ба биеийн хөдөлмөрийн эсрэг тэсрэг байдал арилсан цагт, хөдөлмөр зөвхөн амьдралын хэрэгсэл байхаа болиод, харин өөрөө амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл болсон цагт, хүн бүр тал бүрийн боловсролтой болж хөгжихийн хамт үйлдвэрлэх хүч бас өсөн хөгжиж, нийгмийн баялгийн бүх эх булаг дүүрэн оргилон ундрах болсон цагт, коммунист нийгмийн дээд шатанд зөвхөн тэр үед хөрөнгөтний эрхийн явцуу хүрээг бүрэн давж сая болох бөгөөд нийгэм нь туг дээрээ: “хүн бүр чадварынхаа хэрээр хийж, хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авна”[2] гэж бичих болно хэмээн үздэг.Нийгмийн хөгжлийн талаарх К.Маркс, Ф.Энгельс нарын онолыг цаашид лавшруулан боловсруулсан гол хүн нь В.И.Ленин мөн гэж марксистууд үздэг.Иймд Марксизмыг үндэслэгчид ба Лениний онолын өвийг бүхэлд нь марксизм- ленинизм гэж томъёолон, түүнийг олон улсын коммунист хөдөлгөөн улс төрийн номлол, үзэл суртлаа болгон баримталж иржээ.Марксизмыг үндэслэгчид социалист хувьсгал өндөр хөгжилтэй капиталист хэд хэдэн оронд нэгэн зэрэг буюу бараг нэг зэрэг хэрэгжиж байж ялалтаа хангаж чадна хэмээн үзэж байсан бол В.И.Ленин тусгаар нэг орны хүрээнд тийм ялалт боломжтой хэмээн үзэж энэ үндэслэлээ Орос оронд хэрэгжүүлсэн юм.

Социалист хувьсгалын талаарх Лениний үндэслэл нь империализмын тухай түүний онолтой шууд холбоотой.Тэрээр капитализм хөгжлийнхөө дээд, эцсийн шат империалист шатандаа шилжин орлоо гэж үзэж байв.” Империализм бол капитализмын дээд шат, шулан сорогч,ялзарч байгаа капитализм, социалист хувьсгалын угтал мөн”[3] гэсэн дүгнэлтийг В.И.Ленин хийсэн юм.Коммунист улс төрийн номлолд В.И.Лениний оруулсан өөр нэг хувь нэмэр нь шинэ маягийн намын тухай сургаал юм.Коммунист нам бол ажилчин ангийн тэргүүний отряд, үзэл санаа нэгт хүмүүсийн улс төрийн зохион байгуулалтын дээд хэлбэр гэж тэрээр үзэж байжээ.Ийм нам социалист үзэл санааны төлөө тууштай тэмцдэг, өндөр ухамсар, зохион байгуулалттай, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, хувьсгалт дайчин байх ёстой.Түүний үндсэн үүрэг бол засгийн эрхийг гартаа авах үе шатанд ч, дараа нь социализм, коммунизм байгуулах үе шатанд ч ажилчин ангийн үзэл суртал, стратеги, тактик, улс төрийн бодлогыг боловсруулж үзэл суртал, улс төрийн аргаар удирдан чиглүүлэх ролио хэрэгжүүлэхэд оршино гэж В.И.Ленин үзсэн юм.

