среда, 16 марта 2011 г.

Бүгд найрамдах Грек Улсын Үндсэн хууль, улс төр /товчхон/

Бүгд Найрамдах Грек Улс
         Грекийн албан ёсны нэр нь Hellenic Republic буюу Грекийн Бүгд Найрамдах Улс бөгөөд Монгол улстай 1967 оны 03 сарын 03нд дипломат харилцаа тогтоожээ. Парламентийн засаглалтай улс бөгөөд албан ёсны хэл нь Грек хэл юм. Грек нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших Зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Македон, Болгар улстай зүүн талдаа Турк улстай хиллэдэг. Зүүн өмнөд талд нь Эгийн тэнгис, баруун талд нь Ионийн тэнгис хүрээлэн оршдог байна. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Османы эзэнт гүрэн 15-р зууны эхээр Грекийн засаглалын эрхийг авсан бөгөөд 1921 онд эхэлсэн хувьсгалын үр дүнд тусгаар тогтнож 1930 оны 2сарын3нд Лондоны Протоколоор хүлээн зөвшөөрөгджээ. Грект ардчилал, барууны философи, Олимпийн тоглолт, барууны утга зохиол, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ. Нийт газар нутгийн хэмжээ нь 131,957 км2 бөгөөд 1/5 нь маш олон жижиг арлаас бүрддэг байна. Хүн амын хувьд томоохон хотуудад нилээд төвлөрсөн бөгөөд нийт хүн амын 61% нь Афин, Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг хотуудад оршин суудаг байна. Хүн амын 94% нь грекийн Ортодокс шашин шүтдэг байна. Хүн амын дундаж наслалт нь 79 бөгөөд, бичиг үсэг тайлагдалт 97.7%-тай байдаг. Аялал жуулчлал болон усан тээвэр нь Грекийн эдийн засгийн гол хөшүүрэг болдог бөгөөд грекийн худалдааны боомт нь дэлхийн хамгийн том боомтуудын нэг юм. Үндэсний нийт бүтээгдэхүүн нь 2008 оны байдлаар $412.521 тэрбум байна.
          Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-ийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.

1. Үндсэн хуульт ёсны хөгжлийн түүх
    Грек нь Балканы хойгийн бусад орнуудтай /Серби, Болгар, Румин, Албани/ харьцуулахад парламентын ардчилалын туршлага арай илүү гэж хэлж болно. Учир нь түүхийн турш улс төрийн амьдрал нь гажуудаж байсан ч парламентын уламжлал, улс төрийн системийг ерөнхийд нь хадгалж ирсэн байна. Грекийн үндсэн хуульт ёсны хөгжлийг дараах байдлаар авч үзэж болох юм. Үүнд:

1. Грекийн тусгаарт тогтнолын төлөөх хувьсгалын үе:
Энэ үед грекийн үндэстнийг төлөөлсөн хувьсгалчдын улс төрийн байгуулал болох грекийн үндэсний ассамблаас 1822, 1823, 1827 онуудад нийт гурван хууль гаргасан байна. Эдгээр хуулиудад 1793, 1795 оны Францын үндсэн хуулиуд болон “Хүн ба Иргэний эрхийн тунхаглал” ихээхэн тусгагдсан байна.

