понедельник, 18 апреля 2011 г.

вестминстрийн загвар

Вестминстрийн загвар:

Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Нидерланд болон Швед зэрэг Скандинавын зарим орнууд өрийн хэмжээгээ багасгах, татварын дарамтыг хөнгөлөх, төсөв санхүүгийн зөв бодлого, төрийн захиргааны ил тод, шуурхай, хариуцлагатай тогтолцоог бий болгох арга замыг эрэлхийлж, өөр өөрийн улсын салбартаа 1970-аад оны сүүлчээс өөр өөрийн өнгө аястай шинэчлэл хийж эхэлсэн юм. Сүүлийн үеийн хөгжлийн хандлагыг аваад үзвэл төрийн захиргааны шинэчлэл нь “Улсын салбарын шинэ удирдлага” (New public management - NPM) нэрийн дор олон нийтлэг асуудлыг өөртөө багтаан нэг голдиролд орон хөгжиж байна.[1] Эдгээр нийтлэг талууд нь:

· Мэргэшсэн бөгөөд хариуцлагад тулгуурласан удирдлагыг чиг баримжаа болгох

· Ажлын үр дүнг хэмжих болон хянах арга хэрэгслийг бий болгох

· Захиргааны нэгжүүдийг бий даалгах болон төвлөрсөн биш бүтэц бий болгох хандлага

· Өрсөлдөөний сэтгэлгээг хүчтэй болгох

· Үйлдвэрийн эдийн засгийн аргыг нэвтрүүлэх замаар санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох

· Улсын салбарын боловсон хүчний бодлогыг ажлын амжилт, үр дүнд чиглүүлэх зэрэг юм.

УСШУ-ын гол зорилго нь захиргааны үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээг иргэдэд ойртуулж тэдний эрэлт хэрэгцээг хангах, стратегийн удирдлагын чадавхийг хүчтэй болгох замаар улс төрийн “залуур”-ыг сайжруулах, захиргааны үйл ажиллагааг улам ил тод нээлттэй болгох, үүрэг хариуцлагыг шилжүүлэх замаар захиргааны ажилтнуудын ажиллахад бэлэн байдал, хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх зэрэг юм.

Их Британий шинэчлэл:

Их Британий шинэчлэлийг Ерөнхий сайд асан хатагтай Маргарет Тэчер (Margaret Thatcher) 1979 оноос санаачилж Засгийн газрын удирдах чадварыг сайжруулах, улсын салбарын үр ашгийг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулсан байна. М.Тэчер “Захиргааны байгууллагуудыг жил бүр заавал нэг удаа хянаж шалгаж байх хэрэгтэй” гэж үзэж байв. Үүний зорилго нь нэгд, иргэд улсад төлсөн татварынхаа төлөө авч байгаа үйлчилгээний үр дүн, хоёрт, захиргааны зүгээс хэрэглэгчид, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, шуурхай байдал, гуравт, удирдлагын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд байгууллагын бүтэц, үйл явц зэрэг талуудыг нарийн судалж үзэхэд чиглэж байв.[2] М.Тэчерийн шинэчлэлийн зорилго нь улс төрийн ерөнхий чиг хандлага ба стандартуудыг тогтоож шаардлагатай нөөц хэрэгслүүдийг бэлэн байлгадаг цомхон төр бий болгох явдал байлаа. Шинэчлэлийн хүрээнд олон аж ахуйн нэгжүүдийг дахин хувьчилсан байна. Юуны өмнө зардал бууруулахыг эрмэлзжээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зах зээлийн харьцуулалтууд хийх шаардлагатай болсон байна. Захиргааны зүгээс үзүүлж байгаа үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллага ямар зардлаар хэрэгжүүлэхийг мэдхийн тулд тухайлбал, тендер зарлах замаар үнийн стандарт тогтоож авчээ. Ийм байдлаар ажиллахад 20% хэмнэлт гаргаж байсан. Засгийн газраас үйлчилгээний хөтөлбөрийн стандартуудыг боловсруулсан нь барих гол тулгуур болсон аж. Түүнчлэн “Маркет тестинг” буюу үйлчилгээг хувьчилж зах зээлийн өрсөлдөөнийг нэвтрүүлэх оролдлогууд амжилттай хийгдэж эхэлжээ.[3]

Шинэчлэлийн бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь төвлөрлийг сааруулах асуудал байв. Энэ ажлын хүрээнд 1985 оны 8 дугаар сар гэхэд төрийн түвшинд нийт 108 агентлаг байгуулагдан, тэнд төрийн албаны (civil service) боловсон хүчний 60% нь ажиллаж байжээ. Яамдыг гүйцэтгэх ажлаас чөлөөлөхийн тулд эдгээр агентлагуудыг байгуулсан бөгөөд энд хуучин яамдын нийт боловсон хүчний 75% нь, үлдсэн 25% нь яамдад бодлого боловсруулах үндсэн үүрэгтэй ажиллаж байжээ. Их Британийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний 50 орчим хувь нь л хэрэгжсэн байна. Учир нь зарим арга хэмжээг улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн учраас зогсоосон буюу хэрэгжүүлэхээ больжээ.

Шинэ Зеландын шинэчлэл:

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэчлэлийг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа ганц орон бол Шинэ Зеланд юм. Төрийн захиргааны шинэчлэлийн тухай ярихад л Шинэ Зеланд гэж дурсагддагийн учир нь тус улс төсвийн санхүүжилтийн тогтолцоогоо боловсронгуй болгох зорилтоо эдийн засагтаа хийсэн бусад шинэчлэлтэй уялдуулан, хэрэгжүүлэх хугацаанд сонгуулиар Засгийн газар нь солигдож байсан хэдий ч бодлогын залгамж чанараа хадгалан бие биенээ үгүйсгэлгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадсанд оршиж байгаа юм.[4] Шинэ Зеланд улсын салбарынхаа шинэчлэлд хувийн хэвшлийн менежментийн арга техникийг бүхэлд нь хэрэглэж, улсын мэдэлд байсан ажил үйлчилгээг хувьчлах буюу хувийн болон ашгийн бус байгууллагуудад шилжүүлэх замаар аж ахуйн байгууллагуудын бүтцийн зохион байгуулалтыг нэвтрүүлсэн байна. Шинэчлэлийн гол зорилго нь улсын салбарын зардлыг багасгахад чиглэжээ. Шинэ Зеландын туршлагыг дараагийн зүйлд дэлгэрэнгүй авч үзэх учир энд гол санааг товч дурьдлаа.



[1] Ш.Батсүх Улсын салбарын шинэ удирдлаг.УБ., 2009

[2] Ш.Батсүх Улсын салбарын шинэ удирдлаг.УБ., 2009

[3] Ч.Сосормаа Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу.УБ.,2008

[4] Б.Намхайжанцан Улсын салбарын шинэ удирдлага буюу төрийн захиргааны шинэтгэл. Шинэ толь.1999/25

1 комментарий:

  1. Маш их баярлалаа ном нь олдохгүй зовж байлаа их тус боллоо амжилт хүсье

    ОтветитьУдалить

сайн уу?