Коммунист номлолын өөр нэг томоохон хэсэг болох пролетарийн диктатурын тухай сургаалыг В.И.Ленин гүнзгийрүүлэн авч үзсэн.Аливаа оронд социалист хувьсгал ялсны дараа капитализмаас социализмд шилжих шилжилтийн бүхэл бүтэн үе үргэлжлэх бөгөөд тэр нь эсрэг тэсрэг ангиудыг бүрэн устгах хүртэл үргэлжилдэг.Энэ үе дуусаагүй цагт мөлжигчид хуучныг сэргээх гэж зайлшгүй горьдсоор байдаг, тэгээд энэ горьдлого нь сэргээх гэсэн оролдлого болж хувирдаг.Иймд социалист хувьсгалын ололтыг хамгаалахын тулд пролетари нар өөрийн диктатур, засаглалаа тогтоохоос өөр аргагүй.Энэ диктатурын тусламжтайгаар хөрөнгөтнүүдийн хуучин ноёрхлоо сэргээх гэсэн сонирхол, оролдлогыг няцаах ёстой.Гэхдээ пролетарийн диктатур нь энэхүү хүчирхийллийн үүргээс гадна гол нь шинэ нийгэм байгуулах үүрэг гүйцэтгэх ёстой.”Диктатур гэдэг нь шууд хүчирхийлэл дээр тулгуурласан ямар ч хуулиар баригдахгүй эрх мэдэл юм.Пролетари ангийн хувьсгалт диктатур нь байлдан олсон ажилчин ангийн хөрөнгөтнүүдэд үзүүлэх хүчирхийллээр дэмжигдсэн ямар ч хуулиар холбогдоогүй эрх мэдэл юм”[4].хэмээн В.И.Ленин зааж байжээ.Үүний хамт социализмын талаарх В.И.Лениний баримтлал Орос орны эдийн засаг нийгэм улс төрийн амьдралын өөрчлөлтийн явцад ихээхэн өөрчлөгдөж ирсэн байна .Тэрээр 1920-иод оны үеэс социализмын талаарх өмнөх төсөөлөл, онолын үндэслэлээсээ татгалзаж асуудлыг шинээр авч үзэж эхэлсэн юм.Тухайлбал, 1920-1924 онд бичсэн бүтээлүүдээ Орос орны хувьд хөгжлийн түвшин доогуур, тариачны сэтгэл зүй давамгайлж байгаа тул социализмыг шууд бүтээн бий болгох боломжгүй байна .Иймд социалист үзэл санааг хэрэгжүүлэх хөрс дэвсгэрийг капиталист харилцааг сэргээх замаар бий болгох хэрэгтэй бөгөөд энэ утгаараа социализмыг гагцхүү нийгмийн хөгжлийн өндөр түвшинтэй холбож үзэхээс өөр бололцоогүй юм гэдгийг тэмдэглэж байжээ.Гэвч уг санаагаа бүхэл бүтэн цэгцтэй үзэл баримтлал болгон хөгжүүлж амжаагүй байна.

Социализмын талаарх коммунист номлолын нэр хүнд үүнийг практик зорилтынхоо онолын үндэс болгон хэрэгжүүлж ирсэн олон оронд өнөө үед унаж байгаа нь бодит баримт юм.Энэ нь объектив, субъектив олон шалтгаан, хүчин зүйлтэй холбоотой юм.Тухайлбал, уг номлолын нэлээд баримтлал тухайн орны түүхэн тодорхой нөхцөл байдалд нийцэхгүй байгаа, мөн практик үйл ажиллагааны алдаа нь аль алины улмаас социализм байгуулах коммунист загвар олон оронд амжилт олоогүй байна. Энэ нь манай орны онол, практикийн үйл ажиллагаанд ч бас холбогдох юм.

Коммунист номлолын хамгийн гол сул тал нь нийгмийн дэвшилд хувьсгалын үүрэг, ролийг хэт дөвийлгөөд харин хувьслын ач холбогдлыг дутуу үнэлдэгт, нийгмийн олон бүлгийн үндсэн эрх ашгийг сөргүүлэн, түүхэн дэх ангиудын тэмцлийн дэвшилтэт үүргийг туйлшруулан баримталж ирсэнд тус тус оршдог.

20-р зууны сүүлийн хагаст коммунистууд Маркс, Энгельс, Лениний үзэл санааг баримтлалаа болгон, капитализмыг халж, социализмд шилжих, социализмыг байгуулах үеийн зорилтууд юу вэ? Гэдгийг орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулахад ихээхэн анхаарч ирсэн юм.Тэд коммунист нийгэм эдийн засгийн байгууллын эхний шат социализмын үед:

Эдийн засгийн салбарт: улс ардын аж ахуйг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрлэлийн үр ашгийг дэлхийн дээд түвшинд хүргэх, хөдөлмөр,үйлдвэрлэлийн нийгэмчлэлийн түвшинг улам өндөржүүлэх, хоршооллын өмчийг нийт ард түмний өмчид ойртуулах.

Нийгмийн хүрээнд: хүн бүхэнд хийсний нь хэрээр хуваарилах социалист зарчмыг чанд мөрдөх, хот, хөдөөгийн хоорондын эрс ялгааг арилгах, биеийн ба оюуны хөдөлмөрийг нягт хослуулах, нийгмийн ангигүй бүтцийг бий болгох.

Улс төрийн салбарт: төрийг удирдахад олон түмнийг аль болох өргөнөөр татан оролцуулах, сонгуулийн системийг улам боловсронгуй болгох, олон нийтийн байгууллагын ролийг дээшлүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх замаар ард түмний өөрөө удирдах социалист ёсыг дэлгэрүүлэх.