2. Хэмжээгүй эрхт хаант засгаас Үндсэн хуульт хаант засаглал руу шилжсэн үе:
1832 онд Үндэсний Ассеблаас “Манлайлах” гэсэн нэртэй үндсэн хуулийг баталсан байна. Улмаар Баварийн хаан 1-р Людовикийн хүү Отто Грекийн Хаан болсноор хэмжээгүй эрхт хаант засаг тогтжээ. Отто хаан 10 гаруй жилийн турш ямар нэг хуулийн хязгаарлалтгүйгээр засаглалыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1943.9.3 нд Хааны ордны өмнө явган цэргийн хурандаа Dimitrios Kallergis болон хувьсгалын удирдагч Ioannis Makriyannis-р удирдуулсан эсэргүүцэгчид цуглаж хааны ордны өмнө жагсаал хийж үндсэн хуулийг хүлээн зөвшөөрхийг шаардсан байна. Улмаар 1844 онд шинэ үндсэн хуулийг баталж Төлөөлөгчдийн танхим болон Сенатаас бүрдсэн хоёр танхимтай парламентыг байгуулж үндсэн хуульт хаант засаглал тогтсон байна. Үүний дараагаар олон нийтийн бослого гарч Данийн хунтайж Джорж Грекийн хаан болсон байна. Тэрээр 1863-с 1913 он хүртэл хаан ширээнд суусан бөгөөд түүний эзэнт улс 1974 онд хаант засаглалыг унагах хүртэл оршин байсан юм. Үүний дараагаар 1864 онд илүү либерал шинжтэй, үндсэн хуульт хаант засаглалыг бэхжүүлсэн үндсэн хуулийг баталж парламентаризмын зарчмуудыг тунхаглаж, ихээхэн шинэчлэл хийсэн байна. Улмаар Парламентын төлөөлөгчдийн дунд нэр хүндтэй шинэ лидерүүд бий болж 1911 онд үндсэн хуулийг шинээр батлахад санал зөрөлдсний улмаас Афинд төвийг сахигчид, Салоникид бүгд найрамдахчууд тус тус засгийн газар байгуулсан байна.

3. Грекийн хоёрдугаар бүгд найрамдах улс ба Шинэчлэлийн үе:
1924 онд бүх ард түмний санал асуулгын дүнд Бүгд найрамдах засаглалын хэлбэрийг сонгож 1925 онд дахин үндсэн хуулийг баталсан. Үүний дараагаар 1927 онд дахин үндсэн хууль баталж БНУ-ын ерөнхийлөгчийг Сенат болон Парламентаас шууд сонгох болжээ. Хэдий тийм боловч энэхүү хууль нь улс төрийн эмх замбараагүй байдлаас болж төдийлөн хэрэгжиж чадахгүй байсан учир 1935 онд ард нийтийн санал асуулга явуулж дахин үндсэн хуульт хаант засаглалыг тогтоожээ.

4. Дэлхийн 2-р дайны дараах Грекийн Вант улс
Дэлхийн 2-р дайны үеэр грек улс итали, германы түрэмгийлэгчдэд эзлэгджээ. 1946 оны бүх нийтийн санал асуулгаар Жорж хаан дахин сонгогдсон байна. Энэ үед 1948, 1952 онуудад гарсан үндсэн хуулинд хүний эрхийг хязгаарлаж, коммунист намыг хууль бус хэмээн зарлаж гишүүд, дэмжигчдийг болон ард иргэдийг улс төрийн хэргээр хорих болсон байна. Ийм учраас грект иргэний дайн бий болсон байна.

5. Хурандаа нарын дарангуйлал:
1967.4.21нд баруун жигүүрийн офицерууд ялж грект хурандаа нарын дарангуйлал тогтсон байна. Тэд 2-р Константин хааныг алахыг оролдсон нь бүтэлгүйтэж, түүнийг эх орноос нь хүчээр гаргажээ. Иймд Афин хууль ёсны засгийн газаргүй, төрийн тэргүүнгүй болсон учир Хувьсгалын зөвлөл / Pattakos, Papadopoulos, Makarezos / цэргийн захиргааны гишүүн болох хошууч генерал Georgios Zoitakis-тай тохиролцож түүнийг засаг баригч болгоод Papadopoulos ерөнхий сайд болсон байна. Тэгээд 1968 оны үндсэн хуулиар Константин хааныг албан ёсоор төрийн тэргүүнд хэвээр үлдээж, грекийг вант улс болгожээ. Papadopoulos улс орныг ардчилсан хэв маягаар удирдаж 1973.7.29нд бүх нийтийн санал хураалтыг хүчингүй болгож өөрийгөө БНУ-ын Ерөнхийлөгч гэж зарлаж Ерөнхийлөгчийн БНУ-ыг байгуулсан байна. Гэвч 1973.11.25нд Papadopoulos эрх мэдэл дуусч цэргийн удирдлагад улс орон орсон боловч 1974 оны 10 сард цэргийн дарангуйлалыг түлхэн унагасан байна.

6. Грекийн 3-р Бүгд Найрамдах Улс
Цэргийн дарангуйлалын үед гарсан 1968, 1973, оны үндсэн хуулиудыг хүчингүй болгож төрийн хэлбэрийг сонгох, өөрөөр хэлбэл хаант засаглалыг сонгох эсэх шаардлага гарч ирсэн ба 1974.12.13нд бүх нийтийн санал хураалт явуулж хаант засгийг унагасан байна. 1975 онд Парламентаас шинэ үндсэн хуулий баталж Ерөнхийлөгчийн, Парламентын ардчилсан дэглэмийг байгуулсан байна. Энэ хуулинд 1985 онд засвар хийж, ахин 2001 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНУ-ын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжсээр байгаа юм.

2. Үндсэн хуулийн бүтэц:
Грекийн Бүгд Найрамдах улсын хамгийн сүүлд батлагдсан Үндсэн хууль нь 4 бүлэг, 120 зүйлтэй байна. Үндсэн хууль нь:
1. Оршил хэсэг
2. Үндсэн хэсэг
3. Төгсгөл хэсэг гэсэн ерөнхий бүтэцтэй байна.

Оршил хэсэгт нь эхний бүлэгийг багтааж үзэж болно. Нэгдүгээр бүлэгт
• Засаглалын хэлбэр
• Төр болон сүмийн хоорондын харилцааны талаар тодорхой заасан байдаг бөгөөд эдгээр нь тунхаглалын шинжтэй байдаг байна.
Нэгдүгээр зүйлд: Грек нь засаглалын хэлбэрийн хувьд Парламентын Бүгд Найрамдах Улс байна гэж заажээ. Мөн засаглалын эрх мэдэл ард түмний гарт байна. Бүхий л засаглалын эрх мэдэл ард түмнээс гарч, ард түмэн үндэстний төлөө оршино гэж заасан байна.
Хоёрдугаар зүйлд: хүн төрөлхтний үнэт зүйлсийг хүндэтгэж хамгаалах нь улс орны тэргүүн үүрэг мөн. Грек улс нь олон улсын хууль дүрмийг дээдэлж, энх тайван, шударга ёсыг бэхжүүлж улс орнууд болон ард түмний хоорондох найрсаг харилцааг бэхжүүлхийн төлөө зорих болно гэж заасан байна.
Төр болон сүм хийдийн харилцааг зохицуулсан 3-р зүйлд: Грек нь шашин шүтлэгийн хувьд Христийн үнэн алдартны шашин давамгайлсан байх бөгөөд энэ нь хүний өөрийн хүссэн шашинг шүтэх эрх чөлөөнд харшлахгүй гэж заасан байна. Шашны байгууллага нь улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд төр шашны харилцаа нь тусгай хуулиар зохицуулагддаг байна.
Үндсэн хэсэгт нь 2, 3-р бүлэг багтдаг. 2-р бүлэгт хувь хүний болон нийгмийн эрхийн тухай заасан байна. 2-р бүлэгт /4-25-р зүйл/ : Грек хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй байна. Грекийн нутаг дэвсгэр дээр амьдарч буй хүн бүр амь нас, нэр төр, эрх эрх чөлөөгөө хамгаалуулах эрхтэй бөгөөд арьс өнгө, хэл соёл болон нийгмийн гарлын байдал, улс төрийн үзэл бодлын хувьд ялгаварлагдан гадуурхагдах ёсгүй гэж заасан байна. Мөн зөвхөн грекийн иргэн л олон нийтийн байгууллагад сонгогдох эрхтэй гэж заажээ.
Харин 3-р бүлэг /26-105-р зүйл/ нь төрийн үүрэг, үйл ажиллагаа болон зохион байгуулалтын талаар зааж өгсөн байдаг. Энэ бүлэгт засаглал хуваах зарчмыг үндсэн хуулиар баталгаажуулж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг хэрэгжүүлэгч субектыг тодорхой зааж, тэдгээртэй холбогдох асуудлыг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байна.Үүнд:
• Төрийн байгууламжын тухай
• Хууль тогтоох эрх мэдлийг парламент болон бүгд найрамдах улсын ерөнхийлөгч хэрэгжүүлнэ.
• Гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч болон засгийн газар хэрэгжүүлнэ.
• Шүүх эрх мэдлийг грекийн ард түмний нэрийн өмнөөс шүүх хэрэгжүүлнэ гэж заажээ.
• Ерөнхийлөгчийн эрх мэдэл, үүрэг болон сонгуулийн тухай тодорхой заасан байна.
• Парламентын гишүүдийн эрх, үүрэг, сонгууль, Парламентын бүтэц, үүрэг
• Засгийн газрын бүтэц, үүрэг, Парламент болон ЗГ-ын харилцаа,
• Шүүх засаглал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид болон албан хаагчдын тухай
• Засаг захиргааны зохион байгуулалт болон захиргааны нэгжүүдийн статусын тухай заасан байна.