Нийгмийн оюун санааны амьдралын хүрээнд: социалист үзэл суртлыг хүмүүсийн ухамсарт батжуулж,өндөр ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх, шинжлэх ухааны ололт, соёлын үнэт зүйлсийг нийт иргэдэд хүртээмжтэй болгох хэрэгтэй гэж үзэж байв.

Ийм зорилтыг дэвшүүлэхэд хүргэсэн онолын гол баримтлал бол үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх явдал эцэстээ ангийн ялгааг арилгаж ангигүй нийгэмд шилжих бололцоог хангах чухал хүчин зүйл төдийгүй тэр нь бүр коммунист байгууллын эхний шатанд таваарын үйлдвэрлэлийг үгүйсгэдэг гэсэн марксизмыг үндэслэгчдийн үзэл юм.Коммунистууд эдгээр зорилтыг нийгмийн амьдралд хэрэгжүүлэх гэж социалист гэгдэж байсан орнуудад янз бүрээр оролдож байсан боловч нэг ч оронд бүрэн хэрэгжээгүй байна.

Эдүгээ коммунист улс төрийн номлол, түүнийг хэрэгжүүлэгч субъект олон улсын коммунист хөдөлгөөн гүн гүнзгий хямралд ороод байна.Үүний нэг нотолгоо бол урьд нь социалист гэгдэж байсан 15 орны олонхи нь социализмаас татгалзаж бас коммунист номлолын нэр хүнд капиталист орнууд, хөгжиж байгаа ард түмний дотор ихээхэн унаж, эдгээр оронд коммунистуудын төлөө сонгуулийн үед санал өгөгчдийн тоо буурч, коммунист намын гишүүдийн тоо ч бас багасах болсон юм.Гэхдээ энэ хямрал зөвхөн 70- 80 аад оны үетэй холбогдохгүй бөгөөд түүний уг сурвалж бүр 1920-иод оноос тавигдсан гэж олон судлаач үздэг юм.Энэхүү хямрал нь эдүгээ коммунист хөдөлгөөний зорилго, онол, улс төрийн бодлого,стратеги, тактик, зохион байгуулалтын бүтэц зэргийг бүхэлд нь хамарч байна.Иймээс ч уг хямралыг гэтлэн давж онолын үндэслэл ба практик үйл ажиллагаагаа бүхэлд нь, орчин үеийн дэлхий дахины хөгжлийн бодит байдал, төлөв хандлагад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.

Орчин үед коммунист онол, номлолыг шинэчлэх хандлага нь Маркс, Лениний социализмыг албан ёсоор баримталсан хэвээрээ байгаа орнуудад хүртэл бий болсон байна.Тийм онолын шинэчлэлийн үүднээс коммунист номлол дахь онол улс төрийн олон баримтлалаас ил, далд, татгалзах хандлага илрэх боллоо.Тухайлбал:

- Социалист хувьсгал бол дэлхийн нэгдмэл үйл явц мөн гэдэг үндэслэлээс,

- Социализм капитализм хоёр үндсээрээ эсрэг тухай, социализмын хэмжээлшгүй давуу тал, капитализмын гарцаагүй мөхлийн тухай номлолоос ,

- Марксизм- Ленинизм бол бүхнийг мэдэж, бүхэнд хариу өгч чадах цорын ганц сургаал мэт суртал нэвтрүүлгээс,

- Нийгмийн шударга ёс бол зөвхөн нийгмийн өмч тогтон ноёрхсон үед бололцоотой гэсэн үзлээс ,

- Түүхийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь зөвхөн ангийн тэмцэл байдаг гэсэн үндэслэлээс тус тус ямар нэг хэмжээгээр татгалзаж байна.

Гэхдээ коммунист номлолд коммунист нам бүхэн ийм байдлаар хандахгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй юм.Коммунист сонгодог номлолд үнэнч нам, хүч, хүмүүс дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн бүс нутагт өнөөдөр ч цөөнгүй байна.Түүгээр ч барахгүй коммунист диктатурыг сэргээх гэсэн оролдлого ч гарч байгаа юм.