Төгсгөл хэсэгт: нь 4-р бүлэг бөгөөд үүнд үндсэн хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа, түр зуурын хуулийн заалтууд болон үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заасан байдаг байна. Байгаль болон улс төр, нийгэм эдийн засгийн онцгой нөхцөл байдалд ард иргэд, улс орны эрх ашигийг хамгаалах зорилгоор гаргах онцгой хууль, түр зуурын хуулийн тухай заасан байна.

3. Төрийн бүрэн эрхт байдал:
Төрийн бүрэн эрхт байдал нь тухайн улсын ард түмэн нийгэм, улс төрийн байгууллаа өөрсдөө сонгон буй болгох, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг эзэгнэн хамгаалах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэх нийлбэр цогцоос бүрддэг. Грекийн ард түмэн 1974 оны 2 сард бүх ард түмний санал асуулгын үр дүнд бүгд найрамдах улсын төлөө шийдвэр төгс санал өгчээ. Үүний үр дүнд ардчилсан сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагыг байгуулж, хяналт тавих эрхийг үндсэн хуулиар баталгаажуулсан байна. Мөн парламентын нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналгүйгээр улс орны хилийг өөрчлөхийг хориглоно. Мөн парламентын дийлэнх олонхийн саналгүйгээр гадаад улсын цэргийн хүчнийг улсын хил нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, байршуулхыг хориглоно гэж төрийн халдашгүй дархан байдал, бүрэн эрхт байдлыг үндсэн хуулиар баталгаажуулсан байна. Түүнчлэн грекийн албан ёсны хэл нь грек хэл байна гэж заасан нь төрийн бүрэн эрхт байдлыг баталгаажуулж байгаа бас нэгэн заалт юм.

4. Сонгуулийн тогтолцоо:
Үндсэн хуулийн 3-р бүлэг болох Төрийн байгууламж болон үйл ажиллагаа гэсэн бүлэгт Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгуулийн талаар тодорхой заасан байдаг.
Ерөнхийлөгчийн сонгууль:
үндсэн хуулийн 31-р зүйлд: грекийн ерөнхийлөгчийн сонгуульд грекийн иргэн бөгөөд сүүлийн 5 жил эх орондоо амьдарсан, 40 нас хүрсэн хүн өрсөлдөх эрхтэй гэж заасан байна. ерөнхийлөгч нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй бөгөөд 5 жилийн хугацаатайгаар сонгогддог. Ерөнхийлөгчид дахин нэг л удаа сонгогдох эрхтэй. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлдэг байна. Мөн дайны нөхцөлд байдалд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дайн дуустал сунгадаг. Албан үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусахаас 1 сарын өмнө УИХ-н дарга Парламентыг зарлан хуралдуулж Ерөнхийлөгчийг сонгох боломж дараах нөхцөлд бүрэлдэнэ. Үүнд:
Хэрэв ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд. Тухайлбал албан тушаалаасаа өөрийн саналаар огцрох, нас барах, үндсэн хуулийн дагуу албан тушаалаас нь огцруулсан тохиолдолд, өмнөх ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусхаас 10 хоногийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох хурлыг зарлан хуралдуулдаг байна.
Парламентын нийт гишүүдийн 2/3 саналыг авсан хүн ерөнхийлөгчөөр сонгогддог байна. Хэрэв санал 2/3 хүрэхгүй бол санал хураалтыг 5 өдрийн дараа дахин явуулна. 2 дахь санал хураалт 2/3 хүрэхгүй бол 5 өдрийн дараа санал хураалтыг дахин нэг удаа явуулна. 3 дахь удаагийн санал хураалтаар 3/5 санал авч чадсан хүн ерөнхийлөгчөөр сонгогдоно. Хэрэв 3 дахь санал хураалт үр дүнгүй болвол парламент санал хураалтыг цуцалж 30 өдрийн дотор дахин санал хураалтыг явуулж 3/5, эсвэл дийлэнх олонхи /151/ санал авсан хүнийг сонгоно. Тэгээд үр дүнд хүрэхгүй бол энгийн олонхийн санал авсан хүн ерөнхийлөгчөөр сонгогддог байна.
Хамгийн сүүлд 2005.3.12нд Karolos Papoulias эхний санал хураалтаар ерөнхийлөгч болсон байна.
Хууль тогтоох байгууллагын сонгууль:
. Сонгууль нь орон даяар нэг зэрэг явагдах бөгөөд гадаад суугаа иргэдийн сонгуулийг тусгай хуулиар зохицуулдаг байна. Мөн хуулиар заагдсан санал өгөх насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, ял шийтгэл эдэлж байгаа гэсэн заалтаас бусад тохиолдолд хүний санал өгөх эрхийг зөрчиж болохгүй гэж заасан байна. Үндсэн хуулийн дагуу 18 насанд хүрсэн грекийн иргэн бүр санал өгөх эрхтэй.
Үндсэн хуулийн 51-р зүйлд Парламентын гишүүд санал өгөх эрхтэй бүх нийтийн, шууд, нууц санал хураалтаар сонгогдоно гэж заасан байдаг. 25 нас хүрсэн Грекийн иргэн сонгогдох эрхтэй. Грекийн Парламент нь 300 гишүүнтэй бөгөөд 4 жилийн хугацаатайгаар 56 тойрогт пропорциональ системээр сонгогддог байна. 48 тойрог нь олон мандаттай, 8 тойрог нь ганц мандаттай байдаг. 300 суудлын 288 нь сонгогчдын саналаар шийдэгддэг. Үлдсэн 12 суудал нь пропорциональ системээр нам тус бүрийн нийт авсан саналаар харгалзан суудлыг хуваарилдаг байна. Сонгуулийн хуулиар 1 нам суудал авахын тулд орон даяар 3%-н санал авах ёстой. Грекийн сонгуулийн тойрог нь уламжлалт ёсоороо олон мандаттай байдаг бөгөөд мандатын тоог арван жилд нэг удаа явагддаг хүн амын тооллогын үр дүнг харгалзан үзэж тогтоодог. Иймд томоохон хотууд олон тойрогтой байдаг байна. Тухайлбал: Афин хот нь А, В гэсэн хоёр тойрогтой байдаг учир нь нийт сонгогчдын 15% нь энд байдаг учир эндээс 42 гишүүн сонгогддог байна. Санал хураалтыг бүтэн сайн өдөр сургуулийн байрууд дээр авдаг байна. Сонгууль нь ажиглагчид болон орон нутгийн шүүхийн холбооны хяналт дор явагдана. Сонгууль өглөө 7цагаас эхлэх бөгөөд оройн 8 цагт дуусдаг боловч зарим онцгой тохиолдолд шүүгчдийн саналаар зарим тойрогт хугацааг сунгаж болдог байна. Сонгогч бүр өөрийн ID карттай байдаг ба санал өгөхдөө тухайн намын жагсаалт дээрх нэр дэвшигчийн өмнө тэмдэглэгээ хийж, саналын хайрцагт хийгээд ID картаа авдаг байна. Тооллого дуусаны дараа лацдаад Дотоод хэргийн яамны Сонгуулийн Ерөнхий Хороонд явуулна. Тэнд маргаантай саналын хуудсыг дахин хэлэлцэж шийдвэрлэдэг байна. Үүний дараа дахин хэлэлцээд шийдвэрлэгдээгүй асуудлыг Сонгуулийн шүүх зарлан хуралдуулж эцэслэн шийдвэрлэнэ. Мөн Сонгуулийн шүүх Парламентын гишүүн нас барах, огцорсон тохиолдолд дахин хуралдаж тэр гишүүний оронд хэн байхыг шийдвэрлэнэ. Грект ахин сонгууль явуулдаггүй харин намын жагсаалтанд санал хураалтаар тухайн нэр дэвшигчийн дараа орсон хүн гишүүн болдог байна.
2007 онд болсон Парламентын сонгуулиар Шинэ Демократ нам 152 суудал авч олонхи болсон бөгөөд намын дарга Костас Караманлис Ерөнхий сайд болсон байна. Пан Грекийн Социалист хөдөлгөөн 102 суудал авсан байна. Коммунист нам 22 суудал авч Зүүний Радикал намын эвсэл 14 суудал авсан байна.