Ийнхүү коммунист улс төрийн номлол нийгмийн хөгжлийн явцад хувьсан өөрчлөгдөж, янз бүрийн улс орны хүрээнд өнөөдөр ч харилцан адилгүй үнэлэгдэж, түүнд хандах хандлага, шинэчлэх чиглэл ч мөн янз бүр байна. 20-р зуун эсрэг тэсрэг нийгэм улс төрийн хоёр системийн өрсөлдөөн сөргөлдөөний зуун байсан бөгөөд Оросын их хувьсгалаар эхэлсэн ангийн тэмцэл 20-р зууныг “хувьсгалын зуун” болгожээ.Коммунист нийгмийн загвар нь нарийн бүтэцтэй нийгмүүдийн хөгжлийн нөхцөлд таарахгүй, өөрийн алдаа дутагдал дээр системтэй суурилах чадваргүй ба иргэдийг өөрөөсөө маш их хэмжээгээр хөндийрүүлсэн нь түүнийг онол ба практик дээр унагасан юм. Октябрийн хувьсгалаас хойш хүйтэн дайныг дуусталхи 70 гаруй жилийн хугацаанд нийгмийн 53 хувьсгал гарч эдгээрийн 42 нь ялалтад хүрч, 11 нь ялагдал хүлээжээ. Сталин, Лениний үүсгэсэн хувьсгалын их үйл хэрэг иргэний дайнд хүргэж ахар богино хугацаанд Оросын 13 сая хүний амь аван оджээ.Түүний дараагаар КГБ-ийн шорон бөөнөөр хорих лагерь, колони цөллөгт 20 сая хүн ардын амийг авч, оросын сэхээтний давхарга бараг устжээ.Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржүүлэлт явагдаж дэлхийн хамгийн ядуу хоцрогдсон орныг тэргүүний гүрэн болгож чаджээ.Дэлхийн 2-р дайнд орос орон 30 сая иргэнийхээ алтан амийг өргөжээ.Орос орон өөрийгөө тойруулсан 14 улсыг нэгтгэж 250 сая хүн ардыг захирч байснаа дайны дараа дахин 11 улсыг дагуулаа болгож социалист лагерь байгуулан 1.5 тэрбум хүн ардыг улаан тугийн дор нэгтгэжээ.Гэтэл энэ их алдар гавъяа нь ялагдлын хөрсийг буй болгосоор тэр нь тэлсээр тэлсээр вертикал иерархи системийг нураасан юм.Улмаар Берлиний хана нурж, Варшавын гэрээ хүчингүй болж, СССР өөрөө задарсан байна. Дэлхийн ДНБ-ий өсөлтөд СССР-ийн эзлэх жин 1980 онд 21% хүрч байсан бол одоо ОХУ-ын эзлэх жин дөнгөж 1%-тай байгаа бөгөөд уг үзүүлэлтээрээ Тайваний дараа 17-рт орж байна.



1Маркс К, Энгельс Ф, Түүвэр зохиол, 3-р боть, 28 дахь тал

[2] Маркс К, Энгельс Ф,Түүвэр зохиол, 3-р боть, 20 дахь тал

[3] В.И.Ленин .,Арван хоёр боть түүвэр зохиол, 7-р боть, 338-441 дэх тал

[4] Ленин.В.И, Пролетарийн хувьсгал ба урвагч Каутский (ЗБЭ, 37-р боть 245х)

Фашизм

Либерализм, консерватизм, коммунизмыг бодвол фашизм арьсны үзэл, үндсэрхэг үзлийг дээгүүр тавьдагаараа ялгаатай.Италийн болон Германы фашизм нь 20-р зууны 20-иод онд Өрнөд Европын нийгэм эдийн засгийн гүн хямралын үед үүсчээ.Түүнийг үндэслэгч нь Италийн социал-демократ намын зүүн жигүүрийн удирдагч Б.Муссолинни(1883-1943), Германы үндэсний социалист намын удирдагч А.Гитлер(18891945) нар юм.Энэ үед хүн амын амьжиргааны түвшин нэлэнхүйдээ доройтсон, ажилгүйдэл газар авсан байлаа.Мөн нийгмийн оюун санаа ч гэсэн доройтож маргиналь болон люмпен бүлэг, давхаргын тоо эрс олширсон нь хэт харгис фашист үзлийг хүлээн авахад хүргэжээ. Фашист хөдөлгөөний гол хөдөлгөгч хүч нь ямагт хүн амын маргинал, люмпен бүлэг байсан.Тэдгээрийн үндсэн сонирхол нь өөрсдийн нөхцөл байдлыг эрс өөрчлөн сайжруулах зорилготой юм.Фашизмын тогтоосон улс төрийн үзэл суртлын хэмжүүрт дараах зүйл ордог:

- Үндэстний эрх ашгийг дээдэлж, төрийн зүгээс нийгмийн болон хувийн амьдралыг чанд хатуу хянаж байх ёстой гэж үздэг.