5. Төрийн билэг тэмдэг
Төрийн далбаа: Грек улсын одоо хэрэглэгдэж байгаа төрийн далбааг 1978.12.22нд Парламентаас баталжээ.
төрийн далбаа нь 2:3 хэмжээтэй байх ба 9 хөндлөн судалтай байх бөгөөд хөх, цагаан өнгө ээлжилсэн байна. Зүүн дээд өнцөгт дөрвөлжин хөх талбай дээр цагаан огтлолцсон нэмэх тэмдэг хэлбэртэй дүрс байна.
төрийн далбааг иргэний энгийн зориулалтаар хэрэглэхээс гадна улсын, дайны далбаа болгож хэрэглэнэ. Харин тэнгист иргэний зориулалтаар болон улсын, дайны дарцаг болгож ашиглана.
Энэхүү судалтай далбаа нь эртний грекийн армийн дайны туг байсан бөгөөд 1822 оноос хувьсгалчид хэрэглэж байжээ. Тухайн үед зөвхөн хуурай газар хэрэглэгдэж байсан бөгөөд 1978 онд албан ёсоор төрийн далбаа болгосноор Грекийн төрийн бүх байгууллагуудад байрлуулах болсон байна.
Төрийн далбааны билэгдэл нь хувьсгалчдын хэрэглэж байсан урианы үгийн үеийг илэрхийлдэг гэж үздэг байна. Энэхүү уриа нь “ Эрх чөлөөгүй бол Үхэл” гэсэн байдаг бөгөөд Грекчүүд 400 гаруй жил харийн дарангуйлалд байсан учир 1930 онд тусгаар тогтнолоо олж авсан нь асар их үнээр олдсон учир эрх чөлөөг маш их дээдэлдэг байна. Иймд энэхүү уриа нь улс орных нь уриа болсон байдаг. Харин зүүн дээд өнцөгт байрлах тэмдэг нь Грекийн Үнэн алдартны сүмийн сүлд байсан бөгөөд хувьсгалын үед үнэн алдартны сүм грекчүүд өөрсдийн соёлын өвөрмөц онцлогийг хадгалж үлдэхэд тусалж, өв уламжлал, зан заншил, үндэстний ерөнхий хэв шинжийг хадгалж үлдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ийм учраас төрий далбаанд сүмийн сүлдийг оруулсан нь Грекийн ард түмэн Үнэн алдартны сүмд сүсэг бишрэлтэй байж, хүндэтгэлтэй хандана гэсэн утга санааг илэрхийлж байдаг байна.
Төрийн дуулал: Грекийн яруу найрагч Дионсиос Соломос 1823 онд “Эрх чөлөөний дуулал” нэртэй 158 дөрвөн мөрт шүлгийг бичсэн байна. 1865 онд энэхүү шүлгийн эхний 24 дөрвөн мөрт шүлгийг Грекийн төрийн дуулал болгож баталсан байна. Төрийн дуулалыг тугийг мандуулах, буулгах, хуулинд заасан бусад тохиолдолд эгшиглүүлэх тухай заасан байдаг байна.
Энэхүү магтаалд Соломос Грекийг эрх чөлөөтэй холбон магтсан байдаг бөгөөд эхний 2 хэсэг нь грекийн ард түмэн эрх чөлөөтэй мэндчилж байгаа утгатай байдаг.
Бид таныг эртнээс мэднэ
Ай гайхамшигт сэргэн мандалт
Таны нүднээс цацрах гэрэл
Таны илднээс цацрах гэрлээр
Бидний устгаж оршуулсан газраас
Та эр зоригийн хүчээр ялан дийлсэн
Бид тантай ахин мэндчилж байна
Мэндчилье Эрх чөлөө, Мэндчилье