- Төрд, хувь хүн, нийгмийн бүлэг үг дуугүй захирагдах учиртай гэсэн зарчим баримталдаг.

- Засаг хуваах болон олон янзын үзэл баримтлалыг фашизм үл тэвчдэг байна

- “үндэстний шүтээн” бологч ер бусны увдистай аугаа удирдагч нь төр, улсын гол засаглагч болдог

- Өөрийн үндэстэн нь дээд үнэт зүйлд тооцогдож бусад ард түмнээс давуу учир түүнээс дээгүүр байж илүү эрх дарх эдлэх учиртай хэмээн номлодог.

Ялангуяа 1914-1918 оны дэлхийн 1-р дайнд ялагдсаны улмаас Германы ард түмэн ихээхэн дарлал, доромжлол амссан нь үндсэрхэг үзэл эрс сэргэхэд хүргэсэн юм.Италийн фашизм ба национал-социализмын хооронд ялгаа бий.Италийн фашистууд Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээхийг зорьж байсан бол Германчууд Ари үндэстний ноёрхлыг тогтоохыг оролдож байв.

А.Гитлер олон түмний өмнө хэлсэн үгэндээ “бид бусад арьстнаас бүх талаараа давуу, дээгүүр гаралтай учраас ари үндэстний ноёрхлыг л тогтоох ёстой.Үүний тулд бусад дорд ард түмнийг шахан зайлуулж, бүх соёл иргэншлийг нь устгах хэрэгтэй” гэж мэдэгдэж байлаа. Доогуур үндэстэн, бага ястны амьдрах орон зайг хумиж эсвэл хоморголон устгаснаар тэд өөрсдийгөө жаргаах нөхцөлийг хангана хэмээн фашизм үздэг юм.Хойд Европын ард түмэн гэгдэх арий үндэстэн цорын ганц “соёл түгээгч” мэтээр национал-социализмын үзэл сурталд тусгасан байдаг.Этатизм, фюрериз, расизм, тоталитар дэглэм, гадаад түрэмгийллийн улс төр, үзэл суртлын үндэс болдог байна.Дэвшилтэд хүн төрөлхтөн фашист үзэл суртлыг түгэн дэлгэрч хэрэгжихэд саад болох учиртай.

Германы фашизм үүсч хөгжихөд “ дорно зүг рүү амьдрах орон зайгаа өргөтгөн", “арьстны цэвэр байдлыг хадгалах”, “хүнсний хэрэгцээх нэмэгдүүлэх” зэрэг үзэл санаа дөхөм болжээ.Шинэ нийгмийг байгуулах тухай коммунист ба фашист үзэл суртлын зарчим нь нэлээд төстэй.Тухайлбал, нийгмийн гишүүд бүгд нэг үзэл сурталд захирагдах, нэг анги юм уу арьстан бусдыг ноёрхох, улс төрийн тогтворт байдлыг хангах, нийгмийн хувьсгал хийхийн тулд хүчирхийллийн арга хэрэглэхийг зөвтгөдөг зэрэг нь коммунизм ба фашизмын аль алинд нь байдаг юм.

20- р зуунд хүн төрөлхтөнд нөхөж баршгүй уй гашуу, сүйрлийг фашизм авчирсан билээ.Нийгмийн хөдөлгөөн, улс төрийн үзэл суртлын хувьд 20-р зууны 20-30-аад оны үед төлөвшиж, дэлхийн хоёрдугаар дайнд цэрэг улс төрийн болон ёс суртахууны ялагдал хүлээжээ.Дайны дараа неофашист хэлбэрт хувилж өнөөдөр ч гэсэн зарим нэг оронд оршин, түгшүүр төрүүлсээр байна.Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын германчууд 12 сая хүнийг гарал үүсэл, шашин шүтлэг болон бусад шинжээс нь хамаарч системтэйгээр хомроглон устгах үйл ажиллагаа явуулж амь насыг нь хохироосон юм.Энэ нь гол төлөв нацистын эцсийн шийдлийн хүрээнд хийгдсэн еврей үндэстний хувьд яригдах боловч хохирогч нар еврей үндэстнээр хязгаарлагдахгүй олон католик, санваартан, ижил хүйстэн зэрэг хүмүүс өртсөн юм.