6. Төрийн Эрх мэдэл хуваарилалт
Үндсэн хуулийн 3-р бүлэг болох Төрийн зохион байгуулалт, үүрэг гэсэн бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтын талаар зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл 26-р зүйлд:
26.1 хууль тогтоох эрх мэдлийг парламент болон БНУ-ын Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ.
26.2 гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч болон засгийн газар хэрэгжүүлнэ.
26.3 шүүх эрх мэдлийг грекийн ард түмний нэрийн өмнөөс шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байна.
Мөн дээрх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн эрх мэдэл, үүрэг, хариуцлагын талаар 3-р бүлэгт тодорхой зааж өгчээ. 36-р зүйлд: ерөнхийлөгч нь олон улсад улс орноо төлөөлнө, дайн зарлах, энх тайван, холбоонд нэгдэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох асуудлыг шийднэ. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Парламентаас санал болгосноор төрийн албан хаагчдыг томилох ба түдгэлзүүлнэ гэж заажээ.
Засгийн газар нь ерөнхий сайд болон бусад сайд нараас бүрдэх бөгөөд засгийн газрын гишүүн нь парламентын гишүүн байж болохгүй. Кабинетын гишүүдийг ерөнхий сайдын санал болгосноор ерөнхийлөгч томилох бөгөөд энэ нь ёс төдий байдаг. Засгийн газар Парламентын өмнө хариуцлага хүлээнэ.
Харин шүүх нь хараат бус байх ба зөвхөн үндсэн хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.Иргэний, эрүүгийн, захиргааны шүүх гэж хуваагдана. Шүүгчид болон шүүхийн албан хаагчдыг Шүүхийн Зөвлөлөөс санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байна.

7. Үндсэн хуулийн хяналт
Үндсэн хуулийн хяналтыг Онц дээд шүүх хэрэгжүүлдэг. Үндсэн хуулийн 100-р зүйлд онц дээд шүүхийн эрх, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тодорхой заасан байна. Онц дээд шүүхийн бүрэлдэхүүнд захиргааны дээд шүүхийн ерөнхий шүүгч, эрүү болон иргэний шүүхийн ерөнхий шүүгч, аудитын шүүхийн ерөнхий шүүгч, захиргааны дээд шүүхийн 4 гишүүн, эрүү болон иргэний шүүхийн 4 гишүүн байх бөгөөд 2 жилийн хугацаатай сонгогдоно гэж заасан байна. Онц дээд шүүхийн даргаар нь Захиргааны дээд шүүхийн ерөнхий шүүгч, эрүү, иргэний дээд шүүхийн ерөнхий шүүгчийн аль ахмад настай нь томилогдоно. Зарим тохиолдолд онц дээд шүүхийн бүрэлдэхүүнд 2 хуулийн пропессорыг сонгодог. Онц дээд шүүх нь парламентын сонгуулийн маргаан, ард түмний санал асуулгын үр дүн, шүүх ба засгийн газрын хоорондох маргааныг шийдвэрлэдэг. Мөн Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаа үндсэн хуулинд нийцэж буй эсэх болон шүүхийн байгууллага болон төрийн байгууллагуудын хоорондын маргааны талаар шийдвэр гаргадаг. Онц дээд шүүхийн шийдвэр нь эцсийнх байх бөгөөд гарсан даруйдаа хүчин төгөлдөр хэрэгждэг. Онц дээд шүүх дээрх үүргээ биелүүлэхдээ үндсэн хуулинд захирагдана гэж заасан байна. Онц дээд шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, албан тушаалтныг томилох, түдгэлзүүлэх нь онцгой хуулийн дагуу зохицуулагдана гэж заасан байна.

8. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт
үндсэн хуулийн 110-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар заасан байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх, засварлах эрхийг Парламент эдлэх боловч Засаглалын хэлбэр, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хуулийн заалтыг өөрчлөхийг хориглосон байна. Парламентын 50-с багагүй гишүүний санал болгосноор Парламентын нийт гишүүдийн олонхи 3/5 нь дэмжвэл нэмэлт өөрчлөлт хийх шийдвэрийг гаргадаг байна. Хэрэв санал хоёр хуваагдвал хуулийн зүйлд өөрчлөлт оруулах тухай санал нь дараачийн парламентад шилжинэ. Тэрхүү Парламент 50% дээр нэмэх 1 саналаар хуульд нэмэлт өөрчлөлт хийх боломжтой. Парламентын шийдвэрээр үндсэн хуулийн ямар заалтад, ямар өөрчлөлт хийх талаар тодорхой заасан байна. Хуулийн зүйлд өөрчлөлт хийснээс хойш 5 жилийн турш тухайн асуудлыг дахин авч хэлэлцэж болохгүй.

9. Төрийн байгууламж
Грек улс нь Парламентын засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс юм. Иймд нутаг дэвсгэр нь засаг захиргааны нэгжид хуваагддаг. Грек нь 50 засаг захиргааны нэгжтэй. Мөн өөртөө засах эрхтэй 20 сүмээс бүрддэг лам нарын бүгд найрамдах улс Mount Athos байдаг. Үндсэн хуулийн 101-р зүйлд засаг захиргааны зохион байгуулалтын талаар заасан байна. Улсын засаг захиргааны нэгжийг засаг захиргааны удирдлагын зарчмаар байгуулна. Улс орны захиргааны хувиар нь газар зүй, эдийн засаг, нийгмийн болон дэд бүтцийн нөхцөл байдлыг харгалзан байгуулагддаг. Орон нутгийн захирагч нь өөрийн засаг захиргааны нэгжийн хүрээнд төв байгууллагын хяналт, зохицуулалтаар хуулийн дагуу шийдвэр гаргах бүрэн эрхтэй байдаг. Орон нутгийн удирдлага нь бүх нийтийн, нууц санал хураалтаар сонгогдоно. Төрөөс орон нутгийн захиргааны үйл ажиллагааны эрх чөлөө, санаачлагыг зөрчихгүйгээр хянаж байдаг.
Мөн үндсэн хуулинд орон нутгийн захиргаа, албан хаагчдын статус, үүрэг, үйл ажиллагааг заасан байна. Төрийн албан хаагчид нь төрөөс гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлэгч бөгөөд үндсэн хуулийн дагуу шударга байж, эх орондоо үнэнчээр зүтгэж ард түмэнд үйлчилнэ гэж заажээ.
10. Эдийн засгийн тогтолцооны үндсэн хуулийн үндэс:
2006 оны байдлаар грекийн нийт ажилчид нь 5.196.000 хүн байсан бөгөөд 59% нь эрэгтэйчүүд байна. Үйлчилгээний салбар, аялал жуулчлалтай холбоотой ажилд нийт ажилчдын 65% нь ажиллаж байна. Хөдөө аж ахуйд 12% нь, аж үйлдвэрт 22% нь ажиллаж байгаа бөгөөд ажилгүйдэл 10.2% тай байна.
Нийгмийн энх тайвныг бэхжүүлэх, нийтийн сонирхлыг хангахын тулд төрөөс улс орны эдийн засгийн үйл ажиллагааг үндэсний эдийн засгийн бүх салбарын тогтвортой хөгжлийг хамгаалахыг зорилго болгож зохицуулна гэж Үндсэн хуулийн 4-р бүлгийн онцгой хуулийн зүйл гэсэн хэсэгт заажээ. Үндсэн хуулийн 106-р зүйлд: үндэсний баялгийн эх сурвалж болох агаар мандал дахь, газар доорх, усан доор хадгалагдаж буй орон нутгийн хөгжлийг хангах ялангуяа уулархаг, арлын, хилийн газар нутгийн баялаг нь төрийн баялаг мөн гэж заасан байна. Мөн хувийн аж ахуйн санаачлага нь үндэсний эдийн засагт хохирол учруулхыг хориглоно. Хуулинд хориглосоноос бусад тохиолдолд аж ахуйн субъектууд чөлөөт өрсөлдөөний үндсэн дээр бие даан ажиллаж, хөгжих боломжийг хангана гэж заасан байна.

